Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 76 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр төр, засгаас алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил дэлхий нийтээр тархсан шинэ короновирусын халдварын нөхцөл байдалтай уялдуулан хүндэтгэл ёслолын арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ-аас алтан мөрдэстнүүдэд чиглэсэн зохион байгуулалтын олон арга хэмжээг төлөвлөж, бэлтгэл ажлаа бүрэн хангасан ч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулах боломжгүй болсон юм.
Одоогоос 76 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Энэ цагаас хойш 185 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор өдгөө 91 нь энх тунх байна. Үүнээс 27 нь төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагадаа үүргээ гүйцэтгээд ажиллаж байна. Генерал цолтнууд дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 41 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10, БНМАУ-ын төрийн тэргүүн 1, УИХ (АИХ)-ын гишүүн (депутат) 69, төрийн сайд 20, цэргийн дипломат 31 генерал цолтон байдаг ажээ. Энэ тоо баримт нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэх юм. Өнөөдөр хамгийн өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо. 96 настай. Өдгөө энх тунх байгаа ганцхан хурандаа генерал билээ.
Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг үе үеийн алтан мөрдэст генералууддаа мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд “Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж яваа Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болон бэлтгэл, чөлөөнд буй генералууд Та бүхэндээ “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг Монгол Улсын ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Өдгөөгөөс 76 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд “ГЕНЕРАЛ” хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгосноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн Та бүхнээр бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг тань үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг билээ.
Генерал цолтнууд Та бүхэн удирдан зохион байгуулах авьяас билиг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, үлгэрлэл, манлайллаараа тэргүүлэгчид бөгөөд төр, түмнийхээ энэ их хүндэтгэлийг нэр төртэй дааж яваа цэрэг эрс гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэх учиртай билээ.
Өнөөдөр Та бүхний залгамж халаа болсон цэрэг дайчид дэлхийн халуун цэгт ур чадвараараа гайхагдан, улс орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөрч, бүтээлчээрээ шалгаран тодорч байгаа бол энх цагийн эгэл баатрууд маань аюул осол, хэрэг зөрчлөөс ард түмнээ хамгаалах, авран тэтгэх ариун үйлсээ нэр төртэй гүйцэтгэж байгааг дуулгахдаа баяртай байна.
Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын оргил нь болон гялалзсан алтан мөрдэст эрхэм генералууд Та бүхэндээ урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе” гэжээ.