Дэлхийгээр хурдацтай тархаж буй коронавирус хэмээх тахал олон нийтийг хамардаг спортын бүх том арга хэмжээнүүдийг зогсоолоо. Долоохон хоногийн өмнө ямар ч өвчин зовлон ирсэн хамаагүй, үзэгчгүй ч гэлээ тоглолтоо үргэлжлүүлээд байх болно гэж ярьж мэдэгдэж байсан зарим нэг спортын салбарынхан бодит аюулын өмнө аргагүй л өвдөг сөхөрч байна. Салбар тус бүрээр нь тоймлоё.
НБА
Ердөө тавхан хоногийн өмнө Леброн Жэймс “Хэрвээ аюул хажууд ирвэл үзэгчгүй танхимд би л лав тоглохгүй гэж хэлсэн нь бодлогогүй үйлдэл байжээ. Мэдээж би бусдын эрх ашгийг бодоод хоосон зааланд тоглолгүй яахав” гэж хэлж байсан бол одоо бүр үзэгчгүй танхимд ч тоглох боломжгүй боллоо. Анхлан “Юта Жааз” багийн төвийн тоглогч франц эр Руди Гобероос коронавирусийн нян илэрч улмаар уг багийн үлдсэн гишүүдийг нягтлан шалгаваас гол од болох Донован Митчелль бас халдварласан нь тогтоогдоод шуурчихлаа. Ийм үед албаны хүний үгийг л сонсох ёстой. НБА-гийн ерөнхий комиссар Адам Сильвэр “Эрхэм хүндэт сагсан бөмбөг сонирхогчид оо. Бид дэлхий нийтийг цочирдуулж буй цар тахалын улмаас НБА-гийн улирлын тоглолтуудыг 30 хоногийн хугацаатайгаар түр зогсоож байна. Бид байдал нааштай эргэсэн тохиолдолд улирлын тоглолтуудыг сэргээнэ гэсэн бодолтой байгаа. Иймд финалийн тоглолтууд зургадугаар сард, эс бөгөөс долдугаар сард ч эхэлж магадгүй. Энэ жилийн улирал дуусчихлаа гэж хэлэх болоогүй, цагийн байдал хэрхэн өрнөх вэ гэдгийг тэвчээртэй ажиглацаая” гэж албан хуудсандаа бичиж үлдээсэн байх.
Хөлбөмбөг
Итали хөлбөмбөгийн ертөнцөд том байр суурь эзэлдэг орон. Тэнд коронавирусийн тархалт ямархуу байгааг бүгд мэднэ. Чухам тэндээс эхлээд хар мөр сунайж эхэлсэн. Эхлээд дөрөвдүгээр лигийн “жижиг” хөлбөмбөгч халдварлаж дээшлээд “Сери А”-гийн томчуул хүртэл өвчлөөд эхэллээ. “Ювэнтүүс”-ийн Ругани хэдий үндсэн багийн бүрэлдэхүүнд багтдаггүй ч гэлээ тэдэнтэй хамт бэлтгэл хийгээд гүйж л байгаа хойно Роналду мэтийнхэнд халдварлах боломжтой юу гэвэл боломжтой. Тэгээд ч ганц нэг тойрог үзэгчгүй тоглож байсан италичууд Ерөнхий сайдынхаа тогтоолоор бүх лигээ хааж байна. Испанийн “Реал”Мадрид багийн сагсан бөмбөгчдийн дундаас бас нян илэрсэнтэй холбогдуулаад хөлбөмбөгчид нь хөл хорионд орчихлоо. Тиймээс Испанийн хөлбөмбөгийн Ла Лигийн хоёр тойргийн тоглолтуудыг түдгэлзүүлж байна. Хэрвээ байдал эс дээрдвээс аварга багийг зарлахгүйгээр энэ улирлыг дуусгана гэж ярил-цаастай. Ийм тохиолдолд Испани багуудын алдагдал 678 сая евро болох юм билээ. Англичууд үзэгчдийнхээ өмнө тоглож байсан хамгийн сүүлчийн улс болох нь. “Арсенал”-ын ерөнхий дасгалжуулагч Артета, “Челси”-гийн хагас хамгаалагч Хадсон-Одои нарынх батлагдаж “Ман Сити”-гийн Менди (бас франц) гэр бүлээс нь нян илэрсэн шалтгаанаар карантинд орчихоод байхад Английн Премьер лиг хаагдахгүй овоо удлаа. Тэгээд л хаагдчихлаа. Одоохондоо дөрөвдүгээр сарын 04-н хүртэл гэж зарлана билээ. Аваргуудын лиг, Европа лиг зэргийг бас л тодорхойгүй хугацаагаар хаачихсан. Европ тивд үзэгчтэй(том хотуудад нь 5000-аас дээш үзэгч байршуулахгүй) тоглож буй ганц лиг нь Оросын Премьер лиг юм уу даа. Швейцарь, Хорват, Норвеги, Чех мэтийн “жижиг” лигүүд бүрмөсөн хаагдсаныг дурдах илүүц биз.
Хоккей
Дэлхийд мөсөн хоккейн хоёр том лиг бий. Нэг нь хойд Америкт нөгөөх нь Орост. “Дэлхий дахинаа өрнөж буй үйл явдалтай холбогдуулан, НХЛ-ын захирлуудын зөвлөл, эрүүл мэндийн шинжээч нарын хамтарсан хурлаас дараахь шийдвэрийг гаргаж байна. Бид өнөөдрөөс эхлэн НХЛ-ын бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэрт хүрсэн бөгөөд хэзээ байдал тогтворжиж та бүхний эрүүл ахуй аюулгүй байх нөхцөл бүрдэнэ, тэр үед нь улирлаа үргэлжлүүлэн Стэнли цомоо гардуулах болно” гэж комиссар Гэри Бэттмэн баасан гаригт мэдэгдсэн. Харин КХЛ буюу Орос дахь лиг плей офф нь эхэлсэн тул, тэгээд ч Орос оронд тахалын шуурга харьцангуй намжигдмал байгаа учраас үзэгчгүй үргэлжилж байгаа. Трамп АНУ-аас болон улс руу Шенгений улсуудын иргэдийг оруулахыг хориглосон нь тавдугаар сард зохиогдох хоккейн ДАШТ хүртэл нөлөөлнө гэж ОУХХ-н тэргүүн Фазель хэлсэн байна лээ. Тэгээд ч уг тэмцээн тахал овоо тархсан Швейцарьт зохиогдох хуваарьтай байгаа нь асуудлыг хүндрүүлэх аж. “Асуудал хүндэвтэр байгаа. Швейцарийн засгийн газраас ямар шийдвэр гарах нь вэ, НХЛ-д тоглодог хоккейчид нутаг буцаж чадах нь уу үгүй юү гэдэг асуудлаас шалтгаалан хоккейн ДАШТ зохиогдох үгүйг шийднэ” гэж Фазель дурдсан.
Газрын теннис
Маш их улсуудаар хэсч завгүй тоглодог хүмүүс бол яах аргагүй теннисчид. Улирлынх нь график хоногийн зай үгүй бичигдэж нэг тивээс нөгөөх рүү хэсүүчлэн тоглодог тэднийг коронавирус тээгч амьд хүмүүс гэж үзэх бүрэн боломжтой. Тэгээд ч ганцаараа явдаггүй багаараа ажилладаг тул теннисний улирал бас л энд тэндгүй хаагдаж байна. Өдийд уг нь Индиан-Уэллс дуусаад Майами Мастерст тоглож байх ёстой ч бүгд цуцлагдсан. Тэгээд ч зогсохгүй таван долоо хоногийн туршид ямар ч теннисний тэмцээн байхгүй гээд АТР-ын удирдлага журамлалаа.
Формула-1
Авто уралдааны хаан төрөл F-1 эхлээгүй байхдаа хаагдаж байна. Эхний ээлжинд Австралийн, Бахрейн, Вьетнамын Гран приг цуцалчихлаа. Эд бүгд гуравдугаар сар ба дөрөвдүгээр сарын эхээр зохиогдох байсан юм. Аль эрт Шанхайн Гранприг хойшлуулаад байсан дээрээ нэмээд шүү дээ. Макларен багийн нэг ажилтан коронавирустэй байсан нь батлагдаж үргэлжлээд уг багийн 14 ажилтан хөл хорионд орсон зэргээс шалтгаалан эхний Гранприг цуцалж байна гэсэн. Гэхдээ наймдугаар сарын дундуур амардаг хэсэг хугацаандаа цуцлагдсан уралдаануудыг зохиох боломжтой. Хэрвээ тахал намжвал шүү дээ.
За тэгээд уран гулгалтын ДАШТ, сагсан бөмбөгийн Евролиг, Трамплины Дэлхийн цом, Хойд Америкийн хөлбөмбөгийн Аваргуудын лиг, цанын АНУ-дахь Дэлхийн цомын ээлжит гараа зэрэг нь бүтэн цуцлагдаж Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Токио-2020” зуны олимп гэсэн хоёр том тэмцээний хувь заяа бүрхэг хэвээр үлдэж байх шив дээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ