Categories
мэдээ цаг-үе

Д.Отгонбаяр: Аяллын захиалгын 70 гаруй хувь нь цуцлагдаж, урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэж байна

МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар коронавирусийн халдварын тархалтын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсаж байгааг тодотгосон. Тодруулбал, аялал жуулчлал, түүнтэй холбоотой компаниудын 90 гаруй хувь нь “COVID-19”-өөс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд бизнесийн үйл ажиллагаанд маш их буюу ноцтой түвшинд нөлөөлж байгааг хэлжээ. Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.


-Жуулчдын урсгал татарснаар аялал жуулчлалын салбарт ихээхэн хүнд цохилт болж байх шиг байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Тийм ээ. Энэ нь хэд хэдэн үзүүлэлтээс тодорхой харагдана. Анх коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарсан цар тахал болно гэж үзээгүй, тэгэс гээд намжчих болов уу гэсэн найдлага байсан. Одоо бол байдал маш хэцүү болж байна. Нэг жишээ хэлье. Бид 2018 онд анх удаа Монгол Улсад хагас сая жуулчин хүлээн авсан юм. Энэ нь өмнөх оныхоос 12 орчим хувиар өссөн дүн байлаа. Ингэснээр нийт 569 сая ам.долларын орлого олсон байдаг. Манай улсад аялж буй жуулчдын 31 хувийг Хятадын иргэд эзэлдэг. Ер нь 2018 онд Хятадын 160 сая хүн дэлхий даяар аялсан байдаг. Тэд 287 тэрбум ам.долларыг аялал жуулчлалд зарцуулсан. Тэгэхээр энэ жил Хятадын зах зээлээс авах жуулчин манай орон төдийгүй дэлхий дахинд ч байхгүй боллоо.

Бид 2, 3 дугаар сард судалгаа авахад манай улсад аялахаар төлөвлөж, захиалга өгөөд байсан жуулчид тур оператор компаниудад хандан аяллаа эрчимтэй цуцалж эхэлсэн. Энэ нь 40 хувьтай явж байна гэсэн тоо өгсөн. Одоо сүүлийн хорио цээрээс хойших судалгаанд 50-100 хувийн цуцлалттай явж байна. Зарим компани аялагчаа 100 хувь алдсан гэсэн үг. Ингээд нийт дүнгээр тооцвол 2020 онд манай улсад аялахаар төлөвлөж, захиалга өгөөд байсан хүмүүсийн 70 хувь нь ирэхээ больж байна. Гэхдээ энэ тоо цаашид яаж өөрчлөгдөхийг тааварлах боломжгүй. Анх Хятад руу анхаарал чиглэж байсан бол цар тахал АНУ, Европыг нөмөрчихлөө. Тэгэхээр 2020 онд Монголд ямар ч жуулчин ирэхгүй, энэ салбар ямар ч орлогогүй өнжиж мэднэ. Ер нь манай улсад ирж буй жуулчдын 31 хувь нь Хятад, 26 хувь нь Орос, 16 хувь нь Солонгос, 4 хувь нь Япон, үлдсэн нь Европ болон Америкийн зах зээлээс ирдэг.

Тур оператор компаниуд жуулчдынхаа урьдчилгаа мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл аялалууд нь цуцлагдсанаар урьдчилгаа мөнгийг буцаагаад төлөх хэрэгтэй болж байна. Эндээс компаниуд ямар их хохирол амсаж, хүнд байдалд орж байгааг харж болно. Манай аялал жуулчлалын салбар хэвтээ тэнхлэгээр олон салбартай уялдаатай ажилладаг. Зочид буудал, жуулчны бааз, ресторанууд гэх зэргээр бүх л үйлчилгээний байгууллага зогсонги байдалтай байна.

-Аялал жуулчлалын салбарт хэчнээн хүн ажилладаг вэ?

-Уг салбар 50-60 мянган ажлын байрыг бий болгодог гэсэн статистик бий. Манай ажил улирлын нөлөөтэй. Тиймээс зуны улиралд шинээр 10 мянган ажлын байр бий болгож байна. Хөтөч, жолооч гээд бүгд орж байна.

-Энэ үед компаниуд ямар бодлого барьж байна вэ?

-Ажлын байраа авч үлдэх нь хамгийн чухал болоод байна. Энэ салбарт янз бүрийн түвшний компани бий. Зарим нь олон жил ажилласан, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж ирсэн газрууд байна. Мөн байгуулагдаад удаагүй, одоо л өндийж ирж байгаа компаниуд ч бий. Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлаа хангаад энэ жил анх удаа жуулчин авахаар төлөвлөж байсан газрууд байгаа. Энэ болгонд харилцан адилгүй нөлөөлж байна. Бүх компанийн хувьд сургаж авсан хүний нөөцөө алдахыг хүсэхгүй байгаа. Ажилчдаа алдахгүйн тулд ихэнх нь цалинжуулаад явж байгаагаа хэлсэн. Гэвч нөхцөл байдал дээрдэхгүй бол хэдий хугацаанд энэ хүмүүсийг ажилгүй цалинжуулаад явах вэ гэсэн асуулт байна. Багахан нэг найдвар байгаа нь 5,6 сарын жуулчид цуцлагдаад эхэлсэн ч 7,8,9 сарын жуулчдаас цөөн ч болов ирж магадгүй гэж найдаж, хүний нөөцөө хамгаалж үлдэхийг хичээж байна. Гэхдээ энэ бол маш бүрхэг, эрсдэлтэй найдвар шүү дээ. Хэрэв байдал хүндэрсээр байвал хүмүүсээ цомхотгохоос өөр гарцгүй. Компани ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ хэрхэн хийснээс хамаарч ямар зохицуулалт хийхээ шийдэх байх.

-Коронавирусийн халдвар гэнэтийн зүйл байлаа. Аялал жуулчлалын салбарт ийм огцом өөрчлөлт гарч ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Хэр барьц алдаж байна вэ. Шийдэл олдох нь уу?

-Мэдээж таны хэлсэнчлэн тооцоолоогүй байсан. Дээр хэлсэн, хүлээгдэж байгаа наймдугаар сараас хойших жуулчдаа горьдож байна. Магадгүй нөхцөл байдал хүндэрсээр байвал зун, намар огт жуулчин ирэхгүй байж мэднэ. Тэгэхээр дотоодын аяллыг хөгжүүлье гэж санал солилцож байна. Бас Засгийн газарт хандана.

-Засгийн газраас юу хүсч байгаа вэ?

-Холбоод нэгдээд МҮХАҮТ-д уулзалт хийж, ямар хүндрэл үүссэн тухай нэгтгээд эдийн засгийг дэмжих багц төсөл гаргасан. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүлээд уулзах цаг товлосон. Манай холбооны хувьд салбарын яам болон Ерөнхий сайдын дэргэдэх аялал жуулчлалыг дэмжих лобби бүлэгт тусгайлан хандъя гэж бодож байгаа. Төрөөс Монгол Улсаа сурталчлах зорилгоор төсөвт багагүй мөнгө суулгаж өгдөг. Бид тэр төсвөөс аялал жуулчлалынхаа компаниудад магадгүй буцалтгүй тусламж, дэмжлэг, эсвэл хүүгүй зээл ч юм уу олгох боломж байна уу гэдэг асуудал тавих гэж байна. Төр засаг хэрхэн хүлээж авахыг бид мэдэхгүй.

Ер нь Монголыг гадаадад сурталчлах ажилд компаниудаас ихээхэн зардал гаргадаг шүү дээ. Тухайлбал, гуравдугаар сард болдог олон улсын хамгийн том үзэсгэлэнд жил бүр есөөс доошгүй компани ороод удаж байна. Нэг компани л гэхэд зөвхөн талбайн түрээсэнд 10 сая төгрөг өгдөг. Энэ мөнгөнөөс гадна тухайн үзэсгэлэнд оролцохын тулд компаниас хоёроос дээш ажилчин явдаг. Үүнд чамлахааргүй зардал орно. Жил бүр олон улсын 10 гаруй томоохон үзэсгэлэнд манай компаниуд оролцож Монголоо сурталчилдаг гэхээр чамлахааргүй зардал гаргаж ирсэн. Харин энэ жил вирустэй холбоотойгоор бүх үзэсгэлэн цуцлагдлаа. Эдгээр үзэсгэлэнд Монгол орноо сурталчлахаар төрөөс тавигдсан мөнгийг бидэнд ямар нэг хэлбэрээр дэмжлэг болгож олгооч гэж хүсч байгаа.

-Коронавирусийн хоёр дахь давлагаа болж болзошгүй гэсэн таамаглал бий. Хэрэв энэ таамаглал биелэлээ олбол аялал жуулчлалын салбар улам хүндрэх төлөвтэй байна. Компаниуд өнөөгийн нөхцөл байдалд хувирах боломж бий юү. Тухайлбал, онлайнаар мэдээлэл түгээж 2-3 жилийн дараа авах жуулчдаа одооноос татах ч юм уу?

-Миний хувийн бодлоор төр засаг, хувийн компани ч тэр жуулчдыг татан авчрахын тулд олон үзэсгэлэнд оролцоод явж байсан. Бид ирээдүйд энэ байдлаас салах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Таны хэлснээр эх орноо онлайнаар таниулах, сурталчлах арга байж болно. Юм хоёр талтай. Халдварын тархалт хэр удаан үргэлжлэхийг тааварлах аргагүй ч олонхын хэлж байгаагаар жил тойрох нь ээ. Гэтэл аялал жуулчлалын салбар маш сайн төлөвлөгөөтэй явдаг салбар. Жишээ нь, бид 2020 оны жуулчнаа 2018 оноос реклам сурталчилгаагаа явуулж, үзэсгэлэнгүүдэд оролцож байж бэлдэж авдаг. Тэгэхээр нэг жил үргэлжлэх өвчний улмаас 2021, 2022 оны жуулчдаа алдаж мэдэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд бид өнөөдөр ямар сурталчилгаа хийж жуулчдаа татах вэ гэдэгт хамтарч ажиллах шаардлагатай байна. Өөр гарц гаргалгаа олох хэрэгтэй. Заавал тухайн нутагт нь очиж үзэсгэлэнд зогсох бус төрийн нэгдсэн бодлогоор онлайнаар сурталчлах гарц байж болно. Гадаад харилцааны яам, манай салбарын яам гэх зэргээр төрийн болон хувийн хэвшил нэгдэн эх орноо нэг бодлогоор сурталчлах хэрэгтэй.

Манайд коронавирусийн тохиолдпол бага байна. Тэгвэл бид яаж сэргийлж, өвчнийг хэрхэн тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадаж байгааг төрийн бодлогоор нэг урсгалаар дэлхий нийтэд зөв зүйтэйгээр илэрхийлэх боломжтой. Гадаадын судлаачид болон Монголд ирчихсэн байсан хүмүүс нутагтаа очоод Монголын талаар нэлээн эерэг мэдээллүүд бичээд байгаа. Халдварын тархалт бага байгаа нь монгол хүний идэж ууж байгаа хоол хүнс, ген, дархлаа зэрэг олон зүйлтэй холбоотой байж мэднэ хэмээн бичиж байна. Энэ эерэг урсгалыг бид зөв ашиглах шаардлагатай.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *