Categories
мэдээ цаг-үе

Алдар цуутны өлгий Халиун сайхан нутаг минь

Домогт Хар Азаргын нуруу, Хан Тайширын нуруу, Бурханбуудай, Ентүм хайрхан, Халиуны хоолой, Олонбулаг, Баян өндөр уул гээд нэрийг нь сонсоход шүлэг шиг санагддаг энэ их уулсын хаяанд хүмүүн заяаг олно гэдэг сайхан. Тэр уул усанд төрсөн хүн бүхэнд тийм гэж хэлэхийн аргагүй нэг л сайхан бахархал төрдөг болов уу. Монгол түмний сэтгэлд найргийн мөрүүд шиг хоногшсон ийм нутагт төрж өссөн би өөрийгөө Халиуны хөх уулсын чулууны хэлтэрхий гэж боддог доо. Тэртээ тавин есөн оны хоёрдугаар 17-ны өдөр Халиун сум Говь-Алтай аймгийн отгон сум болж байгуулагдсан түүхтэй. Эдүгэгээс яг 61 жилийн өмнөх энэ өдөр сум үүдээ нээж, өрхөө татжээ. Өнгөрөгч онд Халиуны 60 жилийн ой тохиож уул устайгаа, хүн зонтойгоо дэлгэр сайхан тэмдэглэсэн. Халиун сумаар овоглосон хүмүүс нэг л ондоо санагддаг. Ерөөс энэхүү авшигт нутаг бол Монголын оюун санааны том ай сав юм болов уу гэж бодогдох нь бий. Мөн нутгийн уул усны энерги, хүний ген их чухал зүйл юм байна гэдгийг манай сум бататган харуулдаг. Халиун сумаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн соёрхолт суут их хүмүүн Лодонгийн Түдэв төрсөн. Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, нэрт орчуулагч Мишигийн Цэдэндорж мөн төржээ. Батлан хамгаалахын сайдаар олон жил нэр төртэй ажилласан, Монголын цэрэг армийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Шагалын Жадамбаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү, Жадамбаа генералын хүү, аавынхаа их үйлсийг залгамжилсан Батлан хамгаалахын сайд асан, Монгол төрийн түшээ Ж.Энхбаяр, Ардын багш Жамъяншаравын Дүгэр, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, шинжлэх ухааны доктор Аюурзанын Цанжид, Монгол Улсын тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Туваанжавын Гантөмөр, төрийн шагналт Б.Дүгэрсүрэн гээд Халиунаас төрж гарсан алдартнуудыг жагсаавал урт цуваа болно.

М.Батбаяр Лодонгийн Түдэв гуайн хамт

Бид домогт Лодойхүү баатраа мартах учиргүй. Тэр хүн бол манай сумын түүхэнд төдийгүй Монголын түүхэнд гавьяа байгуулсан хүн. Халиун сумыг анх үүсгэн байгуулчихаад Ёлтонгийн услалтын систем, Хурын булан, Хуримт, Намалзахын голын Толингорын ширэгт ногоо тариалж сумын төвийн дээхнэ талд Жимсний мод тариалж алим, ранетик, үхрийн нүд, шар чавга тарьсан нь одоо ч тэр нутгийн хүн зоныг тэжээсээр байна. Халуун говь элсэн дунд ийм жимсний аж ахуй, хүнсний ногоо тариална гэдэг бол их ухаан төдийгүй их хөдөлмөр байсан байна. Усны урсгалыг шуудуу татаж усжуулсантай холбоотой. Хийж бүтээе гэсэн хүнд сэтгэл байвал хэрхэн бүтдэгийг энэ их бүтээн байгуулалтаар харуулж чадсан юм. Халиун анх байгуулагдаж гал голомтоо бадраахад 500 ширхэг ном, бичгийн машин бэлэглэж байсан хүн нь Лодонгийн Түдэв гуай юм билээ. Хорь гаруйхан насандаа алдарт “Уулын үер” романаа туурвисан зууны манлай Түдэв гуайнд охиноо дөрвөн настай байхаас нь дагуулаад очдог байлаа. Охиныхоо уншсан ном, цээжилсэн үлгэр, шүлгийг нь сонсгох гэж тэр том зохиолч, суут эрдэмтний гэрт дагуулж очдог байв. Охин маань долоо настай байх үеийн нэгэн дурсамж санаанд бууж байна. Нэг орой охин маань унтдаггүй бүр шөнийн 1 цагт хичээлээ хийгээд байхаар нь “Миний охин одоо унт” гээд унтуулчихсан юм. Өглөө хичээлдээ явахдаа “Аав аа, би шөнө гурван цагт босож таван цаг хүртэл хичээлээ хийчихээд унтсан” гэж байна. “Яагаад миний охин шөнө боссон юм бэ” гэж намайг асуухад “Түдэв өвөө намайг их ном уншдаг мундаг охин, өвөө нь ийм их ном бичсэн. Өвөө шигээ дэлхийд алдартай Монголоо гэсэн сэтгэлтэй сайн охин болоорой гэж хэлсэн. Тийм болохоор би даалгавраа хийхгүй унтаж болохгүй ш дээ” гэж билээ. Ийм жаахан охин их хэрсүү ухаан суусныг бодоход тэр мундаг хүн бусдад хэрхэн нөлөөлж байгааг бодоход үнэхээр гайхалтай санагдаж билээ.

Аав маань Хувцагааны Мягмардаш гэж Халиун сумын дунд сургуульд 19 настайгаасаа багшилсан багш хүн байдаг. Сумын сургуульд сурч байхдаа “Цэнхэр залаа”-гийн Б.Наранбаатар хэмээх алдарт хөгжмийн зохиолч, хөгжимчинтэй “Говийн наран” хэмээх цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж соёлын үрийг тарьж явлаа хэмээн дурсдаг. Тухайн үедээ “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дараа байгуулагдсан гэхээр Монгол Улсын хоёр дахь хамтлаг байх шүү. Одоогийн тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөр ахтай хамт 1991 онд “Ентүм” ХХК-ийг үүсгэн байгуулж сум, аймгийнхаа олон хүнийг ажлын байраар хангаж орон нутагт олон үйлдвэр нээн ажиллуулсан бизнесмэн хөдөрмөрч хүн билээ. Аав маань тус компанийн гүйцэтгэх захирлаар өнөөг хүртэл тууштай үр бүтээлтэй ажиллаж байгаа нь аливаа ажилдаа үнэнч сэтгэлтэй, хөдөлмөрч, шударга хүн гэдгийн нь нутгийн зон олон үнэлж хэлдэг юм. “Ентүм” компанийг анх үүсгэн байгуулахдаа Т.Гантөмөр ах Халиун сумынхаа жимсний модыг худалдан авч нутгийн хөдөлмөрч түмнээ түшиглэн бизнесээ эхлүүлж байхад би жаахан хүүхэд байлаа. Тус компани чацарганаар “Алтай” хэмээх дарс, шампанск, чацарганы тос зэргийг үйлдвэрлэж Монгол Улсдаа Говь-Алтайн брэнд бүтээгдэхүүн болтол үйлдвэрлэж байна. Тус компанийн хамт олон бол аймагтаа эсгийний үйлдвэр, ноос угаах үйлдвэр, өндөр хүчдэлийн шонгийн үйлдвэр, архи, дарсны үйлдвэр, чацарганы тосны үйлдвэр, өлөнгийн цех, хиамны цех, ундааны үйлдвэр, зочид буудал, ресторан, ШТС, газар тариалан, жимс жимсгэнэ тариалах зэрэг бизнесүүдийг амжилттай эрхлэн явуулж байгаа эгэл жирийн хөдөлмөрч хүмүүс билээ.

Аавын маань ээж Б.Бямбаа 1973-1977 онуудад АИХ-ын депутатаар сонгогдож төрдөө хөдөлмөр алдраа үнэлүүлсэн азтай буурал одоо сэрүүн тунгалаг байна. Олон жил байцаа тариалахдаа байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, тэсвэртэй эрт ургацын нэг га талбайгаас 35-40 тн байцаа хурааж улсын дээд амжилт тогтоохын зэрэгцээ олон хүнд зааж сургаж үлгэр дуурайл болсон “Улсын аварга ногоочин” билээ. Шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө үед хүртэл энэ амжилт нь эвдэгдээгүй байна. Тэр үед нэг ширхэг байцаа 9-14 кг хүртэл ургуулж байсан гэж буурал ээж маань хэлдэг. Өглөө таван цаг гэхэд л босоод гэрийн ажлаа амжуулаад зургаан цаг гэхэд ногооны талбай дээрээ оччихсон зэрлэгээ зулгааж, ногоогоо услаад л явж байдаг үнэхээрийн хөдөлмөрч хүмүүс билээ.

Халиун сумын маань хүн зон бол асар их хөдөлмөрч, аж ахуйч, үнэнч шударга, оюунлаг хүмүүс байдаг гэдгийг нутагтаа очих бүртээ, нутгийнхантайгаа уулзах бүртээ илүү их ойлгож байна. Эх орны хөгжил сумаас эхтэй гэдэг. Өнгөрсөн жил 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд үе үеэрээ нийлж сумандаа их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийж уулзаж суухдаа нутгаа ямар их санаа вэ гэж ярьж байхыг сонсоход монгол хүн бол төрсөн өссөн газраа хөгжүүлэх сэтгэл их байдаг юм байна гэж бодсон. Тиймээс сумаа төдийгүй, аймаг болон Монгол Улсаа хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэх бодол зүрх сэтгэлд дүүрэн байна.

Өнгөрсөн оны хавар зохион “Ирээдүй-Алтай” оюутан залуучуудын холбооноос зохион байгуулсан Алтайн залуучуудын “Цагийн зөрүү” нэртэй уулзалт арга хэмжээнд оролцохдоо хойч үедээ хандаж хэлсэн үг нь “Хөдөлмөр хүнийг алдаршуулдаг юм” гэж хэлсэн энэ үгийг би байнга бодож явах болсон. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд тус арга хэмжээний борлуулалтын орлогыг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг тохижуулахад зарцуулсан нь Алтайн залуучуудын хүсэл сэтгэл нэг зүгт байгааг харуулж байсан. Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа олон сайхан манлайлагч хүмүүс ирж илтгэл тавьсан тэдгээр бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа энэ дашрамд давхар илэрхийлье.

Олонбулаг багийн бага сургуульд Монгол Улсын Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрай багшилж ажлын гараагаа эхэлж байсан бол тус сургуульд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ээж Т.Цэнд гуай сурч байсан нь бас их өвөрмөц түүх юм. Цэнд гуай бол Олонбулагт төрж өссөн хүн юм билээ. Манай сумын хүмүүс амьдралын хар ухаан ихтэй, их хэрсүү, хөдөлмөрч, хүн бүр толгой холбож нэгнээ цаашлуулах нь хүртэл их ёгт үгтэй санагддаг. Олон алдартнууд төрсөн болохоор би шүлэг бичлээ ч тэдний энд хүрэх биш дээ гэж боддог. 2006 онд Сингапур улсад сурч байхдаа нутгаа бас гэр бүлээ их санаж билээ. Тэр үед “Сэтгэлийн наран жаргадаггүй” хэмээх нэгэн шүлэг бичсэнээ сонирхуулъя.

“Аавтайгаа би адуунд явсан

Алтан нарны Элч зулай дээр минь төөнөсөн

Амьдралын минь турш тэр нар жаргаагүй

Аавтайгаа би адуунд явмаар байна

Ээжтэйгээ би аргалд явсан

Ээх нарны туяа хацар дээр минь туссан

Эргээд бодоход тэр нар жаргаагүй

Ээжтэйгээ би аргалд явмаар байна

Уулсын минь оройд нар жаргадагүй юм

Сүмбэр болохоор тэр биз

Ухаан ардын минь сэтгэлд нар жаргадаггүй юм

Сүүн цагаан сэтгэлтэй болохоор тэр биз

Монгол хүний сэтгэлийн наран жаргадаггүй юм

Мөнх ариун заяа дээшээ болохоор тэр биз

Миний сэтгэлийн наран жаргадаггүй юм

Монгол хүн болохоор тэр биз ээ” хэмээн эх нутаг, ижий ааваа санасан сэтгэлээр бичсэн сэн.

Хүүхэд нас маань Халиун голын хөвөөнөө улиас модны сүүдэрт тоглож наадаж өссөн. Буурал ээжийнх маань “Голын зүүн”-д олон айлуудтай зэрэгцэн бууж зусдаг байлаа. Зуны халуун салхи сэвэлзэж айл хотлоороо малаа хотлуулж саахалт айлдаа хурга ишгээ ялгаж хүргэхээр явахад жаргах нарны туяанд гялтганан харагдах малын хөлийн тоос бужигнаж тухайн үед их хэцүү санагддаг байсан бол одоо түүн шиг жаргал байхгүй санагдах болжээ. Хүний амьдрал их сонин юм аа. Хүүхэд насны энэ дурсамж өчигдөр юм шиг тод санагдаж байна. Олон олон монгол хүн над шиг нутгаа санаж явдаг байхаа. Эх орон минь дуу алдам сайхан юм. Нутгаа зүүдлээд, санаад байхаар нь гэртээ Бурхан Буудай уулынхаа зургийг угаалгаж тавьснаас хойш гайгүй болсон шүү. Боломж л олдвол нутагтаа очоод ирэх бодолтой байдаг. Хүүхэд байхад хонинд явах, хурдны морь унах олон олон хүүхдүүдтэй тоглох гэдэг бол санаанаас огт гардаггүй том дурсамж байдаг юм байна. Ээжийн маань аав Г.Жамсран гэж аймгийн алдарт уяач, жинчин, малчин хүн байлаа. Нутгийнхан бол “Бурхан уулын эзэн” гэнэ. Бурханбуудай уулынхаа хүрээгүй очоогүй газар гэж үгүй, яг л байгаль хамгаалагч шиг байдаг байсан болохоор тэгж хэлдэг байсан байх аа. Жараад онд БНХАУ руу тэмээн жин тээж гурил, будаа авчрахын зэрэгцээ Өмнөговь аймгаас тэмээний наймаа хийн нутгийн тэмээн сүргийг сайжруулж байсан гэдэг. Алиа хошин зантай, нөхөрсөг тийм сайхан хүн байлаа. Нутгийн хөгшид маань бие биенээрээ их хатуу тоглодог байж билээ. Одоо бодоход бүгд их ухаантай хүмүүс байж дээ.

“Уулс бууралтаж намрын хяруу уначихаад

Уйтай намар ижийтэйгээ ярьж суухад

Шарлаж хатсан дэрс найган бөхөлзөхөд

Шаргал намраар би гуниглачихдаг

Шувууд буцаад явчихдаг шиг нутгийн хөгшид буцчих гээд

Шуранхай хадаах өвгөдөө найрын хойморт үгүйлж

Шүлэг тэрлэж тэдэндээ очиж нэг золгох юм

Шүүрс алдан бодлогоширч тэднийгээ нэг дурсах юм

Бүгд явчихаагүй байна амьдад нь хайрлаарай өвгөдөө гэж

Буцаад ирэхгүй явчихна буурлуудаа хайрлаж жаргаарай гэж

Буяны цагаан өргөөний нь үүд онгорхой байна

Бууж мордож яваарай нутгаа нэг зориорой

Жамын орчлон гээд уйлж баахан тунив

Жаргал даасангүй явлаа гэж харамсаж баахан гуниглав

Жаргаж хамтдаа нэг намаржаанд нь хонож өнжөөрэй

“Жаргалт”-ынхаа өвөлжөөнд байхад нь өвөлжиж хамт хоноорой” хэмээн буурал аав, ээжээ дурсан нутгийн хөгшдөө бодон хэдэн мөр холбож бодлогоширон сууж билээ. “Хаантай шар уул”-аас Хантайшир уул болтлоо өөрчлөгдсөн хааны шарилыг тээж ирсэн хар азаргыг онголж тавьсан гэх Хар Азаргын нурууны хооронд сунайх торгоны зам туулан өнгөрөх тодоос тод мөр нь үлдсэн Халиуны хоолойгоороо, мөнхүү Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон “Бурхан” нэртэй гурван уулын нэг Бурхан буудай уулаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг дөө. Хаадын өлгий бурхны орон байх өлзий заяатай нутаг минь.

Мишигийн Цэдэндорж гуайн “Морин хуур” шүлгийг цээжилж арван жилийн сургуульдаа уншиж байлаа.

“Унаган хүлгээн дурсаж

Уран хуураа татаж

Утгын яруу дуундаа

Уярч хатуужиж суухдаа

Хорвоогийн хамаг явдалыг

Хоёрхон чавхдасаар ярьдаг

Хосгүй нэгэн овог

Азийн цээжинд нутагтай …” гээд уншихад үнэндээ бахтай билээ. Мөн тэрээр өөрийн төрсөн нутаг болох Уст Чацран голынхоо тухай “Эсэн энхийн арван найман дуу” хэмээх шүлгэндээ сумын маань хөгжлийг харагдтал бичсэн санагддаг юм.

“Уст Чацрангийн урсгалыг

Урагш хойш нь залж

Хотгорын талыг та нар

Хотойтол тариа тарьж байна уу

Бурхан буудайн усаар усалсан

Буудай арвайн ургац өтгөн үү…” гээд хөдөлмөрч зон олны хөдөлмөр алдрыг магтан дуулсан шүлгийн мөртүүдээр энэхүү дурсамжаа өндөрлүүлж сэтгэлийн багахан зайд минь айлчисан хүн бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

Мягмардашийн БАТБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *