Categories
мэдээ нийгэм

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд энэ сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ.Шалгалтын хүрээнд дээрх хүрэн баавгайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас энэ оны нэгдүгээр сард хууль бусаар агнаж, түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж борлуулах зорилгоор хадгалж байсан бөгөөд гэмт хэргийг иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.

Хүрэнбаавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, Хүрэн баавгайн 8 ширхэг савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Хүрэн баавгай нь Монгол орны ховор амьтдын нэгд тооцогддог бөгөөд баавгайнхны овогт багтдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар Олон Улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” гэж үнэлэгдсэн. Мөн хүрэн баавгайг Засгийн газрын 2012 оны VII тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн байдаг.

Түүнчлэн Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон Улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэсэн юм. Үүнээс гадна хүрэн баавгайн тархац нутгийн 21 хувь орчим нь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагддаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *