Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагт шинээр 2,009 тохиолдол нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 68,584 болсон байна. Харин халдварын улмаас нас барсан хүний тоо 142-оор нэмэгдэж нийт 1666-д хүрчээ. Эдгэрсэн хүний тоо 1,324 тохиолдлоор нэмэгдэж 9,425 болжээ.
Өчигдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 25 улсад бүртгэгдсэн байсан бол өнөөдөр Египет улсад шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад бүртгэгдсэн тохиолдол нь БНХАУ-д аяласан гэдэг өгүүлэмжтэй байгаа аж.
Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар гараагүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүсийг ажиглалтадаа авч хянаж байгаа аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 14-нд тусгаарлагдсан таван тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. ХӨСҮТ-д нэг, Налайх дүүрэгт нэг, Завхан аймагт тусгаарлагдсан тохиолдлууд бүгд шинэ коронавирусээр халдварлагдаагүй нь тогтоогдлоо. Харин 2020 хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг, нийт гурван тохиолдлыг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын 104 иргэн хил нэвтрэн орж ирсэн. Тэдгээр хүмүүст холбогдох байгууллагууд эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авч, тусгаарлан ажиглалт хийж байна” гэв.