Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн цахим хуралдаанаар Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хүргэлээ.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1163 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн одоогийн байдал, ашиглалтын түвшин, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиг үүрэгтэйгээр хангагч байгууллагуудын ерөнхий инженерүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсэг нь Улаанбаатар хотын дэд бүтцийн системийн түвшинг тогтоохоор судалгаа хийхэд судалгааны явцад дэд бүтцийн систем нь хуучирч, ашиглалтын хугацаа дууссан, нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй болсон, технологийн шинэчлэлт хийгдэх шаардлагатай болсон байсан. Мөн ажлын хэсгээс тус инженерийн дэд бүтцийн системд өргөтгөл шинэчлэлт хийгдэх шугам, тоноглолын жагсаалтыг гаргалаа” гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Судалгаа тооцоогоо сайн гаргаж, дэд бүтцийн системээ өргөтгөх ажлыг эрчимжүүлж ажилла. Өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хангаж ажиллахад холбогдох байгууллагууд онцгой анхаар. Ажил хариуцсан албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай ханд. Зарим хийгдээгүй ажлыг хийсэн болгож, материал бэлдэж орж ирдгээ болих хэрэгтэй. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, энэ асуудлыг дахин оруулж ирж танилцуул” гэлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.