Цахим золголтыг монголчууд гайхсан маягтай хүлээн авч байгаа харагдах юм. Яаж настай хүн рүү утсаар яриад “Сар шинэ сайхан уу” гэж асуух юм бэ хэмээн нэрэлхэцгээж байна. Үнэндээ монголчууд цахим золголтыг анх удаа, 2020 онд хийх гэж байгаа юм биш.
Гар утас Монголд нэвтэрсэн цагаас л шинийн нэгний өглөө алсад суугаа ахан дүүстэйгээ мэнд мэдэлцсээр ирсэн. Газрын хол, уулын мухарт суугаа ах, эгч, азай буурлуудтайгаа золгохын тулд Цагаан сарын баярын хэдхэн хоногт машинаар давхиулаад ч очиж амжихааргүй тохиолдолд гар утсаараа ярьж, video call хийдэг болчихсон. Үүнийг холын аймгийнхан, хил дагуу амьдран суугаа иргэд илүү мэднэ дээ. Гадаадад амьдардаг монголчууд битүүнд Skype-аар гэрийнхэнтэйгээ хамт битүүрч, өглөө нь мөн л цахимаар золгодог. Ах дүүстэйгээ цахимаар золгож байгаа энэ үйлдлийг хэн ч хүндэтгэлгүй явдал боллоо гэдэггүй. Газрын хол, замын бартаатайд үүн шиг сайхан золголт үгүй. Харин ч тийм технологи бий болсонд нь талархмаар. Дүрсээ хараад, дуу хоолойгоо харилцан сонсолцож байна гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний технологийн дэвшлийг ашиглаад Монголын хязгаар нутагт суугаа эгэл жирийн малчин төв газарт суурьшсан хамаатантайгаа төвөггүй, шууд холбогдож байгаа таатай үйл явдал гэж ойлговол зохино. Тийм болохоор хөл хорионы үед Ерөнхийлөгч хүртэл уриалаад байгаа “Цахим золголт” бол монголчуудын хувьд шинэ юм биш шүү. Нэрэлхээд хэрэггүй.