Нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаясан зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулах захирамжийн дагуу мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцож байгаа. Цагдаагийн байгууллагаас нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлс, хогоо хаясан иргэний бичлэгийг гар утсаараа хийн баримтжуулахыг олон нийтэд уриаллаа. Хэрэв зөрчил гаргасан иргэний бичлэгийг цагдаагийн албан ёсны пэйж хуудсаар илгээсэн тохиолдолд гомдлын дагуу хариуцлага тооцох юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасны дагуу цагдаагийн байгууллагаас иргэдэд хариуцлага тооцох бөгөөд, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хүртэл мөнгөн дүнгээр торгоно.