Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нийт долоон өрхийн 22 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, нэг иргэн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт нийт 64999 угаарын хий мэдрэгч тараахаас 57105 ширхэгийг айл өрхүүдэд суурилуулан 87.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд угаарын хий мэдрэгчийг тараахдаа олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс айл өрхүүдэд нэгбүрчилэн очиж тарааж байна. Мөн зуслангийн бүсэд очиж суурилуулсан. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг 100 хувь тараана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамж гарч томуу, томуу төст өвчний тархалт, коронавирусийн халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, ухамсарыг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд 1802 ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн 243 маршрутаар хяналт тавьж, 16994 иргэнд зөвлөмж танилцуулан, 14976 иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай газар бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 7359 иргэнд анхааруулга, санамж зөвлөмж өгч, 764 аж ахуйн нэгж байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *