Та хоногийн хэдэн хувийг сошиал нетворкийн хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл дунд сэлж бардаг бол. Яг цаг, минут хараад тооцоо гаргавал итгэмээргүй тоо гардаг гэнэ шүү. Фэйсбүүк, твиттер, инстаграм руугаа өдөрт хэдэн удаа орж гаран, дээш нь, доош нь гүйлгэсээр огт танихгүй хэдэн зуун хүний зургийг үзэж, хувийн амьдрал руу нь өнгөлзөж суудаг цагаа өөрт хэрэгтэй, ашигтай, баяр цэнгэл өгөх зүйлсэд зарцуулбал та өнөөдрийн өөрөөсөө хавь илүү хувилбар нь байх байсан талаар бодож үзэж байсан уу. 30 минут фэйсбүүк ухахынхаа оронд гадаа гараад хөгжим сонсонгоо эсвэл ирээдүйн төлөвлөгөөгөө бодонгоо алхаад ирвэл 400-500 ккал шатаагаад зогсохгүй тархи сэргэнэ. 30 минут ном уншихад дунджаар 30 хуудас ном уншчихна. Маш сайн өдрийн төлөвлөгөө гаргахад энэ хугацаа яг сайхан таарна. Утсаа оролдох 30 минутыг оройн хоол бэлдэх хугацаан дээрээ нэмчихвэл хоол чинь илүү амт, чанартай болох нь мэдээж.
30 хоног буюу нэг сарын турш сүлжээнээс ангижирч өөрийгөө сорих аргын талаар подкаст сонссоноо та нартайгаа одоо хуваалцъя. Та нэг сарын турш өөрийгөө интернэтээс бүрэн тусгаарласнаар дараахь хоёр асуултын хариуг олох гэнэ. Нэгдүгээрт, сошиал медиа ашиглахгүй байснаар таны амьдралд сөрөг талууд их гарсан уу. Хоёрдугаарт, таныг хүмүүс мартаж, тоохоо больж, найз нөхдийн чинь тоо цөөрсөн үү. Энэ хоёр асуултад хоёуланд нь үгүй гэж хариулж чадаж байвал та интернэтээс хамааралгүй хүн болж чадах нь ээ. Яг үнэндээ фэйсбүүкт пост хийхгүй байлаа гээд, твиттерт юм жиргэхгүй байлаа гээд таны амьдрал тэгтлээ өөрчлөгдөхгүй, жаахан хатуугаар хэлбэл сошиал медиа танаар дутахгүй ээ гэсэн үг. Ажил хэргийн чухал шаардлага гарвал и-мэйлээрээ харилцчихаад буцаагаад хааж болох юм. Мэдээж сошиал медиагаас 100% шалтгаалах ажил эрхэлдэг бол энэ нь боломжгүй. Тийм хүмүүс ажлаас бусад хугацаандаа интернэтээс татгалзахад л гайхалтай үр дүн үзүүлэх нь дамжиггүй.
А.МӨНХЗУЛ