НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Гуравдугаар сарын 29-ний байдлаар дэлхий дахинд өвчилсөн нийт тохиолдол 65301, нас барсан 30162, бүрэн эдгэрсэн 139582 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 24 цагийн дотор өвчлөл нэмэгдсэн улс орон байхгүй. Харин АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Их Британи, Швейцарь гэсэн орнуудад хамгийн их өвчлөл тархсан байна. Монгол Улсын хувьд 24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна” хэмээв.
МХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Засгийн газрын 62 дугаар тогтоол түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд Улаанбаатар хотын найман товчоодод хяналт шалгалтыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотруу нэвтэрсэн нийт 35951 тээврийн хэрэгслийг шалган, хотоор дамжин өнгөрсөн 11 тээврийн хэрэгслээр 272.2 тонн түүхий нүүрс Төв аймгаар дамжин өнгөрсөн” гэсэн мэдээллийг өглөө.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын соёл аян эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд шат дараатай ажлууд хийгдэнэ. Хотоо соёлтой байлгана гэдэг нь хэн нэгэн албан тушаалтны санаачилж хэрэгжүүлдэг зүйл огт биш. Энэ бол нийт иргэдийн санал санаачилга, оролцоотойгоор хийгдэх ажил гэдгийг та бүхэн мэднэ. Хотоо дэлхийн жишигт хүргэсэн хот болгохын тулд хүн бүхэн иргэний оролцоогоо нэмэгдүүлээсэй гэж хүсч байна” хэмээлээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, мөс нимгэрч, нийслэлийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа энэ үед иргэд, оршин суугчдыг бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.