Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг ард түмэн ам нэгтэй сайшаах болов. Гай нь ч бий, гавьяа ч бий гэгчээр COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд автобус ийн цэвэрхэн болов.
Дэлхийн 72 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өвчлөл тархах өндөр эрсдэлтэй нийтийн тээврийн автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түүнд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг тогтмол нийтийн тээврээр зорчиж автобусны ариутгал, цэвэрлэгээнд шалгалт хийж, зөрчил дутагдалыг арилгуулах тал дээр ажиллаж байгаа аж. Мөн иргэдийн санал хүсэлтийг ч цахимаар шуурхай авч ажил болгож байгаа юм билээ. Зорчигчид бүх автобусны суудлын бүрээс цэвэрхэн, гар ариутгагчтай байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Мөн энэ ажлыг зөвхөн COVID-19 халдварын дэгдэлттэй урьдчилан сэргийлэхүүднээс зохион байгуулаад орхих биш цаашид ч хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө үргэлжлүүлэхийг хүсч цэвэрхэн автобусаар зорчих хүсэлтэй байгаагаа хэлэв.
Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэрт хийгдэж буйхалдваргүйжүүлэлтийг “Орхон-Овоот” ХХК, “Хунт хайрхан” ХХК, “Шинэ-Ариун” ХХК гэсэн тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуй нэгж гүйцэтгэж байгаа аж. Эдгээр компаниуд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуй нэгжтэй хамтран БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Экожит” мананцар үүсгэгч аппаратаар, клорсепт-17 бодисыг 0,02 хувийн уусмал болгон найруулж ариутгалыг 1 минутын хугацаанд цацаж халдваргүйжүүлдэг байна.
Ийнхүү автобусанд 14 хоногийн хугацаанд нэг удаа “бүрэн ариутгал”-г хийж байгаа ч автобусны жолооч, кондуктор, хянагч цаг тутамд ариутгал хийж, автобусны хаалга бариулыг угааж цэвэрлэж байгаа гэнэ. Мөн тухайн баазын угаагч нар автобусны эх авалт болгонд “Жавелион” бактер, вирус, мөөгөнцөр, савханцарт идэвхитэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлдэг уусмалаар ариутгал хийж байгаа аж.
Нийтийн тээвэр бохир, заваан биш цэвэр цэмцгэр байж болдог л юм байна. Цэвэрхэн автобусаар үйлчлүүлэхийг хүссэн бидний олон жилийн “мөрөөдөл” биелэв, БРАВО. Гэхдээ өвчнөөс урьдчилан сэргийлж л автобусаа угаах биш цаашид ч ариутгал, халдваргүйжүүлэлтийг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Б.Итгэл