УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа, УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, “IV сарын 30-нд Сөүл, V сарын 2-нд Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд өмнө нь тавьж байсан шаардлагаа тавина. Тухайлбал, гаднаас ирэх иргэд 48 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Тусгай нислэгт нэн түрүүнд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хүндэтгэх шалтгаантай иргэдийг бүртгэнэ. Мөн V сард ард иргэдийг хамруулсан коронавирустэй тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, дадлага сургуулилтыг хийнэ. Дадлага сургуулилтыг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна. Ингэхдээ ард иргэдийг гэртээ гэрийн дэглэм хэрхэн сахих чиглэлд сургуулилт зохион байгуулна” гэлээ.