Categories
мэдээ нийгэм

​Мөс цөмрөх эрсдэл болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн таатай мэдээ бий.

Өнгөрсөн гурав хоногийн байдлаар 15 өрхийн 50 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага иржээ. Урин дулаан цаг ирж, галлагаа багасч байгаа хэдий ч угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй дахин санууллаа. Мөн иргэд гэртээ агаар сэлгэлт хийж, галлагааны зөв зарчмыг дагаж, яндангаа хөөлөн яндангийн хаалтыг хаахгүй байхыг ахуйн хэрэглээндээ мөрдлөгө болгох ёстойг сануулав. Түүнчлэн угаарын хий мэдрэгч дээр тоон үзүүлэлт гардаг. Дуут дохио өгмөгц айл өрхүүд гэртээ агаар сэлгэлт хийж, дохиог унтрахыг хүлээх ёстой юм. Зарим өрх дуут дохиог өөрсдөө унтраасан тохиолдол гарсаар байгааг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *