“Страто” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал А.Баттүшигтэй ярилцлаа.
-АМНАТ-ийн татвараас болж танай компанийн үйл ажиллагаа доголдож, гомдол гаргасан. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Бид олборлогч биш олборлоод гаргаж ирсэн нүүрсийг угааж баяжуулаад гадагш гаргадаг компани. Олборлогчоос улс АМНАТ-ийн татвараа авсан байхад баяжуулж гаргаж буй компаниудаас АМНАТ-ийн татвар давхар авах ёсгүй. Тиймээс бид өнөөдрийг хүртэл алдагдал хүлээн сул зогсолттой байна. Анх бизнесээ эхэлж байхад энэ төлбөрийг бид тооцоолж байгаагүй. 2019 оны гуравдугаар сард Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэг үгийг авчихсан. Тэнд нь бид ашиглагч гэж хамрагдаад үүн дээр хуульч Баярмаа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн Цэц энэ асуудал дээр үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд харшаар нөлөөлж байна гэсний дагуу эргэж харж үзээч ээ гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Их хурал харин АМНАТ-ийг авах нь зүйтэй гэсэн. Гэхдээ бид нарын гомдол гаргасан нөлөөлсөн үү ашиглах гэдэг үгийг авчихсан байна лээ. Ашиглах гэдэг үг байсан бол цахилгаан станц, шахмал түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд АМНАТ төлөх байсан юм. Алдаагаа харсан юм шиг байна лээ. Гэвч экспортлох гэдэг үг оруулчихаад байгаа юм. Экспортлох гэдэг үгэнд нь нүүрс баяжуулж экспортолдог манай компани орно. Тэгэхээр АМНАТ төлөх болж байгаа юм л даа. Бид АМНАТ-ыг хуулиа дагаад ямар ч асуудалгүй төлнө. Төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ журмыг нь харахаар хууль бус байгаад байгаа. Тиймээс бид гомдол гаргасан.
-“Страто” компани нүүрс коксжуулах үйлдвэр барих гэж байсан. Энэ төсөл зогссон уу?
-ТЭЗҮ-гээ зөвлөх компанитай гэрээлээд эхлүүлчихсэн байсан. БНХАУ-ын хоёр, гурван компанитай ярилцаж, Хятадын энэ чиглэлээр ажилладаг хүрээлэнд тооцоо, газар байршлаа үзүүлээд ямар технологийн коксны үйлдвэр барихад тохиромжтой вэ гэдгийг судлаад хамтраад ажиллаж байсан. Харамсалтай нь АМНАТ биднээс авахтай холбогдуулан үйл ажиллагаагаа бүрэн зогсоочихсон байгаа. Хөрөнгө оруулагчид хүртэл Монголд кокс үйлдвэрлэвэл ашиггүй болж байна гээд төлөвлөгөөгөө зогсоосон. Энэ нь Монголын төр тууштай, тогтвортой бодлого баримталдаггүй гэдгийг тод харууллаа. Би анх энэ төслийг эхлүүлээд, хөрөнгө оруулалтыг татахдаа Монголд коксны үйлдвэр барьж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй байсан. Уг нь коксжуулах үйлдвэр баригдсанаар Монголд гангийн үйлдвэр барих үндэс суурь нь болох байсан. Надад харамсалтай байна. Төслүүд маань бүгд зогсонги байдалд орох байх. Түүнчлэн төр засгийн огцом гаргадаг шийдвэрүүд, хувийн хэвшлүүдээ дэмждэггүй бодлогууд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай төслийн жишээг л хар. Хөрөнгө оруулалтууд бүрэн зогссон. Манайх тийм ч баян компани биш. Хамгийн анх компанитай холбоотой сөрөг мэдээлэл тарсны дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч бүх хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан. Үүний улмаас би 100 ажилтнаа халахад хүрсэн. Бид цалингийн өр зээлтэй, тийм баян, мундаг компани биш. Үйлдвэрээ өргөжүүлэх гэж байсан боловч ажил зогссон. Иймэрхүү байдалтай удаан явбал дампуурлын ирмэгт ирэх байх.
Анх энэ төслөө эхлүүлж байхад Ашигт малтмалын тухай хуулийн 35.11-т зааснаар “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр нийлүүлнэ” гэсэн энэ заалтад найдаж байсан.
-Танай компанийн үйл ажиллагаа ингэж зогсоход улс төржилт нөлөөлөв үү?
-Тэгж харагдаж байгаа. Манай компанийг З.Энхболд гуатай холбоод байх юм. Энд би удаа дараа няцаалт өгсөн. Яаж ч няцаалт өгсөн нэмэргүй юм шиг байна. Цаанаа хөлсний бичээчидтэй баг ажиллаж байна. Хаанаасаа санхүүжилт авдаг юм. Бүү мэд. Гүтгэлэг хийж нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь залж байна. Иймэрхүү улстөржилт манай компанийн үйл ажиллагаанд үнэхээр нөлөөлж байна. Монголд амжилттай явж байгаа компанийг хэн нэгэнд хамаатуулж, тэр намын компани, энэ хүн ард нь байгаа гэх мэтээр хоч өгдөг ийм хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Эдийн засаг бол хувийн хэвшил дээр л тогтох ёстой. 2019 оны есдүгээр сараас хойш манай үйлдвэрлэл бүрэн зогсонги байдалтай байна. Бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Монголд боловсруулах үйлдвэрийг бариулахгүй гэсэн ашиг сонирхолтой бүлэг хүмүүс байна. Үүнийг итгэлтэй хэлж чадна. Цаанаа ямар санаа агуулдгийг нь мэдэхгүй. Бодлоготойгоор энэ үйл явц үргэлжилж байна.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнгөрсөн даваа гаригт танай компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй шүүхэд маргаан үүсгэсэн гэх мэдээллийг хийсэн. Үнэн үү?
-Бид 2019 оны тавдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компанийн зарласан тендерт оролцож, 72 ам.долларын үнийн санал өгөөд нүүрс худалдан авах гэрээ хийсэн юм. Тэр гэрээ маань 150 мянган тн-ын гэрээ байсан. 72 ам.доллар дээрээ бид НӨАТ төлж авдаг. БНХАУ-ын компаниуд худалдаж авах даа НӨАТ төлдөггүй. НӨАТ, АМНАТ нь мөнгөн дүндээ шингэчихсэн байдаг юм. Харин бид нар 72 ам.доллар дээрээ НӨАТ нэмж төлөөд авдаг. Ингэснээр 79.2 ам.доллар төлдөг гэсэн үг. Хуулиараа экспортолсон нөхцөлд төлсөн НӨАТ-аа буцааж авах эрхтэй байдаг. Одоо хүртэл бид төлсөн НӨАТ-ийн төлбөрөө сангийн яамнаас авч чадахгүй байгаа. Тэр 150 мянган тн-ын гэрээнийхээ үүргийг бид нар биелүүлээд дуусгачихсан байсан. Тэр гэрээгээ сунгаад ачилтаа хийлгэхгүй жаахан удсан. Ингээд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж “Эрдэнэс Таван толгой” компани гэрээг цуцалсан юм.
-Энэ асуудал дээр ямар маргаан гарсан бэ?
-150 мянган тн-ын Зүүн Цанхийн нүүрснээс нийлүүлэхэд чанарын доголдол гараад байсан. Тэр бүрт мэдэгдэж байсан. Гэрээ цуцлагдсан учраас 150 мянган ам.долларын барьцаа мөнгөө буцааж авъя гэсэн. Гэрээ хийхдээ нэг тонн дээр нэг долларын барьцаа мөнгө авдаг юм. Бид нарын зүгээс 150 мянган тн-ын гэрээний үүргээ биелүүлчихсэн гэж үзэж байгаа.