-УРТ ЦАГААНЧУУД БИД ОРХИГДСОН
ОРЧИН ЦАГИЙНХАН, ГАДУУРХАГДСАН ШИНЭ ҮЕИЙНХЭН-
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Жуулчны гудамжинд байрлах худалдаа үйлчилгээний “Урт цагаан” төвийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг Хотын захиргаанаас гаргаад байгаа юм. Тухайн шийдвэрийг Урт цагаан худалдаа үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхлэгч түрээслэгч иргэд, аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж эхлээд байна. Энэ талаар “Урт цагаан–Шинэ эхлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Ганболдтой ярилцлаа.
-“Урт цагаан”-д хэчнээн түрээслэгч байдаг вэ. Энэ газраар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?
-Юуны өмнө “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн талаар тодорхой ойлголт төрүүлэх үндсэн дээрээс тус төвийн тухай танилцуулъя.
Урт цагааны барилга нь 1958 онд тухайн үеийн үйлдвэр хоршооллын харьяа артелуудын хөрөнгөөр баригдсан. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгөөр баригдсан анхны үйлчилгээний төв юм. Улмаар Нийтийн ахуйн үйлчилгээний яаманд харьяалагдаж, 1990 онд татан буулгасны дараа Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж, Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын дансанд бүртгэсэн байдаг. Тухайн төвийн барилга нь 7666.19 кв.метр талбайтай. 28365.9 куб метр эзлэхүүнтэй. Барилгын хийцийн хувьд бетон суурь, тоосгон хана, модон хучилт, төмөр болон хар цаасан дээвэр, модон хамар ханатай. Төвлөрсөн системд холбогдсон хоёр болон гурван давхар барилга.
Тус төвийн барилга, байгууламжийг одоогоор Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн, аж ахуйн нэгж түрээсийн гэрээ байгуулан эзэмшиж байгаа бөгөөд тэдгээр иргэд, аж ахуйн нэгж цаашаа 400 гаруй хүнд түрээсэлдэг. Улирлын сезоноос хамаараад өвлийн улиралд үслэг эдлэл засвар, савхи нэхий будах болон бусад төрлийн үйлчилгээ нэмэгдэж 500 гаруй түрээслэгч болж нэмэгддэг. Үйлчлүүлэгчдийн хувьд тухайн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлээгүй хүмүүс Монголд ховор болов уу.
-Хотын захиргаанаас гаргасан шийдвэрийг та бүхэн юу гэж үзэж байгаа вэ?
-2016 оны ээлжит сонгуулиар Улаанбаатар хотыг удирдаж буй МАН-аас томилогдсон дарга нарын гаргасан энэ шийдвэр нь энэ төвд үйл ажиллагаа эрхэлдэг нийт түрээслэгчдийн хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн шийдвэр болсон. Тухайн шийдвэр нь ямар ч тооцоо судалгаагүй, үндэслэл муутай, түрээслэгчид цаашид хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар гаргасан төлөвлөгөөгүй байгаа нь хамгийн хохиролтой. Түүнээс эрх баригчид үндэслэл тооцоотой, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг тооцоолсон шийдвэр гаргасан бол бид эсэргүүцэх шаардлагагүй. Зөвхөн хотын хамгийн ашигтай бүсэд байгаа байршил болон цаашдын ирээдүйн ашгийг тооцоолсон бодлого нь байгаа нь харагдаад байна. Жуулчдын гудамжинд байрлах Урт цагаан төвийн барилга нь эдийн засгийн худалдааны эргэлт бүсэд байршиж байгаагаараа, хөрш зэргэлдээ валют арилжаа, эртний үнэт эдлэлийн худалдаа, эм ханган нийлүүлэх төв, Бөмбөгөр худалдааны төв, Улсын их дэлгүүр, Гандантэгчэнлин хийд гэх мэт Улаанбаатар хотын стратегийн түшиц газруудын дунд оршдгоороо тухайн төвийн газар нь бизнес эрхлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч бүх хүний анхаарлын төвд байдаг. Энэ раойнд Монголын бэлэн мөнгөний эргэлтийн бараг 60 орчим хувь нь эргэлддэг. Хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ Монголын 21 аймаг, есөн дүүргийн нийт ард иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчилдэг худалдааны чөлөөт эргэлтийн бүс юм. Энэ нь л эрх баригчдын арааны шүлсийг асгаруулж, Урт цагаан руу хандсан зохион байгуулалттай бодлого явуулахад хүргэж байна. Тийм учраас бид бүгд төрөөс гаргаж байгаа шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм.
-Энэ барилгыг шинэчлэх цаг болсон гэж ярьдаг шүү дээ?
-Тийм ээ. Хөндлөнгийн нүдээр харвал нээрээ л болохгүй, бүтэхгүй байгаа юм шиг харагдана. Гэсэн ч яг бодит байдал дээрээ энэ барилга маш чанартай баригдсан. 2005 оноос Хотын захиргаанаас засвар хийж болохгүй гэсэн шийдвэр гарсны улмаас өнөөдрийг хүртэл ямар ч засвар, үйлчилгээ хийгдээгүй. Тийм болохоор барилгын өнгө үзэмж муудсан, өнгөц талаасаа чанаргүй мэт харагдаад, түүнийг нь харсан ард иргэдэд нээрээ л болохгүй юм шиг ойлголт төрөөд байгаа юм. Бид бүгд ч гэсэн өнгө зүстэй, хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан зөв орчинд ажиллахыг хүсэлгүй яах вэ. Түрээслэгч бид засаад сайжруулаад ажиллая гэхээр зөвшөөрдөггүй. Цаанаасаа бодлого нь энэ төвийг үнэгүйдүүлэх, муухай харагдуулж байгаад буулгаж, нураах л зорилготой байгаа нь харагдаад байгаа юм.
-Та бүхний эсэргүүцэл, тэмцэл хэрхэн үргэлжлэх вэ?
-Юуны түрүүнд бид Урт цагаантай холбоотой эерэг зөв мэдээллийг иргэдэд түгээх нь зүйтэй. Урт цагаан бол ахуйн үйлчилгээг авч үлдсэн уламжлалт өв соёлыг тээх, түгээн дэлгэрүүлж байгаа түүхэн онцлогтой газар. Ардчилсан хувьсгал ялж хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн сүүлийн он жилүүдэд сул тал нь соёлын өв үнэт зүйлээ бид бүгд гадагшаа алдсан, нурааж үгүй болгосон. Дараагийн том золиос нь Урт цагааны түрээслэгч бид бүгд болчихоод байна. Ийм учраас зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахын тулд бид өөрсдийн эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу “Урт цагаан-шинэ эхлэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тухайн байгууллагаараа өөрсдийнхөө дуу хоолойг Монголын төр болон ард иргэдэдээ хүргэж байгаа юм.
Бидний тэмцэл цаашид төрөөс баримтлах ахуйн үйлчилгээний бодлогод Урт цагаантай холбоотой хөтөлбөр суулгах, төрийн хайр халамж, нийгмийн бодлогоос ангид үлдсэн энэ хэдэн түрээслэгчдэд ашигтай эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чиглэнэ. Улмаар өнөөдөр үүсээд байгаа хууль бус шийдвэрийг цуцлуулах зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид бүгд шат дараатай, зохион байгуулалттайгаар тэмцсээр байх болно.
-Урт цагаан төв нь зөвхөн худалдаа үйлчилгээ эрхэлдэг төв гэхээс гадна соёлын үнэт өв гэж та онцоллоо. Үүнийгээ дэлгэрүүлээч?
-Бидний монголчууд хэдэн мянганаар яригдах төрт ёс, түүхэн уламжлал бахархан дээдлэх ёс заншил, зан үйлтэй ард түмэн. Аливаа улс үндэстэн өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн соёл иргэншилтэй байдаг. Түүний дундаас монголчууд бид бүгдийн бахархан дээдлэх, эрхэмлэн нандигнах маш ховор соёлын өвүүдийг уламжлан авч ирсэн улс үндэстэн. Тухайн соёлын өвүүд дотроос уран дархны урлал, урлахуйн ухаан, утас зүү эрхшээх соёл нь ахуйн үйлчилгээнийсалбараар дамжин нийт монголчууд бид бүгдийн өдөр тутмын амьдралд тусгалаа олж явдаг. Урт цагаанчууд бид энэ л соёлын өвийг эрт эдүгээ одоо цаг доор уламжлан тээж түүчээлэн авчирсан алдар гавьяагүй гавьяатнууд юм.
Бидний талаар эрх баригчид ард иргэдэд дандаа худал мэдээлэл, болохгүй бүтэхгүй бүхий л муу муухай зүйлүүдийг зохион байгуулалттайгаар явуулсаар байгаад одоо нийтийн хандлага бид бүгдийг өрөөсгөл нүдээр харахад хүргэж байгаа юм. Түүнээс биш бидний дунд дэлхийд ховорхон гайхагддаг хосгүй үнэт бүтээл бүтээн туурвидаг, уран гартай хүмүүс зөндөө байдаг. Бидний үйлдвэрлэсэн, бүтээсэн, хийсэн зүйлүүд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд олонтаа мөнхөлсөн. Ямар учраас төрийн нүүрийг тахлах дарга цэрэг нарын ганган тансаг хэрэглээ, тансаглалыг хийх болохоор урт цагаанчууд шиг хэрэгтэй хүмүүс байхгүй болдог. Ямар үед нь бид нар шиг хэрэггүй хүмүүс болчихдог нь ойлгомжгүй.
-Урт цагааныг зохион байгуулалттай муухай харагдуулдаг гэлээ. Энэ нь юу гэсэн үг вэ?
-Урт цагааныг муухай харагдуулаад байгаа гол хүчин зүйл нь миний дээр хэлсэнчлэн улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий бүлэглэлүүдийн зохион байгуулалттайгаар явуулсан бодлогын үр дүнд өнөөдөр Урт цагаан шиг муухай газар байхгүй болж харагдаад байна. Түүнээс биш бид Урт цагаан худалдаа үйлчилгээний барилгыг орчин үеийн хөгжилд нийцсэн өнгө үзэмжтэй эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж чадсан сайхан орчин цагийн барилга болгож чадах чадвар бидэнд бий.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүс Япон улсад гэхэд 200 жилийн насжилттайөв уламжлалаа хадгалсан барилга олон бий. Гэтэл Урт цагааны барилга маань ердөө л 60 жил болж байгаа. Хүчитгээд цааш ашиглахад ахиад 100 жил ч ашиглаж болохоор барилга. Эрх баригч нарын онцлоод байгаа ганц зүйл нь нурах эрсдэлтэй, хүний амь нас эрсдэнэ, барилгын насжилт дууссан гэдэг шалтгааныг яриад байгаа. Бодит байдал дээр хоёр давхар барилга нурдаг, мөн Урт цагаан шиг сайн баригдсан барилга нурна гэсэн ойлголт байхгүй. Тийм ч учраас Монголын барилгачдын холбоо нь өөрөө Урт цагаанд байрлан маш олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Мэргэжлийн тэд дуугараагүй байхад мэргэжлийн бус, улс төрийн хүмүүс өөрөө өөрсдөө дүгнэлт гаргаад олон нийтэд буруу ойлголт өгөөд байгаа нь ёс зүйгүй асуудал.
Хамгийн гол нь эрх баригчдын амнаас зөвхөн болохгүй, бүтэхгүй, нураана гэсэн үг гарахаас биш яг төрийн бодлого, түүний дундаас хэрэгжүүлэх бодлого, түрээслэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хангах талаар нэг ч өгүүлбэр гарахгүй байгаа нь дээрх хардлагыг бид бүгдэд төрүүлж байгаа юм.
-Түрээслэгчид юу гэж ярьцгааж байна вэ?
-Энд хэдэн зуун хүний, бүр цаашилбал ашиглалтад орсноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн төвөөс аж амьдралаа бий болгож ирсэн олон мянган хүмүүс бий. Тэдгээрийн ар гэр, үр хүүхдийн асуудал юм. Мэдээж түрээслэгчид Монголын төрийг зөв шийдвэр гаргах байх, харлаган энэ бодлогоо зогсоох байх, бид бүгдтэй хэлэлцээрийн ширээний ард суух байх, ойлголцох байх гэсэн итгэл найдвартай байгаа. Та өөрөө ч бод. Жишээ татаад үзэхэд худалдааны үйлчилгээний төв болгоныг нураагаад газрыг нь аваад ард иргэдээ ажил, амьдралгүй болгоод байвал бид бүгд цаашид яаж амьдрах вэ. Энэ их өр зээлийн дарамт, амьжиргааны муу үзүүлэлтүүдийн ардаас яаж өндийх вэ. Бид төрөөс юу ч гуйгаагүй, юу ч хүсээгүй өнөөдрийг хүртэл чимээгүй хөдөлмөрлөж, бүтээж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригч хүчин бидний, өөрөөр хэлбэл олон зуун хүний ажлын байрыг булаан дээрэмдэж гудамжинд гаргах гэж байгаа энэ үйлдэлд та бүгд тус тусынхаа хариултыг өгөх биз ээ. Бид ямар ч тохиолдолд ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө эцсээ хүртэл эвлэлдэн нэгдэж, эрслэн тэмцэнэ.
-Та нарын тэмцлийн үр дүн юу вэ?
-Бидний тэмцлийн үр дүн нь зөвхөн ажлын байраа л хадгалж үлдэх, аж амьдралаа хамгаалах зорилготой. Түүнээс биш бусадтай адилхан ажил албан тушаал эд хөрөнгө, алдар нэр, гавьяа шагнал горьдсон арга ажиллагаа биш. Нөгөө талаар эрх баригчдын гаргасан харалган бодлого нь эсрэгээрээ Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийг олон нийтийн анхаарлын төвд авчирснаараа бид бүгд өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлөө нийт Монголын ард иргэдэд илэрхийлэх боломжийг олгож байх шиг байна. Төрөөс ахуйн үйлчилгээний салбарт баримтлах бодлогод Урт цагаан худалдаа үйлчилгээний төвд үйлчилгээ эрхлэгчдийнхээ талаар тусгуулбал нэн тустай. Урт цагаан худалдаа үйлчилгээний төв шиг ийм том сүлжээтэй, Монголын бүх ард иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчилдэг төв байхгүй. Шулуухан хэлэхэд Урт цагаан өөрөө брэнд юм. Энэ брэндийг устгаж алга болговол ахиж хэзээ ч үүсгэж чадахгүй.
-Та бүхэн төвийнхөө барилга байгууламжийг сайжруулаад ажиллах боломж байдаггүй хэрэг үү?
-Байлгүй яах вэ. Үүнийг л бид бүгд хүсч байна. Тийм ч учраас манай байгууллагын нэр “Урт цагаан-шинэ эхлэл”. Бидний туйлын хүсэл бол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны орчин бүрдсэн, эрүүл, зөв орчинд ажиллахыг хүсч байгаа. Нөгөө талаасаа бид эвлэлдэн нэгдэж Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийнхөө барилгыг засч сайжруулахад бэлэн байна.
Учир нь бид үндэсний бичил баялаг бүтээгчид. Энэ уламжлал хэзээ ч тасрахгүй. Тийм учраас сайн сайхан орчинд ажиллаж амьдрахыг хүсэлгүй яах вэ. Харамсалтай нь түрээслэгчдийн энэ хүслийг бодлогоор боомилж байна. Цаашид эрх баригчдад хандаж хэлэхэд та бүгд энэ зүй бус, харалган ёсзүй, хууль бус, үндэслэл муутай шийдвэрээ зүтгүүлээд хүчиндээд нураана гэж бодож байвал, үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдвол бидний олон зуун хүний эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч, Тань-мэний талбайд Хятадын эрх баригчид оюутнуудаа хядаж байсан шиг та бүгд биднийг Урт цагааны барилгатай нь цуг тэгшилж байж санаархлаа гүйцээгээрэй. Бид бүхэн өөрсдийнхөө ажлын байрны төлөө тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгон, хэзээ ч ухрахгүйгээр, урвахгүйгээр, шарвахгүйгээ, айхгүйгээр тэмцэх болно. Та нар нэг ч ажлын байр бий болгохгүй мөртлөө өөрөө өөрсдийгөө болгоод явж байгаа нь бидний татвар төлөгчдийг, баялаг бүтээгчдийг тараана, устгана, сөнөөнө гэвэл ард түмний итгэл сэтгэл нэгдэж тэмцсэн тэмцэл юунд хүрдгийг харуулна. Нэгэнт Урт цагааныг нураахаар шийдсэн бол та бүгдийн байгуулсан олигархи засаглалыг бид бүгд нураан зогсоож Монголын ард түмний нуруун дээр байгаа ачааг хөнгөлөлцөж, улс төрийн тэмцэл, сонгуулийн зохион байгуулалтад орж та бүгдэд зохих хариуг чинь өгнө.
С.ЛХАМСҮРЭН