Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Орхон голын дагуу хяналт шалгалт хийжээ. Энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд дөрвөн төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавьжээ. Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.