Соёлын тэргүүний ажилтан, дуучин Лодойн Банзрагчтай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан золголт хийхийг ард түмэнд уриаллаа. Та энэ уриалгыг дэмжиж буйгаа пэйж хуудсаараа илэрхийлжээ?
-Олон нийтийг хамарсан ийм цар тахлын үед Монгол Улс нэлээд хүч гаргаж ажиллаж байна. Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, бүр Засгийн газрын хэмжээнд өргөн хүрээтэй, хүч хаясан, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тал дээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаад нь иргэн хүний хувьд талархалтай байна. Үүний хүчинд энэ айхавтар вирусийг оруулж ирэхгүй, өнөөдрийг хүртэл тогтоон барьж чадаж байна гэдэгт хүн бүхэн л талархаж байна. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг дэмжиж өөрийнхөө пэйж болоод фэйсбүүк дээрээ шэйрлэлээ. Үүнийг хүмүүс ихэд таатай хүлээж авч байгаад баяртай байна. Яагаад вэ гэхээр, бид эрүүл энх, саруул сайхан байвал олон сайхан Цагаан сарыг тэмдэглэх боломж бүрдэнэ. Тиймээс нэг удаагийн Цагаан сарын тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэхгүйгээр зөвхөн цахимаар бие биедээ мэнд дамжуулаад золгочиход болохгүй зүйл байхгүй гэж хувьдаа бодож байгаа.
-Нийтийн дууны уран бүтээлчдийн дуу хуур, тоглолт бол Цагаан сарын уур амьсгал оруулдгаараа онцлогтой. Цагаан сарын үеэр та гурвын теле концерт гарна биз?
-Концертын хувьд бид гурав олон хүн ордог Цагаан сарын тусгай нэвтрүүлгүүдэд оролцсонгүй. Харин теле концерт гарах байх. Өнөө жилийн Цагаан сарын өмнө олон хүн оролцсон, олон хүнийг цуглуулсан тийм нэвтрүүлэг хийхийг хориглочихсон. Тийм учраас Цагаан сарын баяртай холбоотой нэвтрүүлгүүдийн бичлэгт оролцсонгүй. Өнгөрсөн жил арваннэгдүгээр сард хийсэн тоглолтын бичлэг гаргах байх. Зун хийсэн бас нэг тоглолтын бичлэг телевизүүдээр гарах байх гэж бодож байна.
-Таны хувьд фенүүдтэйгээ фэйсбүүкийн лайваараа золгочих юм байна?
-Тэгнэ, тэгнэ. Хөдөө, орон нутагт миний ах дүүс амьдран суудаг. Тэдэндээ ч би хэлж байгаа. Ганцхан удаагийн Цагаан сарын баяраар интернэт хөгжчихсөн, гар утас барьдаг болчихсон энэ үед нэг нэгэндээ утсаар мэнд дэвшүүлж золгоё гэж. Өргөн хэмжээнд биш, ингэж тэмдэглэе гэсэн чинь хөдөөний ах дүүс маань зөвшөөрцгөөсөн.
-Дуучин А.Мөнхбат, Д.Бурмаа та гурвын дуугүй баяр наадам гэж байдаггүй. Ард түмэн, сонсогчдодоо ингэж мэдрэгдэж уран бүтээлээ хийж явна гэдэг нэг бодлын их сайхан юм аа?
-Монголын уламжлалт урлаг соёлыг тээж яваа улсууд нийтийн дуучдын дунд нэлээд бий л дээ. Уламжлалт гэдэг нь, Монгол ардын уртын дуу, тэрнээс уламжлагдсан ардын богинын дуунууд, тэрэн дээр суурилсан нийтийн дуунууд гээд. Энэ дундаа, бас нэг хэв маягийг алдахгүйгээр барьж яваа нь бид гурав юм болов уу гэж боддог. Учир нь, Монголынхоо уламжлалт зан заншлыг илүү ихээр харуулсан тийм үг, аятай дуунуудыг дуулахыг хичээдэг. Үүнийгээ дагаад Монголынхоо үндэсний дээл, хувцсаа бид түлхүү өмсөж, хэлбэр, донж, хийцийг нь нэг их алдагдуулахгүйгээр үндэсний хэв маягийг нь хадгалсан хувцаснуудыг өмсдөг. Энэ утгаараа уламжлалаа илүү хадгалдаг, түүнийгээ дэмжсэн уран бүтээлчид гэж бид гурав өөрсдийгөө хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.
-Та бүхний уран бүтээл нийгэм рүү хандсан, эв эетэй байя, бүгдээрээ, хотлоороо хамтдаа амгалантай амьдарцгаая гэсэн ерөнхий утгыг агуулдаг шүү?
-Зөв анзаарсан байна. Нийтийн дууны урлаг, тэр тусмаа ардын хэв загварыг барьж байгаа ийм дуучдын хувьд нийгмийн энэ их бухимдалтай ийм үед амьдралыг дандаа гэрэл гэгээтэй, сайн сайхан талаас нь харуулах ёстой гэж боддог, амьдралын хэв маяг болоод урлагийн талаас нь. Тийм ч болохоор өөрсдийнхөө дуулж байгаа дуунууд, амьдарч байгаа хэв маягийг дандаа гэрэл гэгээтэй, өөдрөг талаас нь харуулсан дуунуудыг сонгодог. “Миний ардын сэтгэл цагаан” дуу бол ард түмнийхээ сэтгэлийн цагаан цайлганыг магтан дуулсан. “Заллага” дуунд,
…Айраг байна уугаарай
Аятай байна өнжөөрэй
Агсал байна эмээллээрэй
Ах дүү нараар минь ороорой гэж монголчуудын зочломтгой, цайлган цагаан зан чанар, тэр бүгдийгээ дагасан айргийн соёл, адууны соёлыг магтан дуулсан. “Амар төвшин” бол ачтайхан ээж, амрагхан хань, алаг үртэйгээ амар төвшин, өвчин зовлонгүй, эрүүл энх жаргая гэсэн дуу. Иймэрхүү дуунуудыг уриалж дуулдаг юм аа. Нөгөө талаар монголчууд амны билгээс ашдын билгэ гэж ярьдаг шүү дээ. Сайн сайхан зүйлд уриалан дуудаж, сайн сайхан зүйлийг ярилцаж байвал амьдрал аяндаа л сайн сайхан болно.
-Хэдэн онд анх хамтарч дуулсан бэ?
-Бид гурав 2010 оноос хамтарч дуулж эхэлсэн.
-Хамтарч дуулаад 10 жил болжээ?
-Тэглээ, 10 жилийн ой болж байна.
-Та гурвын хоолой харилцан шүтэлцээтэй. Үзэгчид та гурвыг гурвуулаа гарч ирэхэд тайз дүүрэх мэдрэмжийг мэдэрдэг байх?
-Хамтарч дуулах саналыг би энэ хоёр дуучиндаа тавьсан юм. Гурвуулаа ардын дууны маягийн өнгө, тембертэй дуучид учраас хоёулаа дуулах биш гурвуулаа дуулдаг байвал хүмүүст илүү хүрнэ. Яагаад гэвэл, гурвуулаа дуулахаар, гурван өөр сэтгэл, гурван өөр хоолойны өнгө нийлэхээр дуу илүү амь ордог. Энэ саналыг хоёр дуучиндаа тавиад, дуулах дууны сонголт, хөгжмийн найруулгаа яаж хийх вэ, клип нь ямар өнгө аястай байх вэ гэдэг тал дээр ажилласан. Нэг ёсондоо продюсерын үүргийг гүйцэтгэж байгаа юм уу даа. Иймэрхүү байдалтай өөрийнхөө санаа оноог илүү тусгаж, энэ хоёр маань ч миний санааг хүлээн авч арваад жил хамтарч дуулж байна. Ингэж л дуунууд минь амь орж, тоглолтууд маань амжилттай болж байна. Хөгжмийн найруулгаар дуу бас амь орно. “Анир” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг маань ч миний саналыг өөрийнхөө авьяас дээр тусгаж авч, их сайхан хөгжим найруулдаг. Ингэж л дуунууд минь амилдаг даа.
Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг. Энэ жилийн Цагаан сарыг тодорхой хэмжээнд хорьсон ч гэсэн бүгдээрээ эрүүл энх байж хулгана жилийг үзэж байна. Дараачийн хулгана жил гартал 12 жилийн хугацаа байна. Хүний амьдралд жаргал, зовлон олон зүйл ээлжилж байдаг учраас дараачийн хулгана жилийг бүгдээрээ эрүүл энх, саруул сайхан байж золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Ам цагаан хулгана жилдээ хүн бүхэн зорьсон зорилготой байж, зорилгынхоо үр шимийг хүртээрэй. Тийм он жилүүд олон олноор цааш цаашдаа үргэлжлэх болтугай. Эрүүл энх байгаарай, бүгдээрээ.