Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Эрт арга хэмжээ авсан бол алдагдал бага л хүлээх байсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Коронавирус эдийн засгийн ноцтой хямрал болж байгаа учраас дэлхийн улс орнууд эдийн засгаа сэргээх бодлогыг барьж байна. Манай улс энэ асуудалд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Монгол Улсын эдийн засгийн 80-90 хувь нь гадаадаас хамааралтай, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ утгаараа манай улсын эдийн засагт савлагаа үүсэх хандлагатай байна.

Тиймээс эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар ойрын үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо яаралтай хуралдах ёстой.

Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага зүй ёсоор тулгарсан.

Тухайлбал,Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Уг хуулийн өөрчлөлтөөр ААН-үүдийн нэг, эсвэл хоёр улирлын татварыг тэглэх. Үүнд бүх ААН хамрагдахгүй, ресторан, үсчин зэрэг аж ахуй эрхэлдэг хүмүүсийн 3-6 сарын татварыг тэглэхэд хамгийн багадаа 23 хувь, цаашлаад НӨАТ-тай нийлээд 40 хувийн татвараас чөлөөлөгдөнө.Мөн иргэдэд цахилгаан, дулааны төлбөрт нь хөнгөлөлт үзүүлмээр байна. Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийн түрээсийн зардал болоод банкны зээлийг чөлөөлөх хэрэгтэй. Хамтарсан эдийн засгийн бодлого гаргахгүй бол бид оройтлоо.Эрт арга хэмжээ авсан бол алдагдал бага л хүлээх байсан. Одоо бол алдагдал улам нэмэгдэх хандлагатай байна.

-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй гэж ярьж байна л даа. Уг нь таны ярьж байгаагаар энэ асуудалтай холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байна шүү дээ?

-Манай гишүүд сонгууль ойртсон гээд тойрог руугаа яваад өгөх юм байна шүү дээ. Уг нь бид 76 гишүүнтэй. Одоо бараг гурван нөхөр нь больчихжээ. Одоо 73 тойргийн хүн байна. Тэдгээр хүмүүс Улаанбаатартаа байж баймаар байна шүү дээ. Алх цохиход бэлэн байж баймаар байна. Ээлжит бусаа хуралдуулдаггүй юм гэхэд байнгын хороо хуралдмаар байна шүү дээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрөөс эхлээд өдөр болгон уулзаад Эрүүл мэндийн яамны мэдээллийг аваад энд гаргаж байгаа бодлогуудыг нь тодорхойлоод, гол нь энэ бүгдийг хуулиар шийдэх ёстой байхгүй юу. Ямар ч том эрх мэдэлтэй байсан, У.Хүрэлсүх ямар ч том байлаа гээд хууль зөрчиж болохгүй юм л даа. Тэгэхээр хуулийн дагуу ажиллах бололцоог нь олгоод өгье л дөө. Онцгой байдлын үед юу хийх ёстойгоо ярья.

-Онцгой байдлын үе гэлээ. Ер нь энэ нөхцөл байдлаас болж уиХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж магадгүй. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Яг одоо ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд эрт байна. Хуулиа харъя. Гуравдугаар сарын 25-нд сонгуулийн хуулиар мөрийн хөтөлбөрөө намууд өөрсдийн удирдах дээд байгууллагаараа хуралдуулаад шийдэх ёстой. Хуучнаар бол 21 аймгаас төлөөлөгчид нь ирээд манай нам сонгуульд ийм мөрийн хөтөлбөртэй, ингэж орно. Зөвшөөрч байна уу, үгүй юү гээд. Зөвшөөрч байвал баталгаажуулаад Аудитад аваачиж өгөх ёстой юм. Аудит тэрийг нь үзээд Монгол Улсын төсөв, ирээдүйн чиг хандлагатай нийцэж байна гээд харна. Ер нь бүх хүнд орон сууц өгнө гээд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлбэл галзуу хүний үг шүү дээ. Үүнийг мэдээж болохгүй гэж үзнэ шүү дээ. Хойшилно, хойшлохгүй гэдгийг хэлэхэд эрт байна. Коронавирус олон зүйлийг байхгүй болгож байна. Бизнес эрхлэгч, улстөрчид гээд Монгол Улсын хувьд хүнд байна. Гэхдээ үүнийг УИХ шийднэ. Хуулиараа дөрөвдүгээр сарын 5 байдаг болохоор тэр үед л шийднэ.

-Та ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвших үү?

-МАХН-аас нэр дэвшмээр байна. Харамсалтай нь, МАХН-ыг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр хувьчлаад авчихсан. Би болон МАХН-ын гишүүд нь ялагдчихаад байна. МАХН даргагүй нам. Учир нь, Улсын дээд шүүхээс МАХН-ыг даргагүй гэдгийг тогтоочихсон. Тийм болохоор гишүүд маань санал тавибал би намын Их хурлаа хийж маргаанаа Дээд шүүхээр шийдүүлэх хооронд УИХ-ын сонгуульд МАХН орохгүй байх магадлалтай. Би нэр дэвшихгүй байх нь асуудлын гол биш. Гэхдээ МАХН-ын асуудлыг мэддэг, эсвэл мэддэггүй хүмүүс гэж бий. Мэддэггүй хүмүүсийн зүгээс МАХН-аас нэр дэвшчих юмсан гэсэн намын эгэл жирийн гишүүдэд ганц гэмт хэрэгтнээс болж би саад хийж болохгүй. Хоёрдугаарт, намайг намаасаа 11 удаа хөөсөн хүмүүс нэр дэвшүүлэхгүй нь ойлгомжтой.

-Тэгэхээр та аль ч намд орж магадгүй гэсэн үг үү?

-Найман жил бие даагч хийлээ шүү дээ. Би 1994-2011 он хүртэл АН-ын гишүүн байсан шүү дээ. 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүнээ буудаж байхад хүүхдүүдийг нь чөлөөлье гээд л амар тайван өмгөөллийн ажлаа хийгээд явж байсан хүн шүү дээ. Дараа нь Шинэбаяр ахтайгаа нийлээд МАХН-ыг буцааж сэргээгээд, тэгээд шулуухан хэлэхэд намаа алдчихсан л хүн байхгүй юу.

-Сонгуулиар нэр дэвших үү?

-Дэвшинэ. Эрдэнэтчүүдэд амласан юм байгаа. Тэдэнд тайлангаа тавих ёстой. Юу ч хийгээгүй бол тэд хөөгөөд явуулах эрхтэй. Манай Эрдэнэтийнхэнд нэг сайхан чанар байдаг. Чи аль нам байх нь хамаагүй, чи хулгайч биш байх ёстой гэдэг. Худалч, хулгайч хүнийг явуулна. Зөв байвал цаашаагаа явуулна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 30 хувийг хувьчлах асуудал яригдаж байгаа шүү дээ. Энд та ямар байр суурьтай байна вэ?

-Би 2015 онд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үед 15 мянган хүний гарын үсэгтэй өргөдөл ирээд тэр өргөдлийн дагуу 1072 хувьцааны хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэх ажлыг хийсэн байдаг. Үүний үр дүнд хоёр сая 700 гаруй мянган иргэн хувьцаа авах эрхтэй болж байна. Тухайн үед “Энержи ресурс” ХХК болон Сайд асан М.Энхсайхан нар Мега төсөл нэрээр Таван толгойг өөр компанид өгөх гэж байсан юм. Миний хувьд хоёр сая 700 гаруй мянган иргэний хувьцаа эзэмшигчийн асуудлыг шийдвэрлэсэн учраас 10 хувийн өмчлөгчийн эрхийг заавал баталгаажуулах ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан. Таван толгойн ажлыг УИХ-аар оруулах ёстой гэсний дагуу энэ асуудал ерөнхийдөө зогсчихсон байсан юм. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” ХХК-д өгөхөөргүй болсон. Тэр буруу зүйл байгаагүй. Яагаад гэвэл нийт хувьцаа эзэмшигчид хувьцаагаа одоо эзэмшээд, хувиа хүртэх гээд явж байна. Гэхдээ компани учраас мэдээж олон улсад гарч, хөрөнгө татах ёстой. 2018 онд УИХ-аар Таван толгойг IPO хийе гэдэг санал орж ирж байлаа. Тухайн үед 2021 оны Чингис, Самурай бондын өр, Гашуунсухайтын төмөр замын ажлыг дуусгах шаардлага байсан. Доод тал нь 5.5 тэрбум ам.доллараар IPO босно гэж байсан учраас тэр утгаараа миний бие үүнийг зөвшөөрч байв. Ийнхүү УИХ-ын шийдвэр биелэх ёстой гэж бодож байтал биднээс хамаарахгүйгээр нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, “COVID-19” буюу коронавирусээс шалтгаалж, дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл уначихаад байна. Дэлхий нийтээрээ George soros гэдэг хүнд дургүй байдаг. Шалтгаан нь хөрөнгийн зах зээл уналттай байгаа үед гадны үнэ цэнэтэй үйлдвэр, брэндийн зүйлсийг хувьчилж авчих гээд байдаг юм.

Үүнийг “Эдийн засгийн алуурчид” гэж манайхан нэрлэдэг. Түүнтэй адил өнөөдөр дэлхийн зах зээл хямралтай, хөрөнгийн нөхцөл байдал хэцүү үед сандарч, тэвдэж байгаа мэт байгаа зүйлээ зарж, үнэгүйдүүлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *