Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн зуухны битүүмжлэл болон бүрэн бүтэн байдлыг шалгаж, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн заавар зөвөлгөөг өгч ажиллажээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 16 захирамжийн 24 заалтын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг хороодтой хамтран ажиллаж байгаа аж.Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд түлш нөөцлөх 5 агуулах байгуулж, түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын цэг, 24 цагаар ажилладаг дундын 40 цэг гээд нийт 389 боруулалтын цэг ажиллаж байна. Мөн машин явах боломжгүй 25 өндөрлөг цэгт ЗИЛ-131автомашинаар түлш хүргэж байгаа юм.Сайжруулсан түлшний тээвэрлэлт, нөөцлөлт тухай бүрт хийгдэж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг түлшээр хангах ажлыг тасралтгүй 24 цагаар хийж байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс төвийн зургаан дүүргийн 41 хороонд 70 мянган угаар мэдрэгчийг нутгийн захиргааны 12 мянган албан хаагчтай хамтран гэр хорооллын айл өрхүүдэд тараасан бөгөөд 3 дахь ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг тараахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанар сайжирсан байна. Тодруулбал өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 53 хувиар, PM2.5 тоосонцор 43 хувиар буурчээ.

Цаашид агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, айл өрхүүдийн зуух, яндангийн стандартыг хангуулах, “Түлшээ нөөцлөх аян” өрнүүлэх, шахмал түлшний нөөцлөлтийг бүрдүүлэх ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран санал боловсруулах шаардлагатай байгаа талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санал хэллээ. Мөн тэрбээр ирэх жилээс алсмагдал дүүрэг хороодын агаарын чанарыг сайжруулах талаарх мэдээлэл өгсөн юм.

Зөвлөлийн гишүүд тус асуудалд асуулт асууж, санал хэлээд тодорхой чиглэлээр хийгдэх ажлуудаар холбогдох албаныханд тэмдэглэлээр үүрэг өглөө.

Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг хийж байна

Улаанбаатар хотын автотээврийн товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болон иргэдээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор асуумж авч байгаа талаар НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа мэдээллээ.

Монгол Улс орон даяар энэ оны хоёрдугаар сараас эхэлж өндөржүүлсэн бэлэн байддлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээ”-ний аргачлалыг нэвтрүүлэн Улаанбаатар хотын шилжин суурьшилтын талаарх мэдээллийг системтэйгээр цуглуулж, онцгой байдлын үед авах арга хэмжээ, бодлого боловсруулах зорилготойгоор шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч тандалт судалгааны ажлыг хийж байгаа юм.

Хоёрдугаар сараас эхэлж шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хөдөлгөөн их чиглэж байгаа нь ажиглагджээ. Мөн шалган нэвтрүүлэх товчоодоор нийслэл хотод нэг сарын хугацаатай зорчих иргэд 62 хувь, 7 хоног зорчих иргэд 16 хувь, нэг өдөр зорчих иргэд 14 хувийг эзэлж байгаа үзүүлэлт гарсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа өглөө.

Дэлхийн 80 гаруй оронд туршигдсан энэ судалгааны аргыг Монгол улсад анх удаа хэрэглэж байна. Уг судалгааг хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Судан улсад Эбола вирусийн үед ашиглаж эрсдлээс хамгаалж байжээ. Шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс асуумж авч ажиллаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *