Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​ТЕСЛАГИЙН ШИНЭ КОМПЬЮТЕРИЙН ТУХАЙД

Image result for Elon Musk

Tesla Motors, SpaceX, Solar City зэрэг хэд хэдэн дэвшилтэт компанийг үүсгэн байгуулагч, шинийг санаачлагч, зохион бүтээгч Элон Маск гэж сүрхий шар нөхрийн фенүүд Монголд ч цөөнгүй болжээ. Манай үеийн үлгэр домгийн баатар болсон энэ хүнийг шүтэх нь байг гэхэд дэмжихээс өөр яахав.
Теслагийн автомашинууд өндөр хүчин чадал, энергийн бага хэрэглээг нэг дор хослуулсан бүрэн цахилгаан хөдөлгүүрээс гадна автомат жолоодлогоороо сонирхол татдаг. Монголын замд яахыг мэдэхгүй ч, замын тэмдэг тэмдэглэгээ стандарт сайтай өндөр хөгжилтэй улсуудад бол өөрийгөө жолоодоод явчихдаг машин.
Сүүлийн үед Тесла автомат жолоодлого дээрээ ихээхэн анхаарал тавьж байгаа. Тэр ч зорилтынхоо дагуу автомашины удирдлагын компьютерээ шинэчилснээ саяхан олон нийтэд танилцуулжээ. Харин түүнийг нь үзэж сонирхсон япон эрдэмтэн гайхан биширч бараг соёлын шоконд орсон гэх сүртэй яриа технологийн сонин хэвлэл сайтуудаар гарсан байна.
Компьютерийн техник хангамжийн талаас нь харвал тэгтлээ ч сүр бадруулах харь гаригийн технологи ч бас биш л дээ. Жаахан аналитик байцгаая.

Энэ Теслагийн HW3 гээд байгаа жолоодлогын автомашины компьютер бол байдаг л нэг нягт ихтэйхэн PCB /Printed Circuit Board/.
Одоогийн өндөр хүчин чадалтай график картуудаас эхлээд супер компьютерийн нэгж кластер, янз бүрийн үүрэгтэй тооцооллын модуляр юнитууд иймэрхүү л юмнууд байдаг.

Техникийн үүднээсээ бол 2 ширхэг Тесла чип тус бүртээ 4, 4 ширхэг DDR4 санах ойн чиптэй холбогдоод PCB дээр суулгагдсан байгаа. PCB дээр мөн өөр бусад туслах жижиг чипүүд, транзистор конденсаторууд, коннектор, Сlock Generator гэх мэт үй олон элементүүд нягт суурилагдсан байна.

Санах ой нь Micron -ий үйлдвэрлэсэн Low Power DDR4.
Харин Tesla чип нь самсунгад үйлдвэрлэгдсэн. Ер нь чипийг энд тэнд үйлдвэрлэсэн гэхээсээ шарсан гэж яривал илүү зохимжтой. Учир нь ихэнх чипийг өөр газар бүтээж, өөр үйлдвэрт шардаг.
Tesla чип 2 ширхэг байгаа нь хүчин чадлыг өсгөх биш, нэг үүргийг давхар гүйцэтгэж найдваржилтыг өсгөх, алдаанаас сэргийлэх зорилготой юм байна.

Tesla чипний дотор график процессор GPU, төв процессор CPU, 2 ширхэг нейраль процессор NPU, бас бус ерөнхий үүргийн нэгжүүд байна.

График процессор нь nVidia -н GPU юм байна. Бидний мэдэхээр бол овоо хүчтэй GeForce болтой юм. Давтамж нь 1GHz юмуу даа.

Төв процессор нь АRM-72 архитектуртай, 12 цөмтэй, 2.2GHz давтамжтай CPU гэж байна.
Ер нь бол гар утасны л процессортой ижилхэн зүйл л дээ. Бидний барьж байгаа гар утасны үнэтэйгээс нь арай хүчтэй, дунд зэргээс нь 2 дахин, хямдавтараас нь 3 дахин хүчтэй гээд баримжаа авчихад болно.

Тэгээд хамгийн сонирхолтой нь NPU буюу нейрал процессор гэгч нэгж.
Тесла чипний литограф дээрээс харахад 2 ширхэг NPU нь чипний ихэнх хэсгийг эзэлж байна.
Энэ нь энгийн компьютерийн хэрэглээнд төдийлөн нэвтрээгүй, саяхнаас хөгжиж буй процессорын төрөл тул маш их кэйш санах ойтой гэхээс өөр тодорхой юм техникийн хувьд хэлж чадахгүй нь.
Ерөнхийдөө NPU гэдэг нь Machine Learning -н асар олон салаа үйлдлүүдийг өндөр бүтээмжтэйгээр гүйцэтгэхэд зориулагдсан процессорын архитектур юм.

За нэг иймэрхүү. Би хувьдаа тэр шоконд орсон япон эрдэмтэн биш боловч орчин үеийн бас л нэг өндөр нягтралтай, транзисторын тоо нь замбараагаа алдсан PCB төхөөрөмж байна гэж харлаа.
Харин асар их транзисторуудтай нүсэр нүсэр нэгжүүдийг нэг дор бөөгнүүлсэн хэр нь бүгд харьцангуй өндөр давтамжид ажиллаж байгаа нь асар их халалт үүсгэж, хөргөлтийн асуудалд маш их анхаарах хэрэгтэй болжээ гэж бодогдох юм.

М.ПҮРЭВ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *