Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: Гуравдагч хүчнүүд амбицаа дарж, алсын зорилго дээрээ нэгдэж чадвал сонгуульд өөр үр дүн гарна

“Уухай” хөдөлгөөний гишүүн, ХҮН намын Уирдах зөвлөлийн дарга Т.Доржхандтай ярилцлаа.


-Өмнөх сонгуулиудаас ялгаатай нь 2020 оны сонгуулийг угтаж нийгэмд томоохон хөдөлгөөнүүд гарч ирээд байна. “Электрот”, “Уухай” зэрэг. “Уухай” хөдөлгөөний хувьд энэ сонгуулийн өнгө төрхийг юу гэж харж байна вэ?

-2020 оны сонгууль ямар үр дүнтэй байх вэ гэдгийг ярихын тулд бид сонгуулийн ямар системийг сонгов гэдгээс эхлэх нь зүйтэй. Нэг талаас сонгогчид, нөгөө талаас сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид ямар дүрмээр сонгуульд оролцох вэ гэдэг дүрмээ харахаар маш муу системийг манай эрх баригчид сонгочихлоо. Олон улсад block vote буюу манайхаар томсгосон мажоритар гээд байгаа тогтолцоогоор дэлхийн 7.0 тэрбум хүнээс 49.0 сая нь л сонгуулиа өгч байна. Өнөөдөр энэ системээр сонгуулиа өгдөг Сири, Сьерра-Леоне хоёр улс л байна. Өмнө нь Филлипин, Тайланд улс энэ симтемээр өгч байсан. Тэд бүгд татгалзсан, улс оронд маш хортой юм байна гэдгийг ойлгосон. Яагаад ийм муу системийг сонгочихов гэхээр манай эрх барьж байгаа намууд сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө зориулж дүрмээ зохиодог. Өөрсдөө гарч байвал энэ улс орон хамаагүй гэж Сонгуулийн хуулиар өөрсдийн дүрмээ баталгаажуулдаг. Үр дүнд нь сонгууль бүрийн өмнө хууль дүрэм өөрчлөгддөг. Иргэд яаж сонгуулиа өгөхөө ойлгохоо больж, тэр битгий хэл сонгуульд оролцож байгаа намууд хүртэл толгой нь эргэхэд хүрч байна шүү дээ.

Энэ системийн сул тал гэвэл сонгогчдын эрхийг ноцтой зөрчдөг. Тухайлбал, Мауришсын жишээ байна. 1980-аад онд тус системийг ашиглаж, нэг намаас 64 хувийн санал авсан. Гэтэл парламентаа 100 хувь бүрдүүлчихсэн, ямар ч сөрөг хүчин байхгүй. Сөрөг хүчин нь 36 хувийн санал авсан мөртлөө парламентдаа нэг ч суудалгүй. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа намд давуу байдал үүсдэг. Дараагийн сул тал нь маш их мөнгөний сонгууль болдог. Долоо, найман улс түүхэндээ энэ систмеийг ашиглаж байж. Асуудал нь сонгуулийг маш их зардалтай болгочихдог. Өөрөөр хэлбэл, санал худалдан авалтыг идэвхжүүлдэг. Гурав дахь нь, улс төрийн институцийг улам хооронд нь хагаралдуулж намуудыг төлөвшүүлдэггүй. Нэг намаас дэвшсэн хүмүүс хоорондоо өрсөлдөж, институцийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол 2008 онд манайд нэлээд харагдсан шүү дээ. Ингээд ирэхээр нам нь өөрөө үзэл суртал, итгэл үнэмшил дээр нэгдсэн багийн тоглолт биш, нам нь төлөвшдөггүй, хувь хүн фракцийг илүү их дэмжсэн систем юм. Бид 30 жил бүлэглэл фракцийн хөлд үрэгдлээ. Гэтэл дахиад үүнийгээ дэмжсэн зохицуулалтыг оруулаад ирчихсэн байна. Тэгэхээр сонгуулийн үр дүн хуучнаа давтах магадлал өндөр байна. Улс төрийн гуравдагч хүчнүүд амбицаа дарж, алсын зорилго дээрээ нэгдэж чадвал өөр үр дүн гарна.

-Хөдөлгөөн, жижиг намуудын хувьд нэр дэвшиж, өрсөлдөхөд хүнд болчихлоо гэсэн үг үү?

-Энэ бол шинээр улс төрд орж байгаа улс төрийн нам, хувь хүнд маш их хортой. Тэд танигдаагүй байдаг. Бас мөнгөгүй. Эсрэгээрээ маш их мөнгөтэй, намын сүлжээтэй, эдийн засгийн боломжоосоо хэтэрсэн амлалтуудыг өгч чаддаг поп нөхдийг сонгох магадлал ихтэй. Ингэхээр 2020 оны сонгууль маш тодорхой болчихсон гэсэн үг. Хатуу бүтэцтэй олон гишүүнчлэлтэй, тэднийгээ төсвийн мөнгөөр хахуульдаж өөртөө ажиллуулдаг систем буюу МАН, түүнийг хуулбарласан АН-ын ужгирсан хөгшин улстөрчид дахиад гарах магадлал байна. Энэ хоёр намд байгаа залуу улстөрчид ч гарах нь юу л бол. Бусад нам, эвслийн эрүүл залуусын саналыг хуваалгахаар ах нар нь ашиглаад хаях биз дээ. Мэдээж бид зүгээр хараад суухгүй, эдний авлигын системийг эвдэхийг хичээх болно. Сонгуульдаа маш сайн бэлдэж оролцоно. Ер нь бидний байнга тавьж байгаа асуудал бол сонгуулиа пропорцианаль хэлбэрээр явуулаач, намууд бодлогоороо өрсөлддөг байя, парламент нь бодлого ярьдаг болъё, ядаж урт хугацааны биш юм гэхэд дөрвөн жилийн бодлого ярьдаг, нэг жилийнхээ төсөв, үндсэн чиглэлийнхээ асуудлыг засвар хийхгүйгээр ярьж чаддаг болъё гэж яриад байгаа. Үүний гол үндэс бол пропорцианаль буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо. Гэтэл эрх барьж байгаа нөхөд хөдөө орон нутагт амьдрал хэцүү байна. Хөдөөний сонгогчид тухайн улстөрчийг хэн бэ гэж таньж, биеийг нь тэмтэрч үзэж байж сонгох гээд байна. Та нар намын листний араас хэн ч танихгүй олигархи нөхрийг гаргаж ирж улсыг самрах нь гэж сонгогчид хэлж байна гээд аль болох өөрсдөө сонгогдохын тулд ард түмний нэр барьж хуулиа өөрчлөөд байгаа. Ийм байдлаар төрөө байгуулаад явбал цаашид улсын хөгжил ярих боломжгүй. Арай ч дээ, манай эдийн засаг гэхэд 10 тэрбум ам.доллар дээр 10 жил гацлаа. Монгол хүний бодит орлого ердөө 1500 ам.доллар. Гэтэл цаасан дээр 4000 ам.доллар гэдэг. Энэ зөрүү яав гэхээр нөгөө баян хоосны ялгаа. Саяхан хэсэг эдийн засагчид Монгол Улсын нийт хөрөнгө, баялгийн 90 хувь нь нийт хүн амын таван хувьд харьяалагдаж байна гэсэн судалгааг хийсэн байсан. Ийм их ялгаатай нийгмийг бид үүсгээд байна. Ийм ялгаа яаж үүсдгийг, ямар үр дүнд хүрдгийг би ОУВС-д Латин Америкийн 25 улс, Африкийн 40-өөд улсыг хариуцаж ажиллахдаа нэлээд мэдэрсэн. Тэнд ялгаатай нийгэм ямар хор уршигтайг нүдээр харсан болохоор улс төрд оролцох шийдвэрээ гаргаад ажиллаж байна даа.

-Ялгаатай нийгэмтэй улс орнуудаас жишээ татахгүй юу?

-Гана гэхэд Африкт эдийн засгаараа тавд ордог, ардчиллыг анх удаа бий болгосон улс. Гэтэл очоод ажиллаад үзэхэд өндөр уулын орой дээр нь баячууд нь 3-4 метр өндөр хашаа торлоод гадна буутай цэргүүдээр мануулж амьдардаг. Хашаан дотроо олон зарцтай. Халуун газар учраас уулын орой дээр нь агаар салхитай. Ядуус нь өмхий шавхайтай орчиндоо амьдардаг. Тэнд бол жирийн айлын хүүхэд хэзээ ч баян айлын хүүхэдтэй тоглох боломжгүй. Бие биенээ үзэн яддаг сэтгэхүйтэй болчихсон болохоор хүүхдээ сургуульд явуулахад хүртэл хамгаалагчтай явуулдаг. Колумб гэхэд хар тамхины дайн, хээл хахууль, ядуурал өндөр бол Аргентин хэт популист удирдагчдаас болоод дэлхийн хамгийн их өртэй орон болсон. Бид ийшээ яваад байна. Энэ бидний хүсч байгаа нийгэм мөн үү. Гэтэл нийгмийн ялгаа багатай Скандинавын орнууд, эсвэл дундаж давхарга өндөртэй Япон зэрэг оронд хотуудад нь хүүхэд хөгшид нь холилдож гаднаа нарлаж, тоглодог. Нийтийн тээврээр түгжрэлээ шийдчихсэн. Баян, эрх мэдэлтэй сайд байхаас үл хамаараад нийтийн тээврээрээ ажилдаа явдаг.

Тэгвэл Монгол Улсаа аваад үзье. Манайд баян хоосны ялгаа асар их болж байна. Ердөө хотын төвөөс тавхан км зайд байгаа Яармагийг аваад үзэхэд хуучин хөнгөн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс ихэнх нь ажилгүй, архины хамааралтай, хүүхдүүдийн боловсролын орчин маш хүнд. Тэндээс монгол хүний үнэлэмж хэр унасныг шууд ойлгоно. Бид хөгжил гэдгийг цемент гэж ойлгоод, хөгжиж байгаа орнуудын алдааг давтаад байгаа. Өөрөөр хэлбэл, хүнд биш, цемент зуураад цементэд хөрөнгө оруулалт хийгээд байдаг. Хүнээ мартчихсан. Цемент зуурч байгаа процессийг харахад энэ жилийн төсөв дээр гэхэд л нийт хөрөнгө оруулалтын дийлэнх нь орон нутаг руу урсаж байна. Гэтэл орон нутагт төсвийн хөрөнгө оруулалт өгөөжтэй байна уу гээд харахаар 2000 хүнтэй суманд 360 хүүхдийн сургууль барьчихдаг, хүүхдийн тоо 100 гаруй. Ингээд цемент зуураад хаяхаас гадна дагаад асар их зардлын ачаалал төсөв дээр ирдэг. Халаалт, дулаан, хамгаалах, арчлах зардал гээд л. Ийм байдлаар явсаар улсын төсөв хөгжлийн төсөв биш халамж, татаасын төсөв байсаар олон жил явж ирлээ. Төсвийн хөрөнгө оруулалт үр өгөөжөөр манайх дэлхийд сүүлээсээ 12-т ороод байгаа шүү. Гэтэл төсвийн хуваарилалтаар дамжуулж орлогын ялгааг бууруулах ёстой шүү дээ. Өндөр орлоготойгоос нь өндөр татвар авч, бага орлоготой хэсэгт нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээгээр дамжуулж орлогын дахин хуваарилалт хийх учиртай.

-Сонгуулийн тухай хуульд тойрог, мандатын асуудал нэлээд маргаантай байсан. Хэр зөв тогтоол батлагдав?

-Хүний сонгох эрх, Үндсэн хуулиа зөрчсөн маш хортой тогтоол батлагдсан. Хотод байсан 28 квотоо 24 болгоод зөрүүг нь хөдөө рүү явуулчихлаа шүү дээ. Судалгаагаар бол Улаанбаатарт монголчуудын 50-иас дээш хувь, нийт нийгмийн асуудлуудын 80 хувиас дээш нь байна. Сургуулийн, эмнэлгийн хүрэлцээ гэх мэт. Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт байхгүй. Яагаад вэ гэвэл олон жил хөдөө, орон нутгаас сонгогдсон нөхдүүд төсвөөсөө олон жил хулгай хийж, ЖДҮХС, элдэв концесс, бондын мөнгөнөөс хулгай хийгээд сурсан болохоор тэд хөдөө рүү илүү квот шилжүүлж авч байгаа юм. УИХ-ын гишүүн болохгүй бол шоронд орчих гээд байгаа шүү дээ. Харин тэр ах нар маань залуус улс төрд оролцох гэхээр урдах ажлаа сайн хийхгүй улс төр рүү орлоо, улс төр муухай, залуу хүн хол бай. Ийм заваан зүйлтэй хөгшин ах нар нь ноцолдоод явж байя гэдэг. Гэхдээ бас хөгшин ах нар нь хажуудаа цүнх баригчидтай. Тэднийгээ дэмжиж өөрсдийнхөө ирээдүйн эрсдэлийг хааж байдаг системд орчихсон. Энэ систем бол хөгжөөгүй улсуудын түүх. Өнөөдөр бид давтаад явж байна. Үүнийг өөрчлөх шаардлагатай, өөрчлөхийн тулд залуус улс төрд орохоос өөр аргагүй.

-Ийм олон завхралын тухай олон хүн ярьдаг. Шударга ёс нийгэмд тогтоох гол хүч нь хууль хэрэгжүүлэх биш үү?

-Монголд маш олон хуулийг үйлдвэрлэсэн. Өөрсдөө ч мөрддөггүй, лоббидож хийгээд байдаг. Уг нь 1990-ээд онд хууль боловсруулж байсан хүмүүс технократ, хуульчид, эдийн засагчид, салбарын төлөөллүүд байсан. Өнөөдрийн парламентыг харахаар 95 хувь нь бизнесүүд. Судалгаа хийдэггүй, аж ахуйн ажил хийдэг, мөнгөтэй, мэдлэггүй, татвар бууруулах ерөнхий ойлголттой хүмүүс орж ирээд хууль хийхээр юу болох вэ. Дээр нь зарим нэг попууд, дуучид, бөхчүүд байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөгүй хүмүүс орж ирээд хууль боловсруулж, батлуулна аа л гээд байгаа. Аливаа хууль тооцоо, судалгаанд үндэслэгдсэн өөрийн үзэл баримтлалтай боловсруулагддаг. Гэтэл зарим попууд маань судалгаагаа уншиж ойлгох уу. Хуучин бол төрийн хар хүмүүс, судлаачид мэргэжилтнүүд хууль боловсруулж тэр нь бодит амьдрал дээр буугаад нийгмийн асуудлыг шийдэж явдаг бол одоо манай УИХ нэг талаас аж ахуйн бизнес эрхэлдэг хүмүүс их мөнгө хийчихье гэж орж ирдэг. Нөгөө талаас улс төрдөө удсан, баахан мөнгө хулгайлж хуулийн хамгаалалтад оръё гэсэн хүмүүсийн цуглуулга болчихоод байна. Цаашдаа энэ байдлыг засах зорилгоор бид “Уухай” хөдөлгөөнд нам үл харгалзан нэгдээд ажиллаж байна. Мэдлэг, боловсролтой, судалгаа хийдэг залуус улс төрд орж ирэх шаардлагатай. Ганцхан жишээ хэлэхэд, Сангийн яаманд таван жил ажилласан, Англид “LSE” төгсөөд, Японд Хитоцубашид Төрийн бодлогоор магистраа хийсэн, тэндээ маш сайн ажил хийх боломжтой байсан залуу өнөөдөр Улаанбаатарт эхнэрийнхээ цэцэрлэгийн ажилд туслаад явж байх жишээтэй. Гэтэл УИХ, Засгийн газарт нь хуурамч дипломтой, сургуулиа төгсөөгүй хүмүүс толгой дээр гарч ирээд чиглэл өгөөд явахаар хэн тэнд ямар урмаар ажиллах вэ дээ. Үүнийг өөрчилж чадвал Монголд өөрчлөлт орно. Салж чадахгүй бол Африк, Латин Америкийн орнуудын араас орно.

-Зөвхөн парламентын гишүүд гэхээс гадна үе, үеийн Ерөнхийлөгчдийн үйл ажиллагаа ч манай улс төрийн доройтлын шалтгаан гэж судлаачид онцолдог. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгоно гэж заасан нь өмнөх алдаа завхарлаа засах боломжийн хувилбар болчихов уу даа?

-Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг зөв гэж харж байгаа. Монгол Улс хатуу гарт орох нь зүйтэй гэдэг асуудал сүүлийн жилүүдэд нэлээд яригдлаа. Манай хоёр хөрш хоёул Ерөнхийлөгчийн засаглалтай. Үүний хор уршгаар тэнд ардчилал байхгүй. Түүнтэй адил Монгол Улс ийм заяанд орчихвол жинхэнэ үндэсний аюулгүй байдал, урт хугацааны тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Хамгийн том зүйл энэ. Тийм болохоор Үндсэн хуулиараа дарангуйлал руу орох нөхцөлөөс урьдчилан сэргийлж Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгоно гэдэг зөв. Солонгост бас ийм үйл явц өрнөсөн байдаг. 2000 оноос өмнө Ерөнхийлөгчөө хоёр удаа дөрвөн жилээр сонгодог байхад Ерөнхийлөгч нь дарангуйлагч болж, хээл хахууль нэмэгдэж, ядуурал өссөн. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд таван жилд нэг удаа сонгодог болсноос хойш өнөөдрийн эмх цэгцтэй байдал бий болсон.

Гэхдээ манай улсын хувьд Үндсэн хуулиар хийх ёстой сайн заалтууд хийгдсэнгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай орон уу, парламентын засаглалтай орон уу гэдгээ нэг талд шийдэх ёстой байсан. Сая бол шийдэж чадсангүй. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвээрээ үлдлээ. Зүй нь бол Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог, парламент нь шийдвэр гаргах эрх мэдэлтэй. Гүйцэтгэх эрх мэдэл нь 100 хувь парламентаас томилогдсон Засгийн газар байх нь зүйтэй. Парламентын ардчилал нь бидний зөв зам гэдэгт би хувьдаа итгэлтэй байдаг.

-“Уухай” хөдөлгөөний залуус чухам юунд зорьж байгаа вэ?

-“Уухай” хөдөлгөөн бол өөрийн гэсэн онцлогтой. Анх удаа нийгэмд идэвхтэй байдаг хэсэг нь ялангуяа залуучууд нь нам үл харгалзан нэгдэж байгаа. Дэвшилтэт үзэлтэй залуус нэг талдаа гарч байгаа нь сайн. Өнгөрсөн 30 жилийн нөхцөл байдлыг дүгнэхэд эрх барьж байгаа хоёр нам сайн үр дүнд хүрсэнгүй. Бидний хүсч байсан ардчилал биеллээ олсонгүй. Хувь хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, нэг хүнд оногдох бодит орлого гээд бүх үзүүлэлт муу байна. Одоо бүр дарангуйлал руу явах гээд байна. Иймд ардчиллаа хамгаалах зорилгоор нам үл харгалзан залуус үнэт зүйлс дээрээ нэгдэж байгаа нь сайн хэрэг шүү.

-Эдийн засагч хүнтэй ярилцсаных олон улсад коронавирусийн аюул дэгдэж, улс орнууд хилээ хаасан. Энэ үед өмнөд хөршөөс хараат манай улсын хувьд эдийн засаг хүндрэх нь гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж эхлээд байна. Таны хувьд юу хэлэх вэ?

-Энэ удаагийн шинэ коронавирус бол САРС-тай харьцуулахгүйгээр тархац маш хурдтай явж байна. Ямартаа ч энэ байдлаар Хятадад тавдугаар сар хүртэл үргэлжлэх нь. Манайд эффект нь дөрөв, тав, зургадугаар сар хүртэл гарах нь. Хятадын зах зээлээс хамгийн их хамааралтай орон нь Монгол. Ийм их хамааралтай улсын хувьд эрсдэлтэй нөхцөл байдал үүсчихээд байна. Цаг хугацаа өнгөрөх тусам гадаад экспорт буурах нь. Өнөөдөр зэс, нүүрсний экспорт хумигдсан. Хятад энэ асуудлаа дотооддоо цэгцэлж чадахгүй тохиолдолд өөрт нь болоод бүс нутагтаа маш том дарамт үүсгэнэ. Хятадын гадагшаа хийх экспорт хумигдана. Гаднаас авах импорт ч хумигдана. Үр дүнд нь манай улсын экспорт буурна. Ийм тохиолдолд төсвийн орлогын дийлэнх хувь нь экспортоос хамааралтай манай улсын хувьд төсөв хүндрэх нь. Сангийн яаманд олон жил ажилласны хувьд төсөвт яаралтай тодотгол хийх нь зүйтэй гэдгийг Засгийн газарт зөвлөж байна. 2020 оны төсөв маш үр ашиггүй сонгуулийн төсөв болсон. Хөдөө орон нутагт үр ашиггүй асар их цемент зуурах төсвийг хуваарилаад байгаа. Одоо үнийгээ танахгүй бол энэ он маш хүнд он болно. Сонгуулийн дараа биш өмнө нь энэ асуудлыг яаралтай шийдэж, төсвийн тодотголоо хийгээд үр ашиггүй зардлуудаа хасч орлоготойгоо уялдуулах шаардлагатай байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *