Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ихэнх төрлийн бизнес хүнд байдалд орсон. Энэ үед Засгийн газраас төсвөө танаж, шаардлагагүй зардлуудаа эрэмбэлж хойшлуулахын оронд сангийн тэлэх бодлого хэрэгжүүлж эдийн засгаа сэргээх алхам хэрэгжүүлэх нь оновчтой хэмээн тайлбарлаж буй. Сангийн сайд ийм агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Энэ талаар эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөхийн байр суурийг сонирхов.
-2020 оны төсөвт олон соёлын төв барих зэргээр шаардлага багатай хөрөнгө оруулалтууд их багтсан. Ихэнх эдийн засагч эдгээрийг танаж, зардлаа бууруулах замаар хямралыг сөрөн гарах ёстой хэмээж буй. Харин Засгийн газар эсрэгээр сангийн тэлэх бодлого хэрэгжүүлэх чиглэлтэй байх шиг байна. Ийм боломж нь бий юү?
-Санхүүгийн ийм нөхцөл байдлын үед сангийн тэлэх бодлого явуулах ёстой буюу төр төлөвлөж буй ажлуудаа энэ чигээр нь үргэлжлүүлж, дээрээс нь нэмэлт хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн санаа явж байна. Хэрэв зардлаа нэмэгдүүлэх замаар сангийн тэлэх бодлого баримтална гэж байгаа бол төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Сангийн тэлэх бодлого баримталж болно. Гэхдээ бодит нөхцөл байдлыг үнэлбэл энэ нь боломжтой юу гэвэл эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, 3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчихсан байгаа. Гэтэл 1, 2,3 дугаар сарын нүүрсний экспортын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна. Энэ нь төсвийн орлогыг баталсан хэмжээнд байлгаж чадахгүй. Үүнээс үүдэлтэйгээр сангийн тэлэх бодлого явуулж болох ч санхүүгийн нөөц боломж Монгол Улсын Засгийн газарт байна уу гэх том асуулт гарна. Миний хувьд байхгүй гэж харж байна. Гэхдээ Сангийн сайдын мэдэгдэл дотор Ирээдүйн өв санг дурдаад байна лээ. Тэгэхээр Ирээдүйн өв санд төвлөрсөн хөрөнгийг ашиглаж төсөвт тодотгол хийх замаар Засгийн газрын худалдан авалтыг нэмэгдүүлэх байдлаар зарцуулах боломжтой гэж хараад байх шиг байна. Энэ нь цаг үедээ нийцсэн зайлшгүй алхам мөн үү.
-Коронавирусийн халдварын тархалтад өртсөн орнууд өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж бодлогын алхмууд хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин манай улсын хувьд төсвийн орлого аль хэдийнэ хэдэн зуун сая ам.доллараар тасалдаад байхад Засгийн газар мэдэгдэл төдий зүйл гаргаж, төв банк бодлогын хүүг ёс төдий буулгаад байна. Энэ хурдыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Сангийн яам тодорхой мэдэгдлүүд хийж байна. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь хэтэрхий удаан байна. 3-4 хоногийн өмнөөс дэлхийн санхүүгийн зах зээл нэлээн хөдөлгөөнд орж байна шүү дээ. Энэ нь цаанаа газрын тостой холбоотой дайнаас үүдэлтэй. Үүнтэй холбоотойгоор бидний өмнө нь төлөвлөж, таамаглаж байсан бүхэн өөрчлөгдөх боллоо.Тэгвэл Засгийн газар төсөв батлахдаа газрын тос, алт, зэс, нүүрсний ханш ийм байна гэх зэргээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр тэр таамаглалууд биелэхгүй байх магадлал бүрдэж байна. Дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн ийм тогтворгүй үед Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өдөр тутам ажиллаж байх учиртай. Эрүүл мэндийн яам, улсын онцгой комисс хэрхэн ажиллаж байгаа билээ. Түүн шиг өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалд уялдан ажиллах хэрэгтэй. Ямар салбарт ямар чиглэлийн бодлого хэрэгжүүлэх нь бүгд нарийвчлалтай, тодорхой байх учиртай. Үүнийгээ хурдтайгаар явуулах ёстой. Одоо бол маш ерөнхий зүйл ярьж байна шүү дээ. Монголбанк бодлогын хүүг нэгээр бууруулах, заавал байх нөөцийн нормыг 2.5 хувиар багасгах нь зах зээлд маш удаан сигналь болж очиж байгаа. Гэтэл өдөр тутамдаа асуудал босч ирсээр байна. Одоо дулаарч барилга, уул уурхай, цаашлаад газар тариалангийн салбар хөдөлгөөнд орж эхэлнэ. Маш олон салбарын бэлтгэл ажил явагдаж байх үед бид бараг томоохон төсөл бүрт чиглэсэн арга хэмжээнүүдээ авах учиртай. Гэтэл ийм арга хэмжээ авахгүй, ерөнхий мэдэгдлүүд хийгээд байгаа нь хэтэрхий хөшүүн байгааг харуулж байна.
-Төв банкны гол зорилго бол валютын нөөцийг өсгөх. Үүний тулд ам.долларын эрэлтийг бага байлгахын тулд бодлогын өндөр хүүгээр оролдохгүй байх сонирхолтой байгаа. Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн ч энэ хандлагаа одоо ч хадгалсаар байх шиг. Ер нь бодлогын хүү нэг хувиар буурснаар эдийн засагт нөлөө үзүүлэх үү?
-Маш бага нөлөөтэй. Маш алгуур нөлөөнө. Мэдээж авах ёстой арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг нарийвчилсан үр дүнтэй, салбарын онцлогт нийцсэн бодлого алга. Сангийн яам, Монголбанкны аль аль нь ийм байна.
-Ам.долларын эрэлт эрс буурсан. Энэ зүй тогтлыг дагаад ханш унах ёстой ч нөхцөл байдал хаашаа эргэх баттай таамаглал алга. Та хэрхэн харж байна вэ?
-Одоо бол ам.долларын эрэлтийн үе шүү дээ. Уул уурхай, барилга зэрэг салбарууд ажил эхлэхийн өмнө гаднаас их хэмжээний татан авалт хийдэг. Ингэснээр ам.долларын эрэлтийн үе эхэлж байгаа. Нөгөө талаас нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр унах болсон. Үүнтэй холбоотойгоор манай улсын импортолж буй шатахууны үнэ буурвал ам.долларын эрэлт тэр хэмжээгээр буурах боломжтой. Тиймээс валютын эрэлт буурах эсэх нь Монгол Улс, ОХУ-ын нефтийн компаниудын хооронд хийгдэх хэлцлээс голлон хамаарна. Тэгвэл энэ хэлцэл нь далд явагддаг. Тиймээс үр дүнг тааварлаж хэлэх боломж хомс байна. Товчхон дүгнэвэл, эрэлт талаасаа ам.долларын ханш буурах боломж харагдаж байгаа. Бууруулах нөхцөл нь нефть бүтээгдэхүүнтэй холбоотой. Мөн 3-4 хоногийн өмнө газрын тосны үнийн дайны донсолгоон дэлхийн бараг бүх индексүүдийг өөрчилж, ам.доллартай харьцаж байгаа бүх ханшийг өөрчилсөн байхад манайд эсрэгээр буюу тогтвортой өсөлттэй байсан. Нөлөөлөл иймэрхүү байгааг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр буурах эсэх дээр тааварлан хэлэх боломжгүй.
Г.БАТ