Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал ирэх тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Хурлын дараа Э.Бат-Үүл сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрээр “Шүүх хурал тавдугаар сарын 13-ныг хүртэл хойшиллоо. Миний зүгээс үүнд харамсч байна. Яагаад гэхээр шүүх хурлууд цаг хугацаандаа явагдаж асуудлаа хурдан шийдмээр байгаа юм. Шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна. Хамгийн гол нь АТГ, прокурорын зүгээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль зөрчиж, хэт нэг талыг барьсан. Ноцтой нь иргэн биднийг хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гэдэг ч өөрсдөө нийгмийн тархийг угааж биднийг гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулаад байна. Тиймээс шүүх хурал ил тод явах ёстой” гэлээ.