Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

“Коронавируст халдварын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” УИХ-ын тогтоол боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж ажилласан юм. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа.


-Банкны системд шинэчлэл хийж, нээлттэй, ил тод, болгох тухай яригдаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ асуудал УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнуудаас бүрдсэн ажлын дэд хэсгийн хүрээнд боловсруулагдаж, УИХ-ын удирдлагад танилцуулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газрын санал ирсний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийднэ. Банкны шинэчлэлийн хүрээнд гурван гол асуудлыг авч үзэж байгаа. 1.Эрүүл, найдвартай, ил тод, олон нийтийн хяналттай, харил-цагчдадаа хүртээмжтэй, банкны тогтолцоог бүрдүүлэх. 2.Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны зохистой удирдалгын тогтолцоог бүрдүүлэх. 3.Цахим банкны үйл ажиллагааг өргөжүүлж, төрөлжсөн цахим банкууд бий болгох асуудлууд багтана.

-Яагаад банкны шинэчлэлийг ярих болов. Манайд банкны тогтолцоонд засаж залруулах асуудал их байна уу?

-Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлд засч залруулах, шинэчлэх, дэлхийн жишигт нийцүүлэх маш олон асуудлууд хуримтлагдсан байна. Банкуудын 2020 оны хоёр сарын тайланд тусгагдсанаас үзвэл нийт актив нь 35.1 их наяд төгрөг. Өр төлбөр нь 32.1 их наяд төгрөг. Өөрийн хөрөнгө нь 3.0 их наяд төгрөг байна. Банкны өөрийн хөрөнгийн хэмжээ бага байх нь зээлийн хэмжээг хязгаарлаж, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсдэг. Иймээс банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд тавих шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэх нь чухал боллоо. Энэ шаардлагад нийцсэн арга хэмжээг шат дараалалтай, дунд хугацаанд хэрэгжүүлж чадвал банкны салбарын эрсдэл даах болон санхүүгийн зуучлалыг үр ашигтай гүйцэтгэх чадвар нь сайжирч, мөнгөний бодлогын үр нөлөө нэмэгдэн хөгжилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг дотоодоос бүрдүүлэх боломж бүрдэнэ.

-Хувьцаа эзэмшлийн төвлөрөлийг бууруулж, банкийг нээлттэй хувьцаат компани болгох талаар ямар асуудал яригдаж байна вэ?

-Өнөөдөр манай ул-сад 13 арилжааны банк Хязгаарлагдмал хариуц-лагатай компани (ХХК)-ийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкууд дунджаар 1-6 хувь нийлүүлэгчтэй, хамгийн өндөр хувь эзэмшиж буй эхний гурван хувьцаа эзэмшигч нь тухайн банкныхаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшдэг буруу практик тогтсон байна. Салбарын томоохон дөрвөн банкны хувьд энэ үзүүлэлт 93.1-100 хувь байгаа бол бусад ихэнх банкуудад энэ үзүүлэлт 89-100 хувь байна. Хувьцааны төвлөрөл өндөр байгаа нь банкны бодлого,шийдвэрт цөөн хүн нөлөөлөл үзүүлэх боломж бүрддэг. Өнгөрсөн хугацаанд төлбөрийн чадвар нь алдагдсан бүх банкуудад хувьцаа эзэмшигч, ТУЗ,гүйцэтгэх удирдалгын чиг үүрэг хамгийн том хувьцаа эзэмшигч нэг этгээдэд төвлөрч,бүх шийдвэрийг дангаар гаргаж,эрсдэлд оруулж ирсэн нь тогтоогдсон байдаг.Банкны өмчлөл,удирдлага,хяналтын тэнцвэрт байдлыг хангах үүднээс гадаадын ихэнх орнуудад банкны хуулийн этгээдийн хэлбэрийг тусгайлан зохицуулж, Хувьцаат компани /ХК/ байх, нэг хувьцаа эзэмшигчид зөвшөөрөх эзэмшлийн дээд хэмжээг тогтоож, хязгаарлах жишиг тогтсон байдаг. Энэ жишгийн дагуу судалгаа хийж, банкууд дахь хувьцааны төвлөрөлийг бууруулах, олон нийтэд арилжаалж нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

-Хувьцааны төвлөрлийг бууруулснаар ямар үр дүнд хүрнэ гэж төлөвлөж байна?

-Төвлөрлийг бууруулж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж болох эрх зүйн орчин бүрдсэнээр, Нэгдүгээрт Банк өөрийн хөрөнгөө богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой болно. Хоёрдугаарт, Олон нийтийн хяналттай болж, банкны засаглал, шинэчлэлийн үр дүн сайжирна. Гуравдугаарт, Банкуудын хувьцаа арилжаалагдаж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж, арилжаа идэвхжин хөгжлийг дэмжих бодлого хэрэгжихэд түлхэц үзүүлж, хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авч санхүүгийн зах зээлийн хөгжилд олон эерэг өөрчлөлт авч ирнэ. Судалгаагаар банкинд цөөн хүний эзэмшлийн төвлөрөл үүсэх тусам банкны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, илүү эрсдэлтэй стратеги, үйл ажиллагааг эрхлэх хандлагатай болж төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг бууруулдаг. Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, шинэ хөрөнгө оруулагчдаар дамжуулан банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулан эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлэх, банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, банкин дахь олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шаардлага үүсээд байна. Эдгээр шаардлагуудыг бодит ажил болгож чадвал банкны салбарын цаашдын хөгжил, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмэр дээшилнэ.

-Банкны зээлийн хүүг бууруулах асуудал их яригддаг ч дорвитой буурсангүй. Шалтгаан нь юу вэ?

-Улс орны хөгжилд Хөгжлийн оновчтой бодлого, түүний гүйцэтгэлийн аудитыг хариуцлагатай хийж, алдааг засах, ололтыг дэмжих төрийн зохицуулалтууд шаардлагатай байдаг. Манайд төрийн зохицуулалтыг зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж орхисноос хөгжил мухардалд орж, ард иргэдийн амьдрал доройтон, баян хоосны эрс ялгаа үүссэн. Зээлийн хүү өндөр байдаг нь зээл гэдэг бүтээгдэхүүний өртгийг бид өөрснөө өндөр болгосон. Яагаад гэвэл ХХК-ийн зарчмаар байгуулагдсан олон банкууд хадгаламжид өндөр хүү амлан бие биенээсээ өрсөж, уралдаж авснаас зээлийн өртгийг нэмэгдүүлсэн. Хадгаламжийг өндөр хүүтэй авсан нь зээлийн хүүг өндөр болгож,хөрөнгийн захын хөгжлийг давхар боомилсон. Монголд хөрөн-гийн зах хөгжихгүй байгаа олон шалтгаануудын нэгэнд банкуудын амласан өндөр хүүтэй хадгаламж нөлөөлж байгаа нь үнэн.

-Тэгвэл хэрхэх вэ?

-Зээлийн хүүг 2018-2023 онуудад бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд, нэгдүгээрт, хадгаламж, зээлийн хүү буурах макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэхэд чиглэсэн харилцан уялдаатай бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Хоёрдугаарт, бодлогын хүүний дамжих нөлөөг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байна. Гуравдугаарт, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэх, засаглалаа сайжруулахад чиглэсэн олон ажлууд хийгдэх ёстой.Энэ ажил хийгдэж байгаа. Цаашид ч үргэлжлээд хийгдэнэ.

-Банкнаас бусад салбарыг хөгжүүлэх чиглэлээр юу хийгдэх вэ?

-Банкны бус салбарын хөгжил Монгол Улсын хөгжилд өндөр ач холбогдолтой. Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байна. Энэ ажлыг удирдлага зохион байгуулалтын өндөр хэмжээнд хэрэгжүүлж хамрах хүрээг өргөжүүлж, цахим үйл ажиллагааг хөгжүүлэх,эрсдэлийг бууруулах чиглэлд сайн ажиллах шаардлагатай.

-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үү?

-Манай гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар болж өссөн сайн үзүүлэлт. Коронавирустэй холбогдож импорт багасч байгаа боловч гадаад валютын эрэлт буурахгүй байгааг холбогдох газрууд судалж үзэх шаардлагатай. Минийхээр гадаад зах дээр гаргасан манай бондуудын үр өгөөж нэмэгдэж, түүний худалдан авалт манай талаас нэмэгдсэн тоо,статистик байна. Үүнийг буруу гэж үзэхгүй. Гэхдээ эерэг, сөрөг нөлөөлөлийг тооцож ажиллах шаардлагатай. Засгийн газрын “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай. Коронавирусийн дараахь эдийн засгийн сэргэлтийг дэмжих, үүсэх эрэлтийг хангах хүрээнд Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг одоо авах шаардлагатай. Алт олборлогч ААН-үүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, шаардлагатай бол санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад эх хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, шийдвэр гаргах эрхийг Монголбанкинд олгох, эрх зүйн түр зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн. Энэ чиглэлээр тодорхой санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *