УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар Засгийн газараас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сапбарын сайд, дарга нарт даалгасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3,000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3,500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/12 дугаар тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу 1 тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон.
Иймээс сайжруулсан шахмал түлшийг “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд сайжруулсан шахмал түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт хураан авч төвлөрүүлж байгаагүй, шинээр авч эхэлж байгаа тул төсвийн орлогод нөлөө үзүүлэхгүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа тодотгов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэхдээ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газраас хийсэн хамгийн үр дүнтэй ажил нь түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглож улмаар олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, утааг багасгаж, хүлэмжийн хийг бодитойгоор бууруулж чадсан. Иймд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн явцад төслийн зарим агуулгыг засч, сайжруулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн.