Categories
мэдээ нийгэм

Дэгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 54.7 хувийн ирцтэйгээр “Их хуралдай” танхимд эхлэв.

Улсын Их Хурлын гишүүд нэгдсэн чуулганы цахим хуралдаанд “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас цахимаар оролцож байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 07-ны өдөр хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Их хуралдай” танхимаас нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулга хийсэн бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудпыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гишүүдээс гаргасан саналыг ажлын хэсэг анхаарч судлан, санал гаргасан гишүүдтэй ярилцаж ойлголцсоны үндсэн дээр бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 12 саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Харин энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүн үг хэлэх эрхийг хасна” гэсэн зарчмын зөрүүтэй саналд цөөнх болохоо илэрхийлсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга С.Бямбацогт, төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан нар хариулт, нэмэлт тайлбар өгсөн юм. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийн үед Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “5.5.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно.” гэж өөрчлөн найруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, М.Энхболд нар гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нар уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.7 дахь заалтын “заасан” гэсний дараа “болон Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль,” гэж нэмэх санал гаргасан нь дэмжигдэв. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 21.11 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхээр тогтов.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, М.Энхболд, О.Баасанхүү нарын саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг шуурхай хэлэлцэх талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр боллоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлийн 63 дахь хэсгийг “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудпаар гишүүний үг хэлэх эрхийг хасна” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь 77.3 хувийн саналаар дэмжигдэв. Энэ санал дээр цөөнх болсон Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн гишүүдээс гаргасан саналаар “Энэ хуулийн 5.5-д заасан онцгой нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно”, “Нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар явуулна”, “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан хуулиар зохицуулна” гэсэн агуулгатай хэсгийг төслийн зохих заалтад тус тус нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлийн 612 дахь хэсгийн 1 дэх өгүүлбэрийг “Санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулна” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа нарын саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлд “Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардпагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно” гэсэн агуулгатай хэсэг нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхөөр болов.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд -ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас танилцуулсан юм. Уг хууль тогтоомжийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаааны байнгын хороод өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Харин дээрх Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлт, гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хороо хуралдаанаараа нэгтгэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, “Их засаг” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, “Үндсэн хууль” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм.

Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Эхлээд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, цахим хуралдаанд оролцсон гишүүдийн 66.6-70.1 хувийн саналаар тогтоолын төслийн 1 дэх заалтын 2.а.2 дахь дэд заалтын “төрийн болон” гэсний өмнө “төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад” гэж; мөн төслийн 1 дэх заалтын 2.6 дэх дэд заалтын “зогссон” гэсний дараа “болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан” гэж тус тус нэмэхээр тогтов.

Мөн тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “г/.хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх иж бүрэн цогц арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах;” гэсэн агуулгатай дэд заалт: төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “д/.сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, эдийн засгийн сөрөг үр дагавраас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх;” гэсэн агуулгатай дэд заалтыг тус тус нэмэх саналууд гишүүдийн 72.1-71.9 хувийн дэмжлэг авав. Түүнчлэн Байнгын хорооноос дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Дараа нь уг тогтоолын төсөлтэй хамт өргөн баригдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Ингээд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Их хуралдай” танхимаас танилцуулав. Тус Байнгын хорооноос Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд даргаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжлээ.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа “мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг тус тус” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав. Хуралдааны завсарлагаанаар Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороод хуралдаж, хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *