Хөвсгөл аймагт өвөлжөөний хашаа, төлийн пүнз шатсаны улмаас малчин айл хурга, ишгээ алдсан харамсалтай үйл явдал болжээ.
Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Шувуутын-Ам” гэдэг газарт тус багийн харьяат малчин Б-ын өвөлжөөний хашаа, төлийн хоёр пүнз, 38 хурга, 21 ишиг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 17:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 14-ний өдрийн 09:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Орон нутгийн 12 иргэн, гурван автомашинтай зургаан цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга З.Батдорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Өндрөөс аврах:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Ногоон хотхон” хорооллын 103 дугаар таван давхар байрны дээврээс эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 14-ний өдрийн 15:48 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын таван алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 15:51 цагт очиж, 5 минут ажиллаж, тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн М /21 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Сураггүй алга болсон мэдээлэл:
Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Давааны-Ар” гэдэг газарт тус багийн харьяат малчин Ц /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 23:00 цагийн орчим ээж Ш-аас гэр рүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай мэдээллийг 14-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан байна.
Орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай 04.13-ны өдрийн 23:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг сумын ЗДТГ-ын дарга Р.Бадрах аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.