Categories
мэдээ цаг-үе

Б.Баяржаргал: “Олонлог” сургууль, “Өдрийн сонин” хамтран математикийн эчнээ уралдааныг гурав дахь удаагаа улс даяар зохион байгуулах гэж байна

“Олонлог” төв сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Б.Баясгалан, “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга, нэрт нийтлэлч асан Ж.Гангаа нар 2010 онд Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан Математикийн улсын уралдааныг анх зохиосон байдаг. Уг уралдааныг “Өдрийн сонин” бүрэн дэмжиж, улсын хэмжээнд математикийн эчнээ уралдааныг хоёр үе шаттайгаар тэр ондоо амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Нэрт нийтлэлч Ж.Гангаа бичгийн хүн гэлтгүй, тооны урлагт дуртай, цаг зав нь олдвол математикийн танин мэдэх далд хүч чадлын тухай байнга сонирхон судалдаг хүн байсан нь энэ уралдааныг зохиоход түлхэц болсон байдаг. Хоёр жил тутамд эчнээ, бусад жилд нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний түүхэн үйл явдалд зориулсан улсын хэмжээний том уралдаан байхаар анх товлогдож байжээ. Анхны хоёр уралдааныг “Өдрийн сонин” ивээн тэтгэж нүүр дамжуулан бодлого болон бодолт, сурталчилгааг хийж өгснөөр энэ уралдаан өнөөдрийн өнгө төрх, нэр нүүрээ олж авсныг “Олонлог” сургуулийн хамт олон онцлон ярьж байна.

“Олонлог” төв сургуулийн зөвлөх багш, математикийн багш нарын олимпиадын таван удаагийн аварга Б.Баяржаргалтай ярилцлаа.


-“Өдрийн сонин” “Олонлог” сургууль хамтран математикийн эчнээ уралдаанаа зохиохоор болж байна. Уралдааны зорилгоос яриагаа эхэлье?

-Манай “Олонлог” сургуулийн хамт олон “Өдрийн сонин”-ы редакцтай хамтран гурав дахь удаагаа математикийн эчнээ уралдааныг удахгүй улс даяар зохион байгуулах гэж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болно гэж бодож байна. “Олонлог” сургуулийн хувьд 2015 онд Улсын математикийн 51 дэх олимпиад болон Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны үндэсний уралдааныг долоон удаа, олон улсын уралдааныг гурван удаа өөрийн сургууль дээрээ бие даан зохион байгуулсан хур туршлагатай хамт олон.

Энэхүү эчнээ уралдааны зорилго бол хөл хориотой энэ үед сурагчдын зав чөлөөтэй цагийг зөв, үр дүнтэй үйл ажиллагаанд чиглүүлэхэд оршино. Нөгөөтэйгүүр энэхүү уралдааны бодлогыг ямар ч хүүхэд сонирхон оролдож болно гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу.

-Олимпиадад хэрхэн оролцох вэ?

-Энэ сарын 16-нд буюу “Өдрийн сонин”-ы ирэх даваа гаригийн дугаарт олимпиадын бодлогууд, удирдамж, заавар хэвлэгдэнэ. Уралдааны бодолт энэ сарын 16-26-ны хооронд үргэлжилнэ. Ямар нэгэн анги танхимд суухгүй, чөлөөтэй бодно, интернэтээс хэрэгтэй мэдээллээ цуглуулаад судалгаа хийж бодно. Сониноос бодлогоо хараад л гэр гэрээсээ бодно гэсэн үг. 1-4 дүгээр анги найман бодлоготой, бусад ангилал тус бүр 12 бодлоготой. Ингээд 26-ны өдрөөс бодолтын хариугаа бидэн рүү илгээнэ. Бид олимпиадын нэгтгэсэн дүнг сарын дараа буюу дөрөвдүгээр сардаа багтааж “Өдрийн сонин”-д нийтэлж нийтэд танилцуулна.

-Хүн болгон математикч болох албагүй гэцгээдэг. Ингэхэд математикийн гол ач холбогдол юу байдаг юм бэ?

-Математикт суралцахын ач холбогдол, математикийн бодлогыг сонирхон оролдож үзэх нь хувь хүн цаашлаад хүн төрөлхтний хөгжил дэвшилд шууд холбоотойг математикийг үзэн яддаг хүн ч хүлээн зөвшөөрөх биз ээ. Математикт дургүй гэснээс мэдээж хүн бүрт шилдэг математикчид ч гэсэн бодож чадахгүй бодлого тулгардаг. Энэ тал дээр өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эх, багш нарт хувийн санал бодлоо дамжуулах гэсэн юм. Уг нь ямар ч хүн оюун ухаан гэсэн маш том эрдэнэсийн уурхайн эзэн нь өөрөө байдаг боловч энэ баялгийг маш бага, зарим тохиолдолд огт ашигладаггүй нь харамсалтай. Энд би баялаг гэдэг үгийг шууд утгаар нь хэлж байгаа юм шүү. Оюун ухаан гэсэн маш том эрдэнэсийн уурхайгаас хангалттай сайн ашиг олборлохын тулд хүн уураг тархиа маш зөв хөгжүүлэх шаардлагатай.

-Математик хүний уураг тархийг хөгжүүлдэг байх нь?

-Математикийн бодлогыг бодож чадахгүй ч түүнийг бодох гэж сэтгэл тэвчээр гарган уйгагүй оролдоход л таны уураг тархи тодорхой хэмжээгээр хөгжсөн байх нь дамжиггүй юм. Зүйрлэвэл ургаа том хадыг өглөө бүр хагас цагийн турш оролдсон хүүхдийн булчин шөрмөс огт юу ч хийгээгүй хүүхдийн булчингаас ямар их ялгаатай байх нь илэрхий билээ.

Ингэхэд юу хэлэх гээд байгааг минь ойлгосон байх. Шуудхан хэлэхэд хичнээн дургүй байсан ч математикийн хичээлийг заавал хий, математикийн бодлогыг бодож чадахгүй ч гэсэн заавал оролдож үз. Магадгүй ямар энгийн зүйл, цаашилбал үгээр дүрслэхийн аргагүй гоо сайхан ертөнц таныг угтахыг үгүйсгэхгүй. Тийм биш байлаа ч танд харамсах зүйл гарахгүй гэдгийг би баттай хэлж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *