Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Статистикийн салбарын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны хуралдаанаар Үндэсний Статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа тус хорооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайланг гишүүдэд урьдчилж хүргүүлсэн учир 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа онцолж товчхон танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа, Үндэсний статистикийн хороо нь 2019 онд мэдээллийн технологийг ашиглан төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангуудыг уялдуулах, сангуудын мэдээллийг тулгах ажлыг хийсэн. Үүний үр дүнд мэдээллийн зөрүүтэй байдал арилж, албан ёсны статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдал сайжирсан. Түүнчлэн статистикийн мэдээлэл цуглуулах шат дамжлага цөөрч, давхардалгүй болж, мэдээлэл боловсруулах хугацаа богиносож, хэрэглээ ашиглалт нэмэгдэж байна. Тооллого, судалгаа мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд зориулж 17 программ шинээр бичиж, 22 программд нэмэлт засвар, өөрчлөлт хийсэн. Статистикийн байгууллагын дэд бүтэц болох “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон “Бизнес регистрийн мэдээллийн сан”-г төрийн бусад мэдээллийн сангуудтай тулган шалгаж, зөрүүг арилгаж шинэчиллээ.

Байнга өөрчлөгдөж буй мэдээллийн хэрэгцээг бүрэн хангах, олон улсын жишигт нийцсэн, чанартай статистикийг хөгжүүлэхэд анхаарч, олон улсад нийтлэг мөрдөгдөж буй статистикийн арга зүйг судалж, үндэсний онцлогт тохируулан боловсруулж байна.

Мэдээлэл тархаалтын систем буюу статистикийн мэдээллийн нэгдсэн сан, статистикийн аргачлал арга зүйн мэдээллийн сан, тооллого, судалгааны каталог, тооллогын мэдээллийн сан, хүн ам зүйн үндэсний атлас зэрэг системүүдийг ашиглан тархаалтын бүтээгдэхүүнийг бэлтгэн гаргаж, хэрэглэгчдэд сурталчлан таниулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, байгууллагын цахим хуудас www.nso.mn, 1900-1212 лавлах утас зэрэг харилцааны хэрэгслээр хэрэглэгчдэд үйлчилж байна. Түүнчлэн 2019 онд хоёр талт болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийг зохицуулах зэргээр гадаад харилцаагаа хөгжүүллээ. Мөн донор болон хөгжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааг статистикийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлэн ажиллав. Статистикийн чиглэлээр гадаад, дотоодод зохион байгуулсан 113 сургалт, семинарт төв, орон нутгийн болон төрийн бусад байгууллагуудын давхардсан тоогоор 956 ажилтныг хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлснийг онцоллоо.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд Үндэсний статистикийн хороог боломжийн түвшинд, сайн ажиллаж байгаа талаар тэмдэглэн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *