Коронавирус дэлхий даяар дэгдэж, 168 улсад тархан 8800 гаруй хүний амь насыг авч одлоо. Зарим улс оронд коронавирусийн дэгдэлт ид үргэлжилж байгаа учир энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өчигдөр БНХАУ-д коронавирусийн нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Итали улс 475 хүнээ алдсан харамсам мэдээтэй байлаа. Дэлхийн зарим улс орнууд коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрнэ гэж огтхон ч төсөөлөөгүйн дээр хор уршгийг нь хөнгөнөөр үнэлсэн учир ийнхүү барьц алдаж байх шиг. Нөгөө талаар тэд эдийн засгаа балалчих вий гэсэндээ өнгөрсөн хоёр сар гаруйн хугацааг алдчих шиг боллоо.
Ямартаа ч өнөөдөр Баруун Европ коронавирусийн голомт болчихлоо. Энэ үед тэдний эрх баригчдын мэдэгдлүүд хамгийн их сонирхол татаж байна. Испанид л гэхэд өндөр настнууддаа эмнэлгийн тусламж үзүүлэхээ больж, залуусаа л эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхээр шийдсэн. Герман улсын канцлерь Ангела Меркель герман хүн бүрийн халдвараас сэргийлэх зарчимд олон хүний дунд орохгүй байх, өндөр настнууд зэрэг эмзэг бүлгийн хүмүүстэй ойр харилцахгүй байхыг дурдсан.
Англи улс өвчин бол хүмүүсийн л асуудал, бид эдийн засгаа л нэгдүгээрт тавина хэмээсэн. Харин АНУ эрүүл мэнд, эдийн засагтаа тавь, тавин хувийн анхаарал хандуулах бодлого барина гэдгээ илэрхийлсэн юм.
Ингээд харахад аль нэг тал руу хэлбийх нь амьдралд нийцэхгүй юм шиг, эдийн засгаа л авч үлдэнэ гэх байр суурь нь харгис мэт сонсогдож байна. Гэхдээ энэ бол дэлхий дээр тэсч үлдэх гэсэн арга яах аргагүй мөн. Эдгэх магадлалтай, ажиллах хүчийг бүрдүүлэх залуусаа эмчилж, тэдний хүчээр эдийн засгаа өндийлгөж, урагшлуулахыг тэд зорьж байгаа хэрэг. Тэртэй тэргүй насны эцэс болсон хөгшчүүдийг эмчилж, эдийн засагтаа ачаа нэмэхгүй гэсэн санаа. Эдгэлээ ч тэд ажил хийж, улсад татвар төлөн эдийн засагт нэмэр болох биш гэж харж байгаа нь гарцаагүй биз. Тэдний байр сууриас ийм бодлого баримтлагдаж байгаа нь уншигдаж байна.
Дээрээс нь хөгжингүй орнууд эдийн засгаа нэн тэргүүнд анхаарах болсон шалтгаан нь иргэдийнхээ амьжиргааг таслахгүй байх явдал. Олон ядуу хүмүүс энэ дэлхий дээр үлдвэл тэд тахал гарсан үгүйгээс үл шалтгаалж үхэх л болно. Өлсөөд, хоолоо булаацалдаж дайтаад, эм тангаа авч, өөрийгөө тордож чадахгүйгээр л талийна. Харин тэдний оронд ажилтай орлоготой, амьдрах чадвартай нь үлдвэл хамгийн наад зах нь эм тангаа авч, шим тэжээлтэй хоол унд олж идэж, эрүүл мэндийн дэглэмээ сахиж, эмх замбараатай байж чадна. Тиймдээ ч иргэд ажил орлоготой байж чадвал хорогдол гарлаа ч бид цааш удаан “алхана” гэж үзэж байгаа бололтой.
Манай улсын хувьд эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьсан. Бид хоёр сар гаруйн хугацаанд хөл хорионд байлаа. Энэ нь иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон алхам болсон ч эдийн засгаа гаргуунд нь хаясан үйлдэл болов. Өвчний дэгдэлт гаралгүй хоёр сар тэссэн ч сүүлийн үед эрсдэл улам нэмэгдсээр байна. Гадны улс орнуудаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор зөөсөөр л байна. Өнөөдрийн байдлаар тэдгээр иргэдийн дундаас коронавирусийн зургаан тохиолдол илрээд байгаа юм.
Засгийн газрын зүгээс эдийн засгийн асуудлыг огт хөндөхгүй байсан бол энэ үед ярьж эхэлж байна. Эдийн засгийн асуудлыг ярья гэсэн ч яриад байх зүйлгүй болсон юм л даа. Эдийн засгийн хувьд 90 хувийн хамааралтай оршдог урд хөрш маань өвчиндөө баригдаж, бүхий л талаараа зогсонги байдалд орчихсон байхад бид юу ч ярих билээ. Тиймдээ ч бид эрүүл мэнддээ л онцгой анхаарал хандуулах шив дээ. Харин одоо БНХАУ-ын нөхцөл байдал хавьгүй дээрдэж, хөдөлж эхэлж байна. Манайх энэ л үед эдийн засаг, эрүүл мэнд хоёроо эн тэнцүү авч явах хэрэгтэй бололтой. Коронавирусийг хянаж болдог тахал гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлж байгаа. Иймд бид хувийн зохион байгуулалт, сахилга баттай байж, эрүүл мэндийн дэглэмээ дагаж мөрдөн өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Мөн эдийн засгаа орхигдуулахгүй байх шаардлагатай байна. Аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, уурхай, үйлчилгээний газрууд бүгд ажиллаж, эрүүл мэндийн дэглэмээ ч сахих хэрэгтэй хариуцлагатай цаг үе иржээ. Урьдынх шиг цалгар, назгай ажиллаж, өвчин тусвал тусна л биз гэж гэдсээ илээд хэвтэх аргагүй болж, бүгдээрээ огт өөр ойлголт, дэглэмтэйгээр ажиллах хэрэгтэй байна.
Ер нь коронавирус эрдэмтдийн хэлж байгаачлан дараа дахин гарч болзошгүй, маш хорлонтой өвчин. Тэгэхээр цаашдаа энэ мэт тахлууд байн байн дэгдэж дэлхийн хэм хэмнэлийг өөрчлөх шинжтэй байна. Одоо гэхэд зан заншил, амьдралын хэв маяг, наргих цэнгэх, уулзаж учрах гээд бүхий л зүйлсийг өөрчилчихлөө. Олуулаа цугларах аливаа үйл ажиллагаа асар эрсдэлтэй болж хувирлаа. Үй олноороо цуглаж бүжиг, наадам хийж, үзвэр үйлчилгээ үздэг цаг ч ард хоцрох нь. Энэ мэтчилэн бид огт төсөөлөөгүй хэв маяг руу шилжихэд ойрхон ирээд байна. Орчин үед том хотуудыг задлах нөхцөл байдал ч үүсэв үү гэлтэй. Дэлхийн хөгжингүй томоохон хотууд руу шуурч, тэндээ амьдрахыг эрмэлздэг байдал ч дуусч байх шиг байна. Түүний оронд олон жижиг хотуудад тархан суурьшиж, дор дороо довоо борлуулж амьдрах цаг ойртсон бололтой. Хоорондоо хянаж болохуйц хэдхэн сувгаар харилцдаг болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Илүү эмх замбараатай, сахилга баттай байж гэмээнэ хүн төрөлхтөн вирусийг тэсч үлдэх магадлалтай болж байна. Цаашид хүн төрөлхтөн тэсч үлдэх гэвэл эдийн засгаа ч авч явах, эрүүл мэндээ ч хянаж байх ганцхан зам үлдэж байх шиг байна. Тэгэхээр манай орон ч мөн адил эрүүл мэнддээ тавин хувь анхаарч, эдийн засгаа ч тавин хувь анхаарах нь л зөв гарц бололтой.