Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй энэ үед нийслэл дэх гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Цагдаагийн байгууллага энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эхний хоёр сарын байдлаар 4405 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 761 хэргээр буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлт гарсан. 761 иргэн гэмт хэргийн хохирогч болоогүй гэсэн эерэг үзүүлэлт харагдаж байна. Оны эхний хоёр сард үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөөр нь авч үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 79 бүртгэгдсэн. Урьд оны мөн үеэс 63 хувиар буурсан үзүүлэлт байгаа. Мөн өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.
Үүнээс гадна хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 923 бүртгэгдсэн. Энэ 14 хувиар буурсан сайн мэдээ байна.
-Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Хөл хорио тогтоогоод байгаа нь нөлөөлж байна уу?
-Цагдаагийн байгууллага Цагаан сарыг угтаж Сар шинэ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үеэр олон нийтэд хулгайн гэмт хэргээс сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх ажлуудыг цахим орчинд түгээх ажиллагаа явуулсан. Иргэд өөрсдөө гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж барилга байгууламж, эд хөрөнгийнхөө хамгаалалт бэхэлгээг сайжруулсан байна. Орчин үеийн дэвшилтэт техник технологид нийцүүлж шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болжээ. Камерын хяналтыг сайжруулсан нь гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.
Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг мөн буурсан үзүүлэлттэй байгаа. Гэмт хэргийн илрүүлэлт ч өссөн.
Оны эхний хоёр сард 12786 хүн эрүүлжүүлэгдсэн нь мөн буурсан үзүүлэлт харагдаж байна.
-улсын онцгой комиссын шийдвэрээр бар, караоке зэрэг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаад байна. Энэ нь гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлд яаж нөлөөлж байна вэ?
-Хоёрдугаар сараас л Улсын онцгой комиссын тушаал шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаар сард гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан.
Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад дагаад хэрэг зөрчил өсөх хандлагатай байдаг. Хөл хорио тогтоож, хөдөлгөөн татрахад дуудлага мэдээлэл багасдаг.
Оны эхний хоёр сард 34212 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дотор нь ангилаад үзэхэд гэмт хэргийн шинжтэй 1547 дуудлага иржээ. Зөрчлийн шинжтэй үйлдлийн дуудлага 28295 бүртгэгдсэн. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 20 дуудлагаар өссөн үзүүлэлт харагдаж байна.
Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага буурсан үзүүлэлт гарсан. Бар, караоке зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосноор иргэдийн архины хэрэглээ буурсантай үүнийг холбож тайлбарлаж болно. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 1076 хүнд баривчлах ял оногдуулсан нь үүнтэй холбоотой байж болно.
-Гуравдугаар сард манайд коранавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж нөхцөл байдал хурцадсан. Энэ үеэр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Гэмт хэргийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөв?
-Он гарснаас хойш гуравдугаар сар гарсаар 23-ны өдрийг хүртэл 27263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 7301 дуудлагаар буурсан үзүүлэлт. Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 871 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт. Энэ нь ч хөдөлгөөнийг хориглосонтой шууд хамааралтай гэж харж байна. Хөл хөдөлгөөн хорьж архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг хязгаарлахад гэмт хэрэг, зөрчил буурдаг нь эндээс харагдаж байна. Энгийнээр тайлбарлахад олон хүн цугласан газар хулгайн гэмт хэрэг гардаг. Олон нийт цугласан газар халаасны хулгайн хэрэг бүртгэгддэг. Олон хүн цугласан газар л хэсэг бүлгээрээ архидан согтуурч, танхайрдаг шүү дээ. Карантилахаас өмнө шөнийн Улаанбаатар өдөр шиг хөдөлгөөнтэй байсан. Гурав, дөрөвдүгээр хороолол, Сансар зэрэг газруудаар архидан согтуурсан залуус дүүрэн хашхиралддаг байсан шүү дээ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон үед гэмт хэрэг зөрчлийн гаралт буурсан байна.
-улсын онцгой комиссын зүгээс бар, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоосон ч архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргаагүй. Шийдвэрийн дараа иргэд ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их гарсан тухай мэдээлэл байсан. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг олон бүртгэгдсэн гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Гуравдугаар сарын 1-нээс 23-ны хооронд гэмт хэрэг зөрчлийн 2824 дуудлага бүртгэгдсэн. Ахуйн хүрээнд архидан согтуурах дуудлага буурахгүй байна гэх мэдээлэл байгаа. Огцом өссөн, нэмэгдсэн асуудал байхгүй. Зөрчлийн шинжтэй дуудлага өнгөрсөн хоёрдугаар сард 20-иор өссөн үзүүлэлт байгаа.
Гэр бүлийн хүрээнд биш, найз нөхдийн хүрээнд архидсан, хоорондоо маргалдсан бол зөрчлийн шинжтэй дуудлага руу ордог.
Гэр бүлийн эхнэр, нөхөр ахуйн хүрээнд архидаад хоорондоо маргалдаж, сөрөг харилцаа үүсгэсэн бол гэр бүлийн хүчирхийлэл. Хүмүүс үүнийг ялгахгүй гэр бүлийн хүрээнд архидаж хүчирхийлэл үйлдэж байгаа тухай яриад байгаа юм.
Айлд, зочид буудалд хэсэг бүлгээрээ архидсан тохиолдол бий. Гэхдээ хөл хорио тогтоож, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн тоо буурч, гэмт хэрэг зөрчил буурсан.
-Оршин суух тодорхой хаяггүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын 108, 223, 168, 333 гэсэн дөрвөн захирамжид цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилласан. Мөн 345 дугаар захирамж гаргасан.
Уг захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажил хийж байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн халамжийн газар, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажиллаж 238 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. 144 иргэнийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна нийгмийн хамгааллын тусгай төвд 111 хүнийг хүлээлгэж өгөөд байна. Мөн гэр оронгүй иргэдийн хүлээн авдаг төрийн бус байгууллагуудад 127 хүнийг хүлээлгэж өгсөн.
-Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад гол төлөв ямар зөрчил дутагдал илэрч байна вэ?
-Засаг даргын А 223 дугаар захирамж мөрдөгдөөд явж байна. Энэ захирамжаар цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30 хүртэл зогсоосон. Мөн бар, караоке, фитнесс, бассейн амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоосон. Захирамжийн хүрээнд өдөр тутам хяналт шалгалт тавиад явж байна. Өмнөх захирамжуудтай нийлээд 192 зөрчил илрүүлсэн.
Тогтоосон цагийн хязгаарын зөрчсөн ресторан 31, сүлжээ хоолны газар зургаа, бар найм, караоке зургаа, цахим тоглоомын газар 20, шашны байгууллага нэг бүртгэгдсэн. Мөн нууцаар ажилласан зургаан дэн буудлыг илрүүлсэн.
Илэрсэн зөрчлөөс 26 цахим тоглоомын газрын гэрчилгээг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 51 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналаа нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлээд байгаа.
Үүнээс гадна гудамж талбайд нус, цэр шүлсээ хаяхгүй байх 168 дугаар захирамжийн биелэлтэд хяналт тавиад явж байна. Захирамж гарснаас хойш 8886 хүнд 89 сая төгрөгийн торгууль тавьсан.
-Дээрх зөрчлийг хэрхэн илрүүлж байна вэ?
-Хэв журмын цагдаа нарын хяналт болон хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж арга хэмжээ авч ажиллаж байна.