Сүхбаатар дүүргийн X хороо “Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Баттуултай ярилцлаа.
-Танай хороо хэдэн хүн амтай вэ. Үүнээс хэдийг нь бага насны хүүхэд эзэлдэг вэ?
-Сүхбаатар дүүргийн X хороо дан байшин хороололтой. Нийт 10438 иргэнтэй. Түүний 1438 нь 0-5 насны хүүхдүүд байна.
-Шинэ коронавирус урд хөршид илэрснээр манай улс хөл хорио тогтоосон. Хөл хорионоос хойших үеийн томуу, томуу төст өвчний идэвхжил хэр байгаа вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт дөнгөж дуусаад долоо хоног хичээллээд л хөл хорионы үе эхэлсэн шүү дээ. Тэр үед бага ангийн хүүхдүүд дунд томуу, томуу төст өвчний идэвхжил их байсан. Цэцэрлэг ч хөл хорио тогтоогоогүй байсан. Хүүхдүүдийн дунд ханиад хатгаа их, үзлэг ихтэй үе байлаа. Харин хөл хорио эхэлснээс хойш үзлэг харьцангуй багассан. Гэхдээ том хүний ханиад, хатгаа их байгаа. Хурдан хүндэрнэ. Эхний 3-4 хоног маш өндөр халуурдаг. Вирусийн гаралтай ханиад болохоор вирусийн эмэндээ дарагддаг. Гэсэн ч маш хурдан хүндэрдэг болохоор дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь их байгаа.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг гэрээр үзэж байгаа гэсэн. Танай өрхийн эмнэлэг хүүхдүүдийг яаж үзэж байна вэ?
-Манай эмнэлэг байнга гэр эргэлтийг хийдэг. Эмч нар хуваагдаад амбулаторидоо хоёр эмч үлдээд, хоёр эмч айлуудаар явж гэрээр үзлэг хийж байна. Мөн өөрийн заавал үзэх ёстой дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 103 дуудаж үзүүлсэн, нярай хүүхдүүд болон асаргаанд байдаг ахмад настнуудаа өдрөөр эргэж үздэг. Биднийг 80 хувиас дээш гэрийн үзлэг хий гэж заасныг биелүүлэн ажиллаж байгаа.
-Хөл хорионы үеэр иргэд хэр зөвлөгөө мэдээлэл авахаар ирж байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд хандаж байна уу?
-Телевиз, радио, сошиалаар урьдчилан сэргийлэх мэдээлэл их явж байгаа болохоор яг зөвлөгөө мэдээлэл авъя гэж зорьж ирэх хүн байхгүй. Гэхдээ бид үзүүлж, эмчлүүлж байгаа иргэддээ байнга зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Маскаа байнга зүү, гараа тогтмол угаа, аньс, чацаргана, аарц гээд дархлааг дэмжих аминдэмтэй эрүүл хоол хүнсийг сонго гэх мэтээр.
-Томуу, томуу төст өвчний идэвхжил хөл хорионы үеэр багассан гэж байна. Сүүлийн үед үйлчлүүлэгчид ихэвчлэн ямар шалтгаантайгаар ирж үйлчлүүлж байна вэ?
-Сарын эхэн үед эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эм өрхийн эрүүл мэндийн төвөөр бичигддэг. Тиймээс ахмад настнууд даатгалын хөнгөлөлттэй эмээ бичүүлэхээр үзүүлэх тохиолдол их байна. Томуу, томуу төст өвчний шалтгаанаар хандах тохиолдол нэгдүгээр сар гарснаас хойш багассан. Ид идэвхжлийн үед маш их дараалал үүсдэг үе шигээ биш байна л даа.
-Эрүүл мэндийн сайд Сар шинийн баярыг цуцлах санал гаргасан. Сар шинээр идэвхжил хэр нэмэгддэг вэ?
-Эрсдэл ихтэй. Энэ жил шинэ төрлийн коронавирус илэрсэн гээд хөл хорио тогтоочихсон байгаа болохоос өмнөх жилд Цагаан сарын дараа томуу, томуу төст өвчин маш их нэмэгдсэн. Ер нь ямар нэгэн баярын дараа өвчлөл нэмэгддэг. Яагаад гэвэл монголчууд бие биенийдээ их зочилдог. Энэ үеэр өвчлөл үүсэх нь нэмэгддэг. Миний хувьд ч гэсэн золголтыг гэр гэртээ хийсэн нь зөв санагдаж байгаа. Үнэхээр шаардлагатай л гэж үзвэл төрсөн аав ээжтэйгээ цөөн хүнтэй үед нь золгох, гэр бүлийнхээ хүрээнд л золголтоо хийгээсэй гэж бодож байна. Түүнээс нутаг орны өндөр настан гэж хэсдэгээ ганц удаа өнжөөсэй гэж л хүсч байна.
-Хөл хорионы үеэр танд иргэдэд өгөх нэмэлт зөвлөгөө байна уу?
-ДЭМБ-аас гаргаж байгаа коронавирусийн эсрэг зөвлөмжийг маш сайн баримтлах хэрэгтэй. Хоёр л зөвлөмж байгаа шүү дээ. Гадуур явахдаа байнга маскаа зүү, гараа тогтмол угаа. Үүнийгээ дагаад байвал эрсдэл багатай өнгөрөх байх гэж найдаж байна.