Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

БЛОКЧЭЙН СИСТЕМ БОЛОН КРИПТОВАЛЮТЫН ДАВУУ ТАЛ БА ЭРСДЭЛ

Криптовалют нь блокчэйн технологид тулгуурлан бүтээсэн цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагчгүй оршиж байдаг цахим валют юм. Криптовалют бусад цахим, виртуал хөрөнгөөс ялгарах дараах шинжийг агуулна:

1. Талууд мэдээлэл, криптовалютын шилжүүлгийг дундын зуучлагчгүй шууд солилцдог. /Peer-to-peer/

2. Мэдээлэллийн урсгал нь зохицуулагчгүй, төвлөрсөн бус системтэй, дэлхий даяар тархсан сервер компьютер дээр хадгалагддаг.

риптовалютыг хуурамчаар шинээр бий болгох боломжгүй. Учир нь тоо үсгийн нууцлалтай мэдээлэл буюу шифрлэсэн байдгаас гадна бүх мэдээлэл нь дэлхий даяар сервер компьютеруудад хадгалагддаг тул цахим халдлагаар хулгайлах боломжгүй. Тус валютыг анх зах зээл дээр санал болгон гаргахдаа тодорхой тоон хэмжээ тогтоодог ба тэдгээрийг компьютер болон тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан зориулалтын программ хангамжийн тусламжтайгаар олборлох /mining/ байдлаар эзэмшдэг. Мөн тус үйл явц нь тухайн криптовалютын арилжааг хянаж баталгаажуулдаг нь түүний онцлог давуу тал юм.

Биткойн бол анхны блокчэйн технологи дээр суурилан бүтээгдсэн криптовалют юм. Одоогоор буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны байдлаар дэлхий дахинд нийтдээ 2466 криптовалют бүртгэгдэн олон улсын арилжааны платформууд дээр арилжаалагдаж байна. Нийт криптовалютын зах зээлийн багтаамж 177.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд үүнээс биткойн нийт зах зээлийн 65 орчим хувь буюу 115.2 тэрбум ам.долларыг дангаараа эзэлдэг. Өдөрт биткойноор ойролцоогоор 335 мянган гүйлгээ хийгддэг гэсэн тооцоо бий.

Криптовалютын данс нээхэд маш хялбар бөгөөд ямар ч данс эзэмшигчийн талаарх мэдээллийг баталгаажуулахыг шаарддаггүй. Нээсний дараа эзэмшигчид public address буюу олон нийтэд ил тод байдаг биткойн хаяг болон хувийн түлхүүр /private key/ өгдөг. Тус дансыг эзэмшиж байгаа гэсэн баталгаа нь хувийн түлхүүр юм. Тус түлхүүрийг алдсан тохиолдолд биткойны сүлжээнд ямар ч эзэмшигчийн нотолгоогүй болох бөгөөд ингэснээр тухайн зооснуудыг ашиглах боломжгүй болох юм.

Криптовалютын эрсдэл

Криптовалютын данс нээхэд хялбар, эзэмшигчийн талаарх мэдээллийг баталгаажуулахыг шаарддаггүйгээс гадна тус салбарт их хэмжээний мөнгө эргэлддэг тул гэмт хэрэгтнүүд криптовалют, тэр тусмаа биткойн ашиглан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг.

Криптовалютыг фиат мөнгө буюу бодит улс орнуудын Засгийн газраас гаргаж буй мөнгөн хөрөнгөд шилжүүлэх цор ганц боломж нь криптовалютын арилжаа эрхлэгч болон Крипто-АТМ нар юм. Тэдгээрийн зарим нь хууль ёсны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн харилцагчийг таньж мэдэх, мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сул улсад бүртгэлтэй, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй “саарал” буюу далд криптовалютын арилжаа эрхлэгч нараар дамжуулж гэмт этгээдүүд Крипто-АТМ-ыг ашиглах эрсдэлтэй байдаг. Тухайлбал, дэлхийд нийтдээ 7262 крипто-АТМ бүртгэлтэй байдгаас Монгол Улсад нэг байдаг байна.

Хэдийгээр криптовалютын эзэмшигчдийн дансны дугаар /public address/ нь олон нийтэд ил тод байдаг ч түүний эцсийн өмчлөгчийг хувийн түлхүүр /private key/-ээр тогтоодог тул хүндрэлтэй байдаг.

өн гэмт этгээдүүд хууль бус фиат мөнгөн хөрөнгийг криптовалютад шилжүүлсний дараагаар тэдгээр нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр, шилжилт хөдөлгөөнийг нуун дарагдуулах зорилгоор крипто-миксер буюу холигчийн үйлчилгээг ашигладаг. Крипто-миксерийн үйлчилгээ үзүүлэгч криптовалютыг тодорхой хэмжээний шимтгэлтэйгээр өөрийн данснуудаар шилжүүлж, тухайн хөрөнгийн эх үүсвэр, шилжилт хөдөлгөөнийг хянахад хүндрэлтэй, эсхүл хянах боломжгүй болгодог юм.

Мөн криптовалют ашигладаг цахим мөрийтэй тоглоом, казино зэргийг урвуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бий.

Түүнчлэн хууль бус далд интернэт орчин болох “Dark web”-д 2020 оны байдлаар нийтдээ 1 тэрбум ам.доллартай тэнцэхүйц криптовалютаар арилжаа хийгдсэн байгаа нь тухайн салбарт Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдах эрсдэл өндөр байгааг харуулж байна.

ТЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *