Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шодоргос

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Шударга амьдрах сайхаан. Бид цөмөөрөө л шударгыг эрхэмлэдэг. Хүн бүгд өөрийгөө “шударга”-ын нэг үргэлжлэл, түүний салшгүй хэсэг гэж үзэх ажаам. Болж бүтэж байгаа бүхнээ “шударга”-тай холбож үзнэ. Сугалаанд хожил таарсан бол “шударга юм гэж байдаг юм байна” хэмээн ярилцлага өгнө. Түүгээр ч барахгүй хорвоо дэлхий шударга бус байгаад гомдоллож, шударгаасаа болоод хохирсондоо халаглагсад бишгүй тааралдана.

Олон нийтийн санал асуулгад энэ үгийг зориуд оруулж үзлээ. Манай социалогичид а.Хууль биелүүлдэг, б.Хулгай хийдэггүй, в.Шударга гэж дэслээд, энэ гурвын аль нь хууль тогтоогчдод чухал болохыг асууж үзэв. Гэтэл ихэнх оролцогч, “бусад нь яах вэ, шударга нь хамаагүй дээр” гэж үзсэн байх юм. Голч үзүүлэлтээрээ л “шударга” байх юм бол хуулийг тааруулж зөрчөөд, хэр хэмжээг нь тааруулан хулгай хийгээд явж болно гэсэн үг үү? Тийм болоод л манай ЖДҮ-чид шударга л байгаа нь энэ юм болов уу?

Тийм ээ, Бусад нь яах вэ, шударга л чухал. Гэтэл Шударга гэдэг маань яг юү вэ? Энэ үгэнд дуртай байх ч амархан. Өөрснөө шударга байхыг хичээдэг бусдаас ч үүнийг шаарддаг. Гэвч энэ үг яг ямар ухагдахуун бэ?

Яруу найрагт “Аль байна, тэр диваажин, Алган дээр тавиад харуулаадах” гэлээ гэгчээр шударга гэдэг ухагдахуунд хэмжүүр шалгуур бий юү? Яг хаана шударга эхэлж, хаана дуусдаг вэ?

Ажигласнаар хүмүүс хоорондын зөрчлийн дүн гарахад аль аль тал нь шударга байсан болоод дуусдаг. Нөгөө талаас нь харвал аль алин нь шударга бус болж хоцордог. Хамгийн энгийн жишээ гэхэд шүүхэд очсон хоёр талын аль нэг нь бурууддаг авч ялсан тал нь “шүүх үнэхээр шударга байдаг юм” гэлцэж байхад ялагдсан тал “Хорвоод шударга юм байхаа больжээ” гэсэн гомдолтой гарна. НӨАТ-ын сугалаад хожсон хүн ба юу ч таараагүй үлдэгсэд ч тэр мэт.

Ингээд харахаар манай шударга гэдэг ойлголтын суурь нь тухайн нөхцөл байдалд тухайн хүнд таалагдах таалагдахгүйгээс хамаарч байх шиг байна. Төрийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагаа нь хуулийг сахих дээдлэх, хулгай худлаас ангид байхдаа биш, харин ямар нэг үйлдэл араншин сэтгэлд нь нийцээд явчих юм бол шударга болчихно. Жишээлэхэд, хэлэх юмсан гээд хэл загатнуулаад байсан нэг үгийг нь зурагтаар ярьчих юм бол шударгадаа багтаад явчих бололтой юм аа.

Эндээс бидний хамгийн зөв үнэлэмж, оновчтой дүгнэлтийг илэрхийлэх ямар ойлголт байна вэ?

Хүнийг зан төлөвийн хувьд сайшаасан олон монгол үг байх юм: Төлөв, нуруутай, сайн, гэмгүй, хоргүй, нямбай, даруу, чамбай, үнэнч, голч, зөв, ариун, чигч гэх мэт. Цаана нь ч өөр олон эерэг тодорхойлолт байгаа биз. Эдний алинд нь шударга хүн багтах вэ? Даруу гэсэн тодорхойлолттой нэгнийг сагсуу гэж дүгнээд байх хүн ховор талдаа. Нуруутай нэгнийг тодорхойлогчдын тэн хагас нь хулхи эр гэж маргаад байх нь элбэг биш. Энд шударга гэсэнтэй ижил тийм эрс тэс, шууд хоёр талдаа гарсан төлөв шинжийн үнэлгээ өөр алга. Хэн нэгнийг “шударга хүн”, ямар нэг үйлдлийг “шударга явдал” гэж нэрлэхэд шууд л хоёр талцаж хагас нь зөвшөөрдөггүй бол, харьцуулахад хэдийгээр нарийн тодорхойлсон шалгуур хэмжүүр байхгүй ч “төлөв”, “зөв”, “нуруутай” гэсэн үнэлгээнд ингэтлээ хоёр тийшээ савалж туйлширдаггүй. Үүний учир нь таньж мэдсэн хэн нэгнийхээ талаар хүмүүсийн ихэнх нь ам нийлдэгт байх аа. Өөрөөр хэлбэл голоор нь хэлсэн дүгнэлт.

Шударга гэсэн эрс тэс үнэлгээтэй, маш өргөн утгатай төстэй англи үг хайж толь бичиг баахан ухлаа. Truthful, Honest, Just, Fair, Scrupulous гэх мэт үг гараад ирж буй нь бидний нэрлээд байгаа шударгад таарах боловч хоорондоо нэлээд ялгаатай юм гээч! Truthful гэхээрээ худлаа хэлдэггүй хулгай хийдэггүй, honest гэхээрээ дүрэм журмыг дагадаг, худал хуурмагаас ангид нэгэн, Just гэвэл хуулийг үг үсэгчлэн даган биелүүлэгч (Justice гэдгийг философийн багш, орчуулөгч Батчулуун “шударга” гэлгүй “зөв” гэж орчуулдгийг зөв гэж бодож байна), Fair гэвэл тэнцвэр сахидаг найрамдалсаг талдаа (тэмцээнд шударгаар өрсөлдөх) боловч заавал just байх албагүй. Scrupu­lous бол нягт нямбайгаас гадна жишээ нь хүнээс мөнгө зээлсэн бол амласан цаг хугацаанд нь буцааж өгдөг хүн байх жишээтэй. Монгол толь бичигт бүгдийг нь нийлүүлээд “Шударга” гэсэн байх ба тэрийг буруу орчуулж гэх гээгүй шүү, үнэхээр ч орчин цагийн монгол хэлээр бүгд л шударгад багтах аж.

Шударга гэдэг үг шудрах гэсэн угшилтай. Уул санаа нь улайм цайм, цагаандаа гарсан, шийдчихсэн, огт ичихгүй, санаа зовдоггүй гэсэн утгатай байсан бололтой.

Шугуй замаар шудруулаад гардаг

Шодон сүүлтэй борлог морь

Шуудаар манийгаа захиран суудаг

Атаман хэргэмтэй Семёнов

хэмээсэн дуу байсан гэдгээс харахад, шугуйн мөчирт нүдээ хатгуулж сохлох барихаас айдаггүй нэг тийм тоомсог харагдаад байгаа биз дээ. Бас “Цаадах чинь найзыгаа шударчихсан гэнэ” гэвэл дотно нөхрийнхөө аминд хүрсэн этгээдийн тухай болоод явна. Түүнчлэн “Хүнд тавьсан тавагтай чихэрнээс асуулгүй шүүрээд авчихлаа, манай энэ банди мөн шударга гайхал шүү”, “Хурал дээр даргыгаа улаан нүүрэн дээр нь худалч, хүний үнэргүйгээр нь дуудчихлаа, мань хүн ч өөдгүй шударга эр дээ” гэх мэт өгүүлбэрт ороод ирэхээрээ шударгын жинхэнэ утга гараад ирдэг. Хэн нэгнийг, ер нь цаадах чинь шударга амьтан шүү гэвэл болгоомжлуулсан утга гарна. Шоронгийнхон дунд “шударга хулгайч” гэсэн нэршил байдаг, энэ нь нууж хулгайлах, ил дээрэмдэх хоёрын завсар сүүлд нь баригдахаасаа айхгүй хийдэг гэмт хэрэгтнийг хэлж байгаа юм. Гучаад оны үед бурхан тахил бузарладаг, лам ноёдыг хараадаг, сүм хийд нурааж явсан хувьсгалч хөөргөн залуусыг шударга гэдэг байжээ. Нэг талаас нам эвлэлээс магтаж ингэж нэрлэнэ, нөгөө талаас ардууд жигшиж ингэж дуудна. Шудрага гэдэг тодорхойлолт тэр үеэс л монгол хэлэнд үндсэн утгаа алдсан байх гэж боддог юм. Тэр үеийн хэвлэл ном харж байхад.

Орчин цагийн монгол хэлэнд энэ үг их олон салаа утгатай, заримдаа бүр эрээ цээргүй сонсдоно. Жишээлэхэд, “Авлига авч хулгай хийсэн нь хожиж, хулгай хийгээгүй шударгаар хөдөлмөрлөсөн нь хохирч байна”. Энэ өгүүлбэрийг өнөөгийнхөн энд тэндээс олонтаа сонссон биз. Хулгай хийгээгүй учраас шударгаасаа болоод хохироод байгаа биз. Зүй нь шударга бусаар хулгай хийгээд явсан бол ёс суртахууны хувьд зөвдөх байж! Хулгай хийх боломж гарсныг анзаараагүйн халаглал, эсвэл өөрт нь хулгайлах юм үлдээгээгүйн хойноос гаргасан тунирхал, бүүр байчихаад “дагуулж хулгай хийгээгүй”-н төлөөх гомдол уу?

Энэ бүхэн, за яахав, хэл шинжлэлийн асуудал байж. Үнэндээ философийн, моралийн, этикийн асуудал л даа. Гол нь манай шударга нийгэм дэх улс төрийн амьдралд энэ хачирхалтай ухагдахуун хэрхэн үйлчилдэг, нөлөөлдөг талаар ярих гэсэн юм.

Өнөөдрийн шударгаа зөв төсөөлөхийн тулд өчигдрийн шударгуудыг эргэн санах гээд үзье. Алтан ургийн удмынхан болон лам багш нарыг хуйгаар нь хүйс тэмтрэхэд “шударга засаг минь” л гэж нэрлэж байсан. Байгаа хөрөнгийг нь хуу хамж хураагаад аваад явчихад “шударга төр маань” л гэж байсан. Нөхдөө матан шорон орон руу илгээгчийг “шударга иргэн” л гэж байсан. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө цөлж хагацааж байхад “манай намын шударга шийдвэр” л гэж байсан. Энэ бүхэн өнгөрсөн явдал.

Тэгвэл одоо? Иргэд чөлөөтэйгөөр төрөө сонгож өөрийн үзэмжээр улсаа тохинуулах эрхтэй боллоо. Бүгд л шударга нэгнээ төрдөө зална гэж шуугилаа. Энэ уудам цэлгэр оронд маань шударга хүмүүсийн “бөглөрөл түгжрэл” үүслээ. Шударгууд биенээсээ илүү шударга болох гэж алийгаа алдав. Аминдаа өрсөлдөөд байгаа юм, хөөрхийс. Өрсөлдөгчөө шударга бус гэж зарлана, дайрна, буруутгана. Өнөөх нь ч хариуд нь түүнийг бүр илүү шударга бус болохыг нотлон хариу довтолно.

Ард түмэн болохоор хоёр янзаар үнэлнэ. Нэгд аль болох олон шударга бус юм олж харж бархирсныг нь шударгад тоолно. Өөрөөр хэлбэл, хамгийн цөөн нүд ухсан хэрээг бус, хамгийн чанга гуагласан хэрээг ариун жигүүртэн, огторгуйн гарьдаар үзнэ. Нөгөө талаар яаж олсон нь хамаагүй, олзноосоо хуваалцсан нэгэнд талархана. Хулгайчид хулгайн бараа байхаас биш, хэзээ ч хувийн баялаг байдаггүй. Ингээд өөрөөс нь хулгайлаад өөрт нь эргүүлээд шавхрууг нь хялайлгахад л шударгыг нь гайхна. Хоттой хониноос нь төхөөрчихөөд цувдайных нь шөлнөөс амсуулахад буянтай, булчинтайг нь шагширна.

Шударгууд улс орноо тонох тусам эрх мэдэлтэй болсон хойноо өөрснийхөө шударгаар гайхуулна. Үүнийг шударга ёс гэнэ. Товчхондоо шодоргос. Шодоргосын бидний ойлголт явж явж энэ. Аль аль талдаа шүү! Шодрого хүн, шодоргос бол орчин цагийн монгол хэлэнд хамгийн барьцгүй, баримжаагүй, үнэн зөв тодорхойлолтгүй үг болж таарч байна. Явж явж хамгийн өөдгүй хүнийг хэлдэг нэршил болчихсон юм биш үү? Шодоргоссон биднийг цаадуул чинь шодроод дууслаа.

Эцсийн дүнд бид өөрчлөгдөхгүй бол ТЭД хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэднээс салах гарц бол бид ойлголтоо, үнэлэмжээ, шалгуураа өөрчлөх зам. Шударга гэдэг үг нэгэн цагт тэнгэрлэг ариун утгатай байсан байж магадгүй. Харин өнөөдөр энэ үг, ийм ойлголт биднийг шудраад дууслаа. Шинэ хэмжүүр, шинэ ойлголтоо эрж олцгооё.

2020.2.16

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *