Categories
мэдээ нийгэм

ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ 800.0 САЯАС 3.0 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨССӨН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ НАРИЙВЧЛАН ШАЛГАЖ БАЙНА

АТГ-ын “Олон нийтийн төв” нээлтээ хийлээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд мэдүүлгийн цахим систем ашиглан 800.0 сая төгрөгөөс 3.0 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянав. Үүний үндсэн дээр ХОМ-т бүртгүүлсэн орлого нь хууль ёсны эсэх, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, тэдгээрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгуулахаар Татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлээд байна. Тухайлбал, мэдүүлэг гаргагч Б нь нэр бүхий ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг, улмаар мэдүүлгийн “Орлого” хэсэгт уг компанийн үйл ажиллагааны орлого 2018 онд 2,428,179,400 төгрөг, 2019 онд 3,169,350,050 төгрөг гэж тус тус мэдүүлсэн байна.

Өмнөх онд мөн дээрх үндэслэлийн дагуу АТГ-аас нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран зарим мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн иж бүрэн шалгалтыг явуулж хамтран ажилласан. Хамтарсан шалгалтыг явуулснаар ХОМ гаргагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна нийтийн албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж Татварын байгууллагад тайлан, мэдээгээ үнэн зөв бодитой тайлагнах, цаашлаад авлигатай тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болж байгаа юм.

Цаашид Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн байдлыг илрүүлэхэд Татварын ерөнхий газар болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтран хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хууль бусаар орлого олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй зөрчил, гэмт хэргийг илрүүлэхэд анхаарч, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг хураах зэргээр хуульд заасан чиг үүргийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *