Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа, холбоо мэдээлэл, технологийн газартай хамтран ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийн системүүдийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбож, хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт”-ыг цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс болон төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс олгож эхэллээ.
Ингэснээр өмнө нь иргэд ял шийтгэлийн лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авдаг байсан бол тус нэгжээс гадна төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн оператор, e-mongolia.mn сайтаар хандаж цахимаар өөрийн лавлагаагаа авах боломж бүрдээд байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь “Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа”-г сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөхөөр заасан байдаг.
Цагдаагийн байгууллагаас нэр дэвшигчдийн ял эдэлж байгаа болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх үнэн зөв лавлагаа олгох зорилгоор Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран богино хугацаанд мэдээлэл солилцох, лавлагааны бодит байдлыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.
Ийнхүү нэр дэвшигчдэд олгох дээрх хоёр төрлийн лавлагааг 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас олгож эхлээд байна.