Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааныг санхүүжүүлэх зарчмаа шинэчилье

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Гишүүд, Засгийн газрын гишүүдийн сонорт

Би бол МУИС-ийн эгэл жирийн нэгэн багш. Харин цагийн жам, сурах мэдэх, судлах шинжлэхийн эрхээр өрөөлийн болон өөрийн улсын дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын тогоонд “болтлоо” биш ч, “борлотлоо” чанагдаж, энэ салбарын ололт амжилт, алдаа дутагдал, зовлон жаргалыг нүдээр үзэж, биеэр туулж яваа иргэн хүний хувьд энэхүү нийтлэлийг бичихээс өөр аргагүйд хүрснээ юуны өмнө өчье. Энэхүү нийтлэлийн агуулга ньминий биесанаанаасаа зохиосон, хийсвэр хоосон “онол” огт биш, шинэ төрлийн Корона вирусын халдвараас тогтмол гараа угаах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, амны хаалт зүүх зэрэг энгийн арга хэрэглэн сэргийлж болдогтойагаар нэгэн, дэлхийн соёлт хүн төрөлхтөний тэргүүн эгнээнд яваа улс орнуудад нэгэнт жишиг болон тогтчихсон зүйл юм.

Монгол улс 2019 онд улсын төсвөөс шинжлэх ухаанд 37 тэрбум төгрөг зарцуулжээ. Чамлахаар чанга атга гэдэг ардын маань үнэн үг бий. ШУА-ийн удирдлагын “хусмаа голсон хүүхэд” шиг “хошуугаа цорвойлгон” энэ мөнгийг чамласан, гомдоллосон дуу хоолой л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хөвөрч, шинжлэх ухааны судалгааг Монгол улсад зөвхөн ШУА л хийдэг, манай эрдэмтэд л “мундаг”, шинжлэх ухаанд зориулсан мөнгийгхөгжилтэй орны түвшинд хүргээд улсын төсвийн 2 % болгоод өгвөл бид ёстой үзүүлээд өгнө гэх “тархи угаалт” л манай нийгэмд хүчтэй явагдаж байгаа болохоос бага ч гэсэн байгаагаа хэрхэн зөв зарах талаар ганц ч үг ган хийхгүй байгаа нь харамсалтай байна. Бага ч гэсэн байгаагаа бид зөв хуваарилж, үр ашигтай зарж чадаж байгаа бил үү?, бас шинжлэх ухаан, технологийн тогтолцоо маань зөв үү?, мерит зарчим, академик эрх чөлөө, эрүүл саруул өрсөлдөөн, мэтгэлцээний талбар байх ёстой энэ салбар шинжлэх ухааны нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн “өмч“ болж,тэдний өөрөө өөрсдөдөө олгосон “зохиомол”, “тэнгэрийн” хэргэм зэрэг, эрх дарх, цол гуншингаа хамгаалах “хуяг-бамбай”, цалин, нэмэгдлээ улсын төсвөөс гаргуулах хэрэгсэл, тэдэнд зориулж хууль баталж өгөөд, хариуд нь тэтгэвэрт гарах, “лааз өшиглөх” үедээ эгнээнд нь чимээгүйхэн элсэж, “ивээлд нь орсон”,үеэ өнгөрөөсөн улс төрчдийн үргэлжлүүлэн “алдар цолоо дуудуулах цэнгэлдэх хүрээлэн”, тэдний амьжиргааны эх үүсвэрийн нэг болж хувирсан юм биш биз?…гэх мэт олон асуултад яг бодит үнэнээр нь хариулж, энэ салбарт зоримог, шийдвэртэй шинэчлэлт өөрчлөлтийг хийх цаг нэгэнт болсон хэмээн миний бие бодно. Манай орны шинжлэх ухааны салбарт тулгарч буй, нэн түрүүнд, цаг алдалгүй шийдвэрлэх ёстой хэмээн үзэж буй зарим асуудлын талаар өөрийн саналаа илэрхийлье. Эдгээрийг төр засаг бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлэх аваас улсын төсвөөс нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээр үл барам байгаагаа хэмнэх, үр ашигтай зарах, шинжлэх ухааны салбарт эрүүл саруул өрсөлдөөн бий болж судалгааны ажлын үр дүн нэмэгдэж, гүйцэтгэл сайжрах зэрэг эерэг үр дүн гарцаагүй гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Нэг. Улсын төсвөөс шинжлэх ухаанд зориулан хувиарлаж буй мөнгийг нэг гарт төвлөрүүлэн, нэг цонхны бодлогоор үр ашигтай зарцуулах. Монгол улс нэгдмэл улс, нэг төсөвтэй улс гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл улсын төсвөөс шинжлэх ухаанд зарж буй мөнгө 2 эзэнтэй болчихжээ. Баримт түшин өгүүлбэл, 2019 онд улсын төсвөөс шинжлэх ухаанд зарцуулсан 37 тэрбум төгрөгийн 19.2 тэрбум нь Шинжлэх ухаан, технологийн сангаар, харин 16.8 тэрбум нь Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дансаар дамжин зарцуулагджээ. Шинжлэх ухаан, технологийн сан 24 ажилтантай, жилийн цалингийн зардал нь 315 сая төгрөг бол, Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар нь 84 орон тоотой, жилийн цалингийн сан нь 1.26 тэрбум төгрөг гэнэ. Шинжлэх ухаан, технологийн сан нь Монгол улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн салбарт хувиарлагдсан мөнгийг үр ашигтай менежмент хийх хуулиар олгогдсон эрх, үүрэг бүхий Засгийн газрын байгууллага юм. Ийм байгууллага байсаар байтал чухам юуны учир төрийн, төрийн бус, бүр цаашилбал улс төрчдийн байгууллагын аль нь болох нь мэдэгдэхээ больтлоо “дүрс хувирал”, “мутацид” орсон, Шинжлэх ухаан, технологийн сангаас 3.5 дахин их орон тоотой, 4 дахин их цалингийн зардалтай Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт шинжлэх ухаанд зориулж хувиарласан улсын төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхийг Сангийн яамнаас давхардуулан олгож, төсвийн мөнгөөр тэднийг угжсаар байна вэ? ШУА-ын удирдлага шинжлэх ухаан хэмээх үг орсон “шинэ нэр томъёо” зохиож, түүнийгээ хууль, тогтоол, тушаалаар эвтэйхэн гэгч нь “баталгаажуулан”, өөрсдөө “өмчилж” авахдаа гаршсан байна. Үүнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт ч зөвхөн өөрсдөө олгодог “супер” “шинжлэх ухааны доктор”, “шинжлэх ухааны төв байгууллага”, “шинжлэх ухааны төрийн дээд байгууллага” гэх зэрэг хаана ч байхгүй, тэдний зохиосон нэр томъёонуудаас харж болно. Манай улсын хувьд Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь БСШУСЯ билээ. Гэтэл ШУА-ын удирдлага өөрсөдөдөө зориулан батлуулсан “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль”-д “ШУА нь шинжлэх ухааны төв байгуулага” хэмээн өөрсдийгөө “өргөмжлүүлсэн“ байдаг аж. Энэ ньШУА-ын Тэргүүлэгчдийн газар нь БСШУСЯ-ны Шинжлэх ухааны асуудал хариуцсан төв байгууллага байх эрхийг өөртөө шилжүүлж авах санаархал гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Энэ байдалдаа сэтгэл үл ханан “ШУА нь Шинжлэх ухааны төрийн дээд байгууллага байна” гэж тусгахаар “нөгөө” хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайран зүтгэж буй нь дэндүү ёс зүйгүй хэрэг юм. Монгол улсад Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал л байдаг, гэтэл бас ШУА төрийн дээд байгууллага гэж өөрийгөө “хуульчлахын” төлөө байгаа нь эрүүл саруул ухаантай хүн, тэр тусмаа өөрсдийгөө “тэнгэрийн”, “мундаг” хэмээн өргөмжилдөг ШУА-ийн удирдлагыной тойнд оромгүй хэрэг байлтай. Эдгээр үйл явдлын өрнөлөөс харахад ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар нь БСШУСЯ-ны төдийгүй, УИХ-ын бүрэн эрхэд санаархаж байгаа нь илт байна. ШУА-ийн удирдлагын “үлгэрлэж” байгаачлан “Соёлын төв байгууллага, боловсролын төв байгууллага, спортын төв байгууллага…, Соёлын төрийн дээд байгууллага, боловсролын төрийн дээд байгууллага, спортын төрийн дээд байгууллага…” шинээр төрөн гарах болох нь ээ.“Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах бус, харин түүнийг нэн даруй хүчингүй болгох нь зүйд нийцнэ. Аливаа салбар, ялангуяа, шинжлэх ухааны салбарын аль нэг оролцогч субъектэд хуулиар давуу байдал олгох нь байж боломгүй зүйл юм. ШУА-ийн удирдлага шинжлэх ухааны салбарт хяналт тавих, цензурдах, “тэрс үзэлтнүүд”-ийг боорлох, эрдмийн зөвлөл, бага чуулган зэргээрээ авч хэлэлцэн олонхийн санал нэрээр хавчин гадуурхах зэрэг нэг намын үзэл суртлын үед гүйцэтгэж байсан үүргээ өнөө ч санагалзсаар байгаа нь нэн харамсалтай байна. Монголын нийт эрдэмтдийг төлөөлөх, манлайлах, төр засагт бодлогын зөвлөмж өгөх чадвар, нэр хүнд бүхий олон нийтийн байгуулага болон өөрчлөгдөж, манай нийгэмд явагдах өөрчлөлт шинэчлэлийг үлгэрлэх үүргээ гүйцэтгэх чадвараа нэгэнт алдаж, зөвхөн өөрсдийн нэр хүнд, эрх мэдлийн төлөө хөөцөлдөх болсон ШУА-ын Тэргүүлэгчдийн газрыг Шинжлэх ухаан, технологийн сантай нийлүүлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шинжлэх ухаан, технологийн агентлаг (социализмын үед Шинжлэх ухаан, техникийн Улсын хороо гэж байсан санагдана) болгон өөрчлөн зохион байгуулж, төрийн албаны сонгон шалгаруулалтаар чадварлаг залуу боловсон хүчнээр бэхжүүлэх нь зүйд нийцнэ. Тус агентлаг нь Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын оролцогч бүх субъектэд нээлттэй байж, тэдэнд ямарваа нэг цензур, ялгаварлан гадуурхалгүйгээр төрийн үйлчилгээг жигд хүргэх, ижил бололцоо олгох, улсын төсвөөс шинжлэх ухаанд зарж буй мөнгийг нэг цонхны бодлогоор үр ашигтай менежмент хийх үүрэг гүйцэтгэх учиртай.

Хоёр. Шинжлэх ухаанд зориулсан улсын төсвийг орон тоог цалинжуулахадбиш, харин судалгааг санхүүжүүлэх зарчим руу шилжих.Монгол улсын төсвөөс 2019 онд шинжлэх ухаанд зориулан хуваарилсан мөнгөний 21.6 тэрбум буюу 58.8 % нь энэ салбарт ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагдсан байна. Энэ хувь ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраар дамжсан мөнгөний хувьд 83.3% байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд зарж буй мөнгөний ихэнх нь судалгаанд биш, харин тогтмол орон тооны ажилтнуудын цалинд зарцуулагдсан байна. Дэлхий даяар, тэр тусмаа зах зээл, чөлөөт өрсөлдөөний замыг сонгосон Монгол орны нийгмийн амьдралын бүх салбарт хувьсал өөрчлөлт хурдан явагдаж буй өнөө цаг үед аль хэдийн үеэ өнгөрөөсөн нэг намын үзэл суртал, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Засгийн газрын тогтоолоор байгуулсан, тогмол орон тоо, хатуу бүтэц бүхий хүрээлэнгүүдийг хийлгэх ажилгүй, судалгааны дорвитой үр дүнгүй ч санхүүжүүлсээр байгаа нь зөв үү? гэдэг асуудал эндээс зүй ёсоор урган гарна. Орчин үед судалгаа ч гэсэн уян хатан, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг тусгасан, салбар дундын шинж чанартай болж байгаа билээ. Дэлхийн улс орнууд үүнийг аль эрт шийдсэнийг манай шийдвэр гаргагчидмэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн төсвийн мөнгөөр амьдрагчдын лоббинд өртсөөр байна уу? Засгийн газар тогтмол орон тоо бүхий хүрээлэн байгуулж, түүнээ санхүүжүүлэх биш, харин өөрийн улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх судалгааг санхүүжүүлдэг нь дэлхий нийтийн жишиг юм. Шинжлэх ухаанд зориулж улсын төсвөөс хуваарилсан мөнгийгЗасгийн газрын тогтоолоор түрий барьж, тогтмол орон тоо бүхий хүрээлэн давуу байдлаар авах биш, харин бүх судлаачид цол, гуншин, байгуулагын харъяалал зэргээс үл хамааран өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар авдаг нь ч академик ертөнцөд тогтсон ёс юм. Судалгааны төслийн санхүүжилт дотор түүнийг гүйцэтгэгчдийнцалин хөлс мэдээж орсон байна шүү дээ. Ийнхүү нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан судалгааг төслийн хэлбэрээр тодорхой хугацаанд санхүүжүүлдэг болохоос хэзээ, ямар судалгааны ажил хийлгэх нь тодорхойгүй тогтмол орон тоотой хүрээлэн байгуулж, түүнийгээ үр дүн гаргасан үгүйг нь үл харгалзан “үүрд” санхүүжүүлсээр байгаа нь төсвийн мөнгийг элс рүү ус хийж буйтай адил үр ашиггүй урсгаж байгаа хэрэг юм. Энэ байдлыг нэн даруй засахгүй бол улсын төсвийн 2 байтугай, 20%-ийг ч шинжлэх ухаанд зараад үр дүн гарахгүй. Монгол улс нэг намын тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл, шударга чөлөөт өрсөлдөөний нийгэм рүү шилжээд 30 жил өнгөрч, нийгмийн амьдралын бүх салбарт үнэмшихийн аргагүй том өөрчлөлтүүд гарчихаад байхад, социализмын үед Засгийн газрын тогтоолд заасан орон тоог нь хэвээр нь хадгалж, улсын төсвөөс цалинжуулсаар байгаагийн учир юунд байгааг хэн ч ойлгох аргагүй. Улс орон нэгэнт л үр дүнд суурилсан чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн нийгмийг сонгосон бол нийгмийн доторхи бүх эд, эс тэр зүгт хөдөлж байж зохих үр дүнд хүрэх нь мэдээж хэрэг. Засгийн газар шинжлэх ухааны нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн лоббинд автагдах биш, аль социализмын үед гаргасан нийгмийн урагшлах хөгжилд саад тотгор болж буй энэ мэт шийдвэрээ хүчингүй болгох улс төрийн зориг гаргах цаг нэгэнт болжээ. Орчин үед эрдэм шинжилгээний хүрээлэн гэдгийг тухайн байгуулагын урдаа барьдаг, тогтмол орон тооны цөөн, шалгарсан, шилдэг судлаачтай, тэдгээр нь цалингаа баталгаатай авах боловч өрсөлдөөнт судалгааны төсөл авч хэрэгжүүлдэг,түүндээ магистрант, докторант, докторын дараах түвшний залуу судлаачдыг гэрээгээр авч ажиллуудаг, судалгааны байгууламж буюу судалгааны суурь бүтэц (буруу орчуулж, бидний хэлжзаншсанаарсудалгааны дэд бүтэц) хэмээн ойлгодог. Хүрээлэн нь зөвхөн өөрийн үндсэн орон тооны ажилтнуудад биш, энд тэндээс өрсөлдөөнт судалгааны төсөл олж авсан гаднын судлаачдад ч нээлттэй, өөрөөр хэлбэл, оффисийн өрөө түрээслэдгийн нэгэн адил тэдгээр судлаачдад судалгаа явуулах лаборатороо тусгай гэрээгээр ашиглуулах хэлбэр лүү шилжсээр байгааг бид анзаарахгүй байхын аргагүй болж байна. Энд ганц жишээ дурдая. 2018 оны байдлаар Японы РИКЕН судалгааны хүрээлэнд 2862 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байсны 337 (11.8%) нь л тогтмол орон тооных, үлдсэн 2525 (88.2%) нь тус хүрээлэн дээр хэрэгжиж буй судалгааны төслүүд дээр ажиллаж буй гэрээт эрдэм шинжилгээний ажилтнууд байв. Гэтэл манай Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хүрээлэнгийн хувьд хатуу тогтоосон орон тоотой, тэдгээрийг нь докторын зэрэг ч хамгаалаагүй байж “догширчихсон”, хамгаалсан ч гэсэн “хашир бурхи” болчихсон,ажлын гүйцэтгэл муутай хүмүүс “эзэгнэж“, төр засаг шинжлэх ухааны салбарт өөрчлөлт шинэчлэл хийх гэсэн оролдлого гаргах бүрт удирдлагаасаа өгсөн чиглэлийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулах замаар эсэргүүцэх, өөрсдийн цалин, төсвөө нэмэгдүүлэх шаардлага тавихаас өөр нийгмийн идэвхгүй “дуулгавартай”хүмүүсийн арми бий болсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Үе үеийн Засгийн газар шинжлэх ухааны салбарт бий болсон энэ гаж тогтолцоог өөрчлөх оролдлогыг ямар нэг хэмжээгээр хийдэг боловч “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр”, “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчийн үлгэрээр орж, аль социализмын үед гаргасан өөрийн тогтоол, хэсэг бүлэг “мундаг” хүмүүсийн лоббинд өртөн эргэж хурган, айж бэргэсээр байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь, судалгааг төслийн хэлбэрээр санхүүжүүлж байсан зөв зарчмаасаа Сангийн яам 2008 онд эргэж буцсан явдал юм. Монгол улсын Засгийн газар гадаадад докторын зэрэг хамгаалсан залуучуудаа татахын тулд “Зөгийн үүр” нэртэй хөтөлбөрийг баталсан санагдана. Тэднийг “цуглуулсан балаа” тээгээд эх орондоо ирэхэд орох “үүр”-ажлын байрыг нь бэлтгэхэд зарцуулагдах ёстой улсын төсөв ийнхүү буруу замаар урссаар байгаатай бид эвлэрч, зүгээр л хараад суусаар байх уу? Өндөр хөгжилтэй орнуудад бол докторын зэрэг хамгаалсны дараа ч төслөөс төсөл дамжин гэрээт эрдэм шинжилгээний ажилтан хийж, өрсөлдөөнд орж, өндөр түвшний судалгаа гүйцэтгэж, өөрийгөө хэн болохоо харуулж байж сая орон тооны эрдэм шинжилгээний ажилтан болдог нь нэгэнт тогтсон жишиг юм. Гэтэл манайд докторын зэрэг ч хамгаалаагүй байж“дархлагдаж”, гадаадад хамгаалсан, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй, академик эрх чөлөөг эрхэмлэгч, авъяаслаг, чадвартай залууст орон зай олдохгүй байгааг халах цаг нэгэнт болжээ.Хатуу бүтэц, орон тоо бүхий хүрээлэн байгуулж, түүнийг улсын төсвөөс санхүүжүүлэх нь үр ашиггүйболохыг судалгааны гүйцэтгэлийн дараахь бодит тоон үзүүлэлтүүдээс ч харж болно. Судалгааны ажлын гүйцэтгэлийг хэн нэгний хоосон яриа, хэнд ч хэрэг болдоггүй шинэ бүтээлийн гэрчилгээ, архивлагддаг зузаан тайлан биш, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл, эдийн засгийн эргэлтэнд орсон амьд патент, хэрэгжүүлж буй өрсөлдөөнт төслийн мөнгөн дүн зэрэг бодит үзүүлэлтүүдээр хэмждэг билээ. Олон улсын хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны мэдээллийн сан болох Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд 2019 онд Монгол улсын судлаачдын нэр орсон 483бүтээл хэвлэгджээ. Доорхи хүснэгтэд дурьдсан байгууллагууд хамгийн оллон өгүүлэл хэвлүүлсэн байна.

Байгууллагын нэр

Хэвлүүлсэн өгүүллийн тоо

Нийт бүтээлд эзлэх хувь, %

1.

МУИС

101

20.9

2.

ШУА

92

19.0

3.

АШУҮИС

71

14.7

4.

ШУТИС

35

7.2

5.

ХААИС

18

3.7

6.

МУБИС

9

1.9

байна.

Монгол улсын шинжлэх ухааны гүйцэтгэл бодит байдал дээр ямар байгаа, өндөр түвшний судалгаа гүйцэтгэх шинжлэх ухааны чадавхи хаана төвлөрч байгаа, дээр дурдсан байгууллагуудаас өөр байгууллагын судлаачид ч Монгол улсын суурь судалгааны салбарт зохих хувь нэмрээ оруулж эхэлж байгааг бид энэ тоон үзүүлэлтээс харж болно.

Олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоогоороо бараг тэнцүү МУИС, ШУА хэмээх хоёрбайгууллагын 2019 онд улсын төсвөөс авсан санхүүжилтийн хэмжээ, цалингийн зардлын задаргааг хүснэгтээр харуулъя.

Байгууллагын нэр

Суурь судалгааны төслийн тоо

Санхүүжилт, мянган төгрөг

Ажилтны тоо

Цалингийн зардал, мянган төгрөг

1

МУИС

6

173,150.0

20

246,800.0

2

ШУА

52

1,259,500.0

1186

14,000,000.0

болно. МУИС 2019 онд улсын төсвөөс 420 сая, харин ШУА 15 тэрбум 260 сая төгрөг буюу МУИС-аас 36 дахин их санхүүжилт авсан байна. Хэдийгээр улсын их сургууль боловч МУИС нь улсын төсвөөс цахилгаан, дулааны зардал ч авдаггүйг энд тэмдэглэхэд илүүдэх юун. ШУА-д судалгааны ажил хийх үндсэн үүрэгтэй, түүнийхээ төлөө улсын төсвөөс цалин авч буй 1186 ажилтантай бол МУИС тийм 20 ажилтантай, бусад нь оюутанд хичээл заах үндсэн үүрэгтэй, түүнийхээ төлөө оюутны сургалтын төлбөрөөр цалинждаг, сонирхолдоо хөтлөгдөн хичээлийн завсар зайгаар “хавсарга” маягаар судалгаа хийдэг багш нар юм. Улсын төсвөөс авч буйсанхүүжилт ньийм их зөрөөтэй атлаа судалгааны ажлын гүйцэтгэл нь адилхан байгааг юугаар тайлбарлах вэ? Шинжлэх ухаанд зарж буй төсвийг эзнийг нь олж зөв хуваарилбал ямар үр дүнд хүрч болохыг МУИС-ийн жишээ харуулж буй бус уу? Олон орон тоог үр дүнгүй санхүүжүүлснээр улсын төсвийг ямар ихээр үр ашиггүй урсгаж буйг ШУА-ийн жишээ харуулж байна биш үү?Бид шинжлэх ухаанд зориулсан улсын төсвийн санхүүжилтээ чамлахаасаа илүү, байгаагаа судлаачдын боловсруулсан олон улсад зөвшөөрөгдсөн үр дүн, мерит зарчимд тулгуурлан шударга хуваарилж, үр ашигтай зарцуулах, түүнчлэн улсын төсвөөс өөр эх үүсвэр хайх талаар санаа тавих ёстойг давхар харуулж байгаа хэрэг биш гэж үү?Судалгааны ажлыг гүйцэтгэхэд зөвхөн мөнгө, олон орон тоо биш, харин цөөн ч гэсэн сэтгэлтэй, сайтар боловсорсон чадварлаг судлаачид хэрэгтэй гэдгийг дээрх тоон үзүүлэлт харуулж байна. Судалгааны ажлыг орон тооны эрдэм шинжилгээний ажилтнууд биш, харин чадварлаг судлаачидынхаа олж ирсэн өрсөлдөөнт судалгааны төсөл дээр гэрээгээр ажиллаж буй магистрант, докторант, постдок залуу судлаач наргүйцэтгэдэг болохыг эндээс бас харж болно. Нэн тэргүүнд орон тоог биш, харин судалгааг өрсөлдөөнт төслийн хэлбэрээр санхүүжүүлэх зарчим руу цаг алдалгүй шилжихээс өөр аргагүй нь илэрхий байна.

Гурав. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох нь Засгийн газрын шийддэг асуудал огтхон ч биш.

Шинжлэх ухааны салбар бол хэн нэгний өмч огт биш, цэвэр мерит зарчим, шударга өрсөлдөөн үйлчилдэг салбар юм. Гэтэл судалгааны ажилдаа шимтэн, бодит амжилт бүтээл гаргахын оронд элдэв зэрэг, цол, гуншинг “зохиомлоор” бий болгон, түүнээ хууль, тогтоолоор баталгаажуулан, түүгээрээ хуяглан судалгааны чиглэл, сэдвийг өмчлөх, “азаргалах” гэж мөрөөдөгчдийн арми бий болсон гэхэд хилсдэхээргүй боллоо. Энэ нь нийгэмд маш халтай үйлдэл юм. Ялангуяа, залуучууд тогтож, сууж судалгаа хийхийн оронд үүгээр түүгээр гүйж, хор найруулан нөгөө цол, хэргэмийг нь хүртэж, мөрөөрөө судалгаагаа хийгээд сууж буй бүтээлч хэсгийн урам зоригийг мохоох, тэднийг дарамтлах үзэгдэл байсаар байгааг нэн даруй таслан зогсоох ёстой.

Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор шийдэх нь байж боломгүй зүйл юм. Аливаа байгууллага ажилд ямар хүнийг авах, ямар цалин өгөх, хэнд ямар зэрэг дэв, хэргэм цол олгох, түүнээ хэрхэн урамшуулах нь тухайн байгууллагын шийдэх асуудал болохоос Засгийн газрын тогтоолоор аль нэгэн байгууллагаас олгох зэрэг, цол, түүний нэмэгдлийг шийдэж, улсын төсвөөс олгох, мөн төсвийн бус байгууллагад даалгах нь зүйд үл нийцнэ. Докторын зэрэгтэй байх нь цалингийн 15%-тай тэнцэх нэмэгдэл авах баталгаа огтхон ч биш,машин барих хүн жолооны үнэмлэх авсан байхыг шаарддагийн нэгэн адил их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг академик байгуулагад ажиллахад тавигддаг наад захын шаардлагын нэг гэдгийг бид ойлгох учиртай. Ажлын гүйцэтгэл, ур чадвартай нь холбон докторын зэрэгтэй хүндээ нэмэгдэл цалин, урамшуулал олгох эсэхийг тухайн ажил олгогч шийдэх болохоос Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудал биш юм.Иймд доктор, “супер” “шинжлэх ухааны доктор”, профессор, дэд профессор, академич цолны нэмэгдлийг тогтоосон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг нэн даруй хүчингүй болгож, шинжлэх ухааныг дөнгөнөөс нь салгах цаг болсон. Зөвхөн академич цолны нэмэгдэлд улсын төсвөөс жилд 350 орчим сая төгрөг гардаг аж. Улсын төсвөөс нэмэгдлийг нь олгодог, Монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгч батламжилдаг энэ цолыг ямар шалгуур болон зарчмаар, ямар бүтээлтэй хүмүүст олгож байгааг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Монголын үндэсний бөхийн холбоо ямар барилдаанд ямар амжилт үзүүлснээр нь бөхчүүдийнхээ чансааг тогтоож, нэрээр нь зарлаж байгаатай нэгэн адилаар ямар зиндааны сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж, түүнээс нь хэр эшлэл авагдсан зэрэг тодорхой үзүүлэлтээр эрдэмтдээ эрэмбэлж, олон нийтэд зарлаж шинжлэх ухааны нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн өөрөө өөрсдөдөө дур мэдэнцол гуншин олгож, түүнийхээ нэмэгдлийг улсын төсвөөс гаргуулдаг, түүгээрээ далайлган бусдыг айлгадаг явдлыг эцэс болгох хэрэгтэй.Монгол улсын Ерөнхийлөгч батламжилдаг, улсын төсвөөс мөнгийг нь гаргадаг, эрдэмтдэд олгодог цол хэрэгтэй бол түүнийг нь хэсэг бүлэг хүмүүс үзэмжээрээ олгодог биш, Нобелийн шагнал авсан ч юм уу, эсвэл дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд голлох зохиогчийн хувиар бүтээлээ хэвлүүлсэн гэх мэтээр тодорхой шалгууртай болгож, хувь, хувьсгалын гэлтгүй шинжлэх ухааны салбарын бүх субъкт-оролцогчдыг төлөөлж чадахуйц олон нийтийн байгууллага санал болгодог байх нь зүйд нийцнэ. Төр засгийн буруу шийдвэрээс болж, төрийн албан хаагчид хүртэл докторын зэрэг хамгаалах, түүгээрээ дарамтлах, түүнийг албан тушаал дэвших хэрэгсэл, намтар, нэрийн хуудсандаа бичих “чимэг” болгох гаж хандлага бий болсон байна. Төрийн алба бол түмэнд үйлчлэх сэтгэлтэй, төрийн албаны дадлага, туршлага, ур чадварт тулгуурлан шатлан дэвших зарчим үйлчилдэг салбар юм. Докторын зэрэг хамгаалах нь тухайн чиглэлээрээ академик байгууллагад ажиллах, судалгааны ажил хийх, удирдахад тавигддаг наад захын шаардлага болохоос төрийн хар хүн, төрийн албан хаагч болохын тулд докторын зэрэг, профессор цолтой байх нь ямар ч давуу тал болох учиргүй. Доктор, профессор нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг академик байгууллагад ажилладаг хүмүүст хамаатай болохоос төрийн албан хаагчдад огт хамаагүй гэдгийг бид ухаарах цаг болжээ.

Жич: Эрдмийн зэрэг, цолны талаар дараа тодорхой бичих болно.

МУИС-ийн багш, Эм зүйн шинжлэх ухааны доктор (Dr.Pharm.) Ж.Батхүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *