“Эмч” булангийн энэ удаагийн зочноор АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урьж ярилцлаа.
-Өнөөдөр ДЭМБ-ын өдөр тохиож байна. Энэ жилийг ДЭМБ сувилагч, эх баригч нараа дэмжих жил болгон зарласан. АШУҮИС Монгол Улсад сувилагч, эх баригч нарыг бэлтгэдэг ууган их сургуулийн нэг учраас энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Флоренс Найтингейлын мэндэлсний хоёр зуун жилийн ойг тохиолдуулан 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарласан бөгөөд хоёрдугаар сарын долооны өдрийг дэлхий дахинаа сувилагч, эх баригч нарын алдрыг дурсах өдөр болгон тэмдэглэж байна. Найтингейл бол орчин үеийн сувилахуйн ухааныг хөгжүүлсэн анхдагч гэж үздэг. Тэрээр 1850-иад оны үеэр Крымийн дайны шархадсан цэргүүдийг анагаах, асрах ажлыг өрнүүлж, улмаар Лондонд өөрийн асрамжийн сургууль байгуулсан юм билээ. ДЭМБ дэлхийн улс төрчдөд дэлхий нийтийг эрүүл саруул, энх тунх байлгахад тэдний үүрэг асар их гэдгийг сануулахад чиглэгдэж байна. Ялангуяа өнөөдөр дэлхийн хүн амын эрүүл энхийн төлөө эмч, сувилагч нар өөрийн амь насаа зориулан өгсөн тангарагтаа үнэчээр дэлхийн өнцөг булан бүрт зүтгэж байна. Тэд дэлхийн ямар ч улс оронд байгаагаасаа үл хамааран ижилхэн тангараг өргөдөг хүмүүс. Тэд хэнийг ч үл ялгаварлан эн тэнцүү энэрч хайрлаж, мэдлэг оюун, ур чадвараа зориулах ёс зүй, үүрэг хариуцлагыг адилхан хүлээдэг. ДЭМБ ард иргэдэд, улстөрчид шийдвэр гаргагч нарт, эрүүл мэндийн байгууллагынханд зориулж өөрсдийн зүгээс сувилагч, эх баригч нарт хандах хандлагадаа эрс өөрчлөлт гаргахыг уриалж байна. Ард иргэдийг хамгийн хүнд хэцүү ажлыг нуруун дээрээ үүрч байдаг сувилагч нартаа талархаж, баярласнаа илэрхийлж, өөрийн орон нутгийн шийдвэр гаргагч нарт тэдний үйл ажиллагааг дэмжиж, бүрэн хэмжээнд ажиллах боломжоор нь хангахыг шаардаж, дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. Улстөрчдөд сувилагч, эх баригч нарын ажиллах, сурч боловсроход хөрөнгө оруулалт оруулахыг зөвлөж, тэгснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарт ахиц гарахыг анхааруулж байна. Эрүүл мэндийн ажилтнуудад Эрүүл мэндийн салбарын хамгийн том ажиллах хүч бол сувилагч нар бөгөөд тэдний үзэл бодлыг хүндэтгэж, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ажиллах боломжийг бий болгох зэрэгт чиглэсэн үйл ажиллагаануудыг ДЭМБ явуулж гишүүн улс орнуудынхаа сайд нараар дамжуулж тодорхой өөрчлөлт гаргахыг зөвлөж байна. АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь 90 жилийн түүхтэй сургууль бөгөөд Монгол Улсад сувилагч, эх баригч нарыг бэлтгэн гаргаж ирсэн ууган сургууль юм. Өнөөдөр гэхэд манай Сувилахуйн сургуулийн 638 оюутан багш нар сайн дурын үндсэн дээр Монгол Улсын өнцөг булан бүрт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд оролцож сурсан мэдсэнээ ард түмэндээ зориулж байна. Сувилахуйн багш нар маань сувилагч нарын стресс менежмэнтийн цахим сургалтуудыг явуулж байна. Хүчирхэг эрүүл мэндийн ажилтнуудтай орны эдийн засаг хүчирхэг байдаг. Монгол Улсынхаа бүх сувилагч, эх баригч нартаа, ирээдүйн сувилагч, эх баригч нар болохоор суралцаж байгаа оюутнууддаа баяр хүргэе.
-ДЭМБ-ыг анх байгуулах санаачилга их сонин түүхтэй санагддаг. Би таны бичсэн нийтлэлийг уншиж байсан юм байна. Ер нь хэний санаачилга байсан бэ?
-Дэлхийн удирдагчдын 1945 онд Нэгдсэн үндэстний байгууллагыг (НҮБ) байгуулах санаа гарч байхад л Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг (ДЭМБ) байгуулах санаа хамт явж хэлэлцсэн гол асуудлын нэг байсан. Түүнээс НҮБ-ыг байгуулчихаад дараа нь гарч ирсэн санаа огт биш. Гуравхан төрөлжсөн байгууллагыг л анх байгуулахаар шийдвэрлэж байгуулж байсан нь ДЭМБ, Олон улсын валютын сан болон Дэлхийн банк юм. Дэлхийн өмнө тавигдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж дэмжихэд юуны өмнө эрүүл мэнд, хоёрт хөрөнгө мөнгө хэрэгтэй гэж үзэж байсан байна. Энх тайвныг эрүүл мэндгүйгээр төсөөлөх арга байхгүй. Ингээд 1945 онд НҮБ-ыг байгуулах талаар олон улсын дипломатууд цугларч эв санаагаа нэгтгэн байхдаа эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэж, ярилцсаны үндсэн дээр НҮБ-ын хамгийн анхны төрөлжсөн байгууллага болох ДЭМБ үүсэн байгуулагдах түүхэн эх үүсвэр тавигдсан юм.
Дэлхий нийтийг дайн дажингүй, амар амгалан, эрүүл саруул байлгахын төлөө тэр үеийн удирдагч нарын зорилго, эв санаагаа нэгтгэж НҮБ-ыг байгуулж байсан нь хүн төрөлхтний өмнө тэдний байгуусан том гавьяа юм. Ф.Д.Рузвельт, И.В.Сталин, У.Черчель нар “НҮБ-ыг байгуулж ядаж тавин жил дайн гаргахгүй байх юмсан” гэж хоорондоо ярилцаж байсан гэдэг. 1946 оны зургадугаар сарын арван еснөөс долдугаар сарын хорин хоёрны хооронд Нью-Йорк хотноо болсон Олон улсын эрүүл мэндийн хурал дээр жаран нэгэн орны төлөөлөгчид ДЭМБ-ын дүрмийг батлаж, хоёр жилийн дараа 1948 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр НҮБ-ын хорин зургаа дахь гишүүн улс нь уг дүрмийг соёрхон баталсны үндсэн дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн чиглэлээр өргөн хүрээний үүрэг бүхий төрөлжсөн агентлаг хэлбэрээр байгуулсан бөгөөд энэ өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, НҮБ-ыг Дэлхийн засгийн газар гэж үзвэл ДЭМБ-ыг түүний Эрүүл мэндийн яам гэж хэлж болох юм. Өнөө үед ДЭМБ-ын хяналтанд байдаггүй, зохицуулдаггүй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн нэг ч салбар байхгүй гэж хэлж болно. 1950 оноос дөрөвдүгээр сарын долооны өдрийг ДЭМБ-ын өдөр болгон дэлхий дахины тэмдэглэж ирсэн уламжлалтай. ДЭМБ нь эгнээндээ 194 орныг элсүүлэн, зургаан бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна.
-ДЭМБ, Монгол Улсын хооронд хамтын ажиллагаа хэрхэн өрнөж, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар манай улсад хэзээ байгуулагдаж байсан юм бол. Монгол Улс нь дэлхийн хамтын нийгэмлэгийн үүргээ хэр сайн биелүүлж, оролцоотой байна гэж үздэг вэ?
-ДЭМБ нь НҮБ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхийн түвшинд эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, судлах, түүнтэй холбоотой хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний стандарт нормуудыг боловсруулах, улс орнуудад техникийн дэмжлэг үзүүлэх, хяналт үнэлгээ явуулах, нотолгоонд суурилсан тухайн улс орны онцлогт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг явуулахаас гадна эрхийг хамгаалдаг байгууллага юм. ДЭМБ эрхэм зорилгоо дэлхийн бүх ард түмний эрүүл мэндийг хүрч болох хамгийн өндөр түвшинд хүргэхэд оршино гэж тодорхойлсон байдаг. ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагаа 1962 оны дөрөвдүгээр сарын арван наймнаас эхлэн өнөөг хүртэл тавин найман жилийн түүхэн үеийг хамт туулсан байна. 1971 онд Монгол Улсад суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж эхэлсэн. Үе үеийн суурин төлөөлөгч нар манай улсын төлөө гэсэн сэтгэлтэй байж, эрүүл мэндийн салбарын хөгжилд өвөрмөц ахиц гаргаж, хувь нэмрээ оруулж байсныг цохон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улс 1963-1995 он хүртэл Зүүн Өмнөд Азийн бүсийн гишүүн орон байж байгаад 1995 оноос Ази Номхон далайн бүсэд шилжин орсон. Монгол Улс ДЭМБ-ын үйл ажиллагаанд зохих хэмжээний хувь нэмрийг оруулж ирснийг хэлэхийг хүсч байна. Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн ерөнхий чуулганы ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Номхон далайн баруун бүсийн хорооны хуралдааны дарга, дэд даргаар, хэд хэдэн удаа сонгогдож байсан бөгөөд 2009 оны ДЭМБ-ын арван хоёрдугаар чуулганд, миний бие ЭМ-ийн дэд сайдын үүргийг хашиж байсан үе, оролцох үеэр Монгол улсыг ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлд оруулах саналыг ерөнхий чуулганы даргад уламжлан улмаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулганаас Монгол Улсыг Гүйцэтгэх Зөвлөлд нэр дэвшүүлж 2010 оны тавдугаар сард ДЭМБ-ын жаран гуравдугаар чуулганаар батлагдан, гурван жилийн хугацаатай (2010-2013) гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Монгол Улс сонгогдсон юм. 1967, 1977, 1994 онуудад бүсийн хорооны хуралдаануудыг, 1984 онд Хөвсгөл аймагт “Анхан шатны тусламж үйлчилгээний Бүсийн семинар”-ыг, мөн 1994 онд “Бүсийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хуралдаан”-ыг Зүүн Өмнөд Азийн бүсийн гишүүн, тус бүсийн Шинжлэх ухааны зөвлөх хороонд байхдаа зохион байгуулж байсан. 2010 оны тавдугаар сард Монгол Улсын ЗГ-аас ДЭМБ-тай хамтран ажиллах дунд хугацааны стратегийг (2010-2015) боловсруулж ДЭМБ-ын 63 дугаар ерөнхий чуулганы үеэр батлуулан, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др.Шин ЁН Су Монгол улсад албан ёсны айлчлал хийж, дээрх стратегийн баримт бичгийг Монгол Улсын ЗГ-т албан ёсоор хүлээлгэн өгч, мөн Монгол Улс нь ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон тогтоол батлагдсаныг албан ёсоор мэдэгдэж байсан түүхтэй. ЭМЯ нь Манила дахь ДЭМБ-ын “Ази, Номхон далайн бүс болон Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин Төлөөлөгчийн Газартай нягт холбоотой ажиллаж ирсэн. Миний бие ЭМ-ийн дэд сайдаар 2007-2012 онд ажиллах хугацаанд Манила дахь ДЭМБ-ын “Ази, Номхон далайн бүсийн захирлаар ажиллаж байсан Др.Шигеру Оми /1999-2009/, Др. Шин ЁН Су (2009-2019) нартай биечлэн уулзаж Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өмнө тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг цаг алдалгүй шийвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар асуудлыг дэвшүүлэхэд найрсагаар хүлээн авч асар хурдтай арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлж байсныг дурдан талархал илэрхийлэхийг хүсч байна.Тэр үед одоогийн бүсийн захирал Др. Такеши Касай гуай бүсэд манай улсыг хариуцсан мэрэгжилтнээр ажиллаж байсан санаж байна.
-ДЭМБ, АШУҮИС-ийн хоорондын хамтын ажиллагаа ямар түвшинд явж ирсэн бэ?
-ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Такеши Касай 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ манай сургууль дээр айлчилж эрдэмтэн профессоруудтай уулзаж Анагаахын боловсрол олгож, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байгаа их сургуулиудын үүрэг роль асар чухал болохыг тэмлэглэж “Өвчилсөн хойно нь эмээр эмчлэх биш, урьдчилан сэргийлэх ёстой гэдгийн нэгэн адил бид анхнаас нь мэргэжил олгож байгаа их сургуулийн хөгжлийг дэмжиж чанартай боловсон хүчин бэлтгэх нөхцөлөөр хангаж өгч байж сайн бүтээгдэхүүнийг шаардана, энэ дээр төр засаг анхаарах ёстой” гэж хэлсэн. Др. Такаши Касай гуайд АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр АШУҮИС-ийн Хүндэт доктор цолыг олгосон. АШУҮИС, ДЭМБ хоорондын хамтын ажиллагаа олон жилийн турш үр бүтээлтэй явж ирсэн. Монгол Улс Зүүн Өмнөд Азийн бүсэд (ЗӨАБ) харьяалагдаж байх үед бүсийн захирал Др. В.Т Гунаратне гуай Монгол Улсад айлчилж 1987 онд манай сургуульд сая долларын сургалтын лабораторийг байгуулж, тоног төхөөрөмжийг шинэчилж байсан түүхтэй. Багш нарыг ДЭМБ-ын зардлаар бэлтгэж эхэлсэн бөгөөд Сувилахуйн боловсролыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1968 оноос ДЭМБ-ын 008 хөтөлбөр хэрэгжиж Бүгд Найрамдах Польш улсын иргэн сувилагч Ирина Шарковска1968-1972, 1974-1975, 1979-1979 онуудад гурван удаа, Бүгд Найрамдах Югослав улсын иргэн сувилагч Мироян Бриэч 1972-1974, 1975-1977 онд хоёр удаа Монгол Улсад тус тус ажилласан байдаг. Анх удаа ДЭМБ-аас сувилахуйн сурах бичгийг орос хэлээр хэвлэн сургалтад нэвтрүүлсэн. 1997 оноос ДЭМБ-ын 001 хөтөлбөр хэрэгжүүлж уламжлалт анагаах ухааны эмч нарыг бэлтгэж улмаар ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой орны нэг болсон, мэс засал яаралтай тусламжийн хамтын ажиллагааны төвтэй болсон гээд олон ажлуудыг ДЭМБ-ын тусламжтайгаар явуулж ирсэн. Одоо хүртэл тэр лабораторийн ширээнүүд нь манай эрдэмтдийн хайртай ширээнүүд байсаар байна.
-Таны аав Замбалгаравын Жадамба Монгол Улсаас ДЭМБ-д ажиллаж улмаар ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн Бүсийн дэд захирлаар ажиллаж байсан хүн. Тэгэхээр та бага наснаасаа энэ байгууллагыг сайн мэдэх байх?
-Тийм ээ. Миний аав Монгол Улсаас НҮБ-ыг төрөлжсөн байгууллага болох ДЭМБ-ын пасспортыг өвөртлөн монгол хүний чадамжийг дэлхийд таниулан 1978-1983,1988-1994 онуудад ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн товчоонд мэргэжилтэн, бүсийн захирлын зөвлөх, 1994-1997 онд тус Бүсийн хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх асуудал эрхэлсэн захирал, 1997-1999 онд Халдварт бус өвчин, нийгмийн өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирал, 1999-2001 онд НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм эдийн засгийн комисст ДЭМБ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн албыг тус тус хашиж НҮБ-ын албан тушаалын ангиллын Д (захирлын зэргийг хүртсэн анхны монгол мэргэжилтэн юм. Өнөөдрийг хүртэл Монгол Улсаас НҮБ-ын системийн альч байгууллагад Д1- ийн VIII зэрэглэлийн энэхүү өндөр албан тушаалд хүрч ажиллааагүй байгаа билээ. Тийм учир таны хэлснээр ДЭМБ бол миний бага наснаасаа өнөөг хүртэл хамгийн сайн мэдэх байгууллага. Эрүүл мэндийн дэд сайд байхдаа ДЭМБ-ын Ерөнхий чуулганд эх орноо төлөөлөн гурван удаа оролцож байсан минь хувь заяа юм даа. Энэ дашрамд М.Отгон, Р.Арслан, Ч.Бямбасүрэн, Д.Баярсайхан, н.Сиймаа гээд дэлхийн түвшний мэргэжилтнүүддээ баяр хүргэхийг хүсч байна.
-ДЭМБ “КОВИД-19” цар тахлын үеэр дэлхийн улс орнуудыг нэгдсэн удирдлага заавраар хангаж, дэлхий бүхэлдээ тэмцэж байна?
-ДЭМБ шинэ коронавирусийн дэгдэлт үүссэнтэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн онцгой байдал зарласан. ДЭМБ “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах арга тактик, стратегийг яаралтай боловсруулж өөрийн 149 төлөөлөгчийн газруудаараа дамжуулан улс орнуудын өвөрмөц нөхцөл байдалд нийцүүлэн авах зөвлөмж, зааврыг боловсруулах үүрэг өгсний дагуу ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дэлхийн улс орнууд ажиллаж байна. Үүний үр дүнд “КОВИД-19” хариу арга хэмжээний өөрийн төлөвлөгөөг 143 улс орон боловсруулж бүх гишүүн улс орнууд ДЭМБ-ын удирдамж дээр үндэслэн нийгмийн эрүүл мэнд болон бусад хариу арга хэмжээгээ авч байна. Түүнээс гадна Корона вирусийн шинжилгээний хэрэгсэл, амны маск зэргийг нэн эрэлт хэрэгцээтэй байгаа улс орнуудад түгээн хуваарилах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. Үүний зэрэгцээ улс орнуудын сайн туршлагуудыг нэвтрүүлэх, улс хоорондын хамтын ажиллагаа, харилцан туслалцааг идэвхжүүлэх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж, уриалан зохицуулан ажиллаж байна. ДЭМБ стратегийн бэлэн байдал ба хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, мөнгөн хуримтлалыг төвлөрүүлэх уриалга гаргасан нь үр дүнгээ өгч одоогийн байдлаар 700 сая орчим доллар цуглараад байгаа бөгөөд ДЭМБ-ыг дэмжихэд болон хариу арга хэмжээнд оролцсон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд зориулж байна. Мөн дэлхийн улс дундаас бий болсон эв нэгдлийн санд иргэдээс 130 орчим сая доллар цугларсан талаар мэдээлж байсан. “КОВИД-19” вирусийн эсрэг вакциныг туршилтыг түүхэнд байгаагүй богино хугацаанд эхлүүллээ. Дэлхийн хэмжээнд тулгараад байгаа эрүүл мэндийн бүхий л асуудлыг ямар ч байгууллага, аль ч улс дангаараа шийдвэрлэх боломжгүй нөхцөлд ДЭМБ улс орнуудыг хамтдаа ажиллахыг уриалж, дэлхийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэг хариуцлагыг хүлээж ажиллаж байна.
Монгол Улс цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй сайн авч эрсдэл багатай орны тоонд зүй ёсоор орж байна. Энэ нь манай ЭМЯ, үндэсний мэргэжилтнүүдийн асар их хүчин зүтгэлээс гадна Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Др.Сергей Диордица гуай ОХУ-ын иргэн, вирус судлалын ухааны хүн байгаа нь нэгт бидний эрүүл мэндийн салбарын суурь онол нэг, тогтолцоо ойролцоо, мөн өөрөө вирусологч хүн, манай улсад томилогдохоосоо өмнө ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв, мөн Бангладеш, БНАСАУ, Этиоп зэрэг улсад ажиллаж байсан арвин их туршлагтай нь манай улсын хувьд олзуурхууштай, том боломж, хувь нэмэр гэж би хүлээн авч байна. ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхаа хамт олонд ДЭМБ-ын өдрийн баярын мэндийг АШУҮИС-ийнхаа хамт олны өмнөөс хүргэж, Монголын ард түмэн, дэлхийн хүн амын төлөө зүтгэж байгаа зүтгэл тань үр дүнгээ өгч бид удахгүй хамтдаа энэ нөхцөл байдлаас гарна гэдэгт итгэлтэй байгааг хэлэхийг хүсч байна.
-Халдвараас хэрхэн сэргийлэх талаар маш их мэдээлэл байгаа ч хүн хэлэхээс нааш, цааш чичэхээс цааш гэдэг, та бас зөвлөмж өгнө үү?
-Хамгийн гол нь идээ ундаа, явдал мөрөө зохистой чандлан сахих хэрэгтэй гэж захимаар байна. АШУҮИС-ийн цаг нэвтрүүлэг тав дахь дугаараа гаргалаа. Манай сургуулийн эрдэмтэн профессорууд маш тодорхой зөвлөмжүүдийг, арга замтай нь нэвтрүүлгээрээ дамжуулан ард иргэдэд хүргэж байгаа. Мөн “Emch.mn”сайт дээр “АШУҮИС-ийн булан” гарган ажиллаж байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнснээс гэвэл адууны мах, сармисыг төдийлөн сайн гэж зөвлөхгүй байх шиг байна. Адууны мах шарх соривыг хувилгаж идээлүүлэх сөрөг нөлөөтэй учир энэ өвчний үед хэрэглэх нь шинэ коронавирусийн улмаас амьсгалын зам уушгинд үүссэн үрэвслийн голомтод тийм ч сайн нөлөөтэй байж чадахгүй болохыг манай эрдэмтэд зөвлөж байна.ДЭМБ-аас энэ өвчнийг эмчлэхэд дархлаа дарангуйлах дааврын бус гаралтай ибупрофен, мелоксиком болон бусад энэ төрлийн эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Манай эрдэмтэд бас энэ талаар нэвтрүүлэгтээ ярьсан. Идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хүний дархлааг дэмжих нөлөөтэйг хэвлэлийн олон мэдээнд дурдаж байна. Тухайн дасгал хөдөлгөөнийг хийхэд аль болох олон булчин оролцож байвал цус, цус төлжүүлэх эрхтнээс цусны цагаан эс тэр тусмаа дархлаа идэвхтэй эсүүд захын цусанд илт олширч дархлаа сайжирч байгаа мэдээ байна. Нойр дархлааг дэмжихэд маш чухал учир ялангуяа шөнийн цагаар сайн унтаж амрах. Аль болохоор өөрөө стресстэхгүй, бусдыг стресст оруулахгүй байх. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, харин угаасан хувцсаа гадаа тавьж хатаах нь халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахад хүргэх талаар мэдээлж байна. Хоол, нойроо зөв зохицуулж, стрессээс ангид байж, эмийг зохистой хэрэглэхэд анхаараарай гэж хэлэхийг хүсч байна.Ард иргэд нэг л задгаараад гадуур их яваад байна. Одоо жинхэнэ гэртээ байж халдвар хамгааллын дэглэмийг илүүтэй сахих үе шүү гэж анхааруулахыг хүсч байна. Эцэст нь дахин ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын хамт олон, ДЭМБ-д зүтгэж байсан болон зүтгэж байгаа монголчууддаа, тэр тусмаа сургуулийнхаа төгсөгчдөд баяр хүргэж, хамгийн сайхныг хүсэн ерөөе.