Categories
мэдээ цаг-үе

Р.Даваадорж: Ц.Уртнасанг өнгөрсөн гурван жил шалгаагүй хэрнээ одоо баривчилж байгаа нь улс төрийн явуулга


НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан нарыг АТГ-аас баривчилсантай холбогдуулан АН-ын удирдлагууд өнгөрсөн баасан гаригт олон нийтэд хандсан юм. Уг асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөлийн Ажлын албаны эдийн засгийн зөвлөх Р.Даваадоржтой ярилцлаа.


-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан нарыг аТГ-аас баривчилсан явдлыг ан-ын зүгээс улстөржилт гэж мэдэгдлээ. яагаад тэр вэ?

-Сүүлийн үед улс төрийн захиалгат жүжиг явагддаг болсоор удлаа. НДЕГ-ын даргыг Санхүүгийн албаны даргатай нь барьсан явдал бол ерөөсөө улс төрийн захиалгат жүжиг юм гэж бидний зүгээс үзэж байгаа. Захиалгат жүжиг яаж явагддаг нь өөрөө сценарьтай. Эхлээд сошиалд худал, үнэн мэдээ, пост оруулж нийгмийн сэтгэл зүйг бэлдэж дараа нь захиалгат нийтлэл гарч эхэлдэг. Тэгж ард түмэнд “Энэ чинь болохоо байчихсан юм байна” гэсэн ойлголтыг өгдөг. Яг энэ сценариар явж байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд “Zaluu.com” сайт дээр “С.Эрдэнийг сайд, Ц.Уртнасанг НДЕГ-ын дарга байхад гарсан архив устгагдсан болон журам зөрчсөн үйлдлүүд” гэх нийтлэл гарсан. Тэр нийтлэлийг эдийн засаг, банкны хүн харахад үнэхээр инээдтэй, өрөвдөлтэй. Тухайлбал, баримт долоо гэдэг дээр “… Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт ”… хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус зөрчиж зарлагын гүйлгээ хийхгүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт хангахгүй байгааг 2016 оны 08 дугаар сард илрүүлсэн” гэж байгаа. Энэ бол цэвэр банктай холбоотой, Монголбанкны хариуцах асуудал. Гэтэл үүнийг НДЕГ-ын даргын хууль бус үйлдэл хэмээн баривчлах үндэслэл болгож. Зөвхөн ганц жишээ дурдахад энэ. Энэ бол ардчилсан төрийн иргэндээ хандаж буй маш том доромжлол юм. НДЕГ-ын дарга үнэхээр хууль бус зүйл хийсэн бол өмнөх 2017, 2018, 2019 он гээд гурван жил, долоо найман сарын хугацаанд яагаад илрүүлж болсонгүй вэ. Энэ бол цэвэр улс төрийн захиалгат явуулга болж гэж АН-ынхан болон намын зөвлөл үзэж байгаа.

-Ц.Уртнасан нарыг НДС-гийн хөрөнгийг бага хүүтэй байршуулж, төрд хохирол учруулсан гэж үзэж буруутгасан гэж ойлгосон. Харин та бүхний зүгээс энэ асуудал өөр тайлбартай байсан уу?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулаад хийж гүйцэтгэсэн ажил, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын санг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулж 2018 онд тайлангаа гаргаж УИХ-д оруулсан байдаг. Тэр дүгнэлт дээр эрх баригчдын бүр ноцтой асуудлууд бий. Тухайлбал, банкинд нийгмийн даатгалын мөнгийг хадгалуулахдаа 11-15 хувийн хүүтэй хадгалуулдаг. Жилийн тавхан хувийн хүүтэй харилцах дансанд ч их хэмжээний мөнгө байршуулдаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед НДС-гийн хадгаламжид байсан мөнгийг харилцах данс руу ихэнхийг нь шилжүүлсэн байна гэсэн дүгнэлт байдаг. Үүнээс болж улсад тэрбум тэрбумаар хохирол учруулсан гэдгийг тайланд дурдсан байгаа юм. Энэ бол жинхэнэ гэмт хэрэг.

-Ерөнхий аудитар байсан А.Зангадын ярьж буйгаар НДС-нд жил бүр аудит хийсэн байсан. Тус санд 2018 онд эрсдэл үүссэн гэдгийг мэдэгдэж байсан…

-Бодит мэдээлэл тэр шүү дээ. Дээр таны асуусанчлан НДС-гийн хөрөнгийг бага хүүтэй байршуулсан гэж НДЕГ-ын удирдлагыг буруутгаад байгаа. Бид нар харин өсгөсөн гэж. Тэгвэл 2008-2012 онд НДС-гийн хөрөнгө 47 тэрбум төгрөгийн ашиг олсныг дараагийн жилүүдэд өсгөж 235 тэрбум болгосон байдаг. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар НДС-гийн харилцах дансанд нь нийт хөрөнгийн 59 хувь буюу 675 тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 60 хувийн хөрөнгийг тавхан хувийн хүүтэй хийчихсэн байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед У.Хүрэлсүхийнхтэй харьцуулсан нэгхэн жилийн ийм том зөрчил байгаа юм. Гэтэл одоо НДЕГ-ын даргыг буруутгаад байгаа үндэслэлээр бол 2008-2012 онд ажиллаж байсан НДЕГ-ын даргыг бариад шоронд хийх нь байна. Яагаад гэвэл чи 47-хон тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна гэж. Тухайн үед банкны хүү, ханш ямар байсныг авч үзэхгүй байна шүү дээ. Одоо 2020 онд Засгийн газар байгуулагдана, банкны хүү арай өндөр болно. Тэгвэл өмнөх Засгийн газрын хүмүүсийг барьж шоронд хийгээд байх нь. Яг үнэндээ хүүн дээр булхай хийсэн гэвэл эрх баригч нам өөрсдөө маш “но”-той болж гарч ирж байгаа юм.

Ер нь энэ нөхцөл байдал ан-ын дарга С.Эрдэнэ рүү чиглэсэн чулуу гэж намынхан үзээд байна уу даа?

-Банкны дампуурлын асуудал дээр хамгийн том алдааг Монголбанк гаргасан. Өдөр бүрийх нь орлого, зарлагын гүйлгээ юу болж байгааг Монголбанк мэдэж байдаг. Яагаад 2016 оноос эхлээд муудсан банкийг 2019 он хүртэл явуулав. Тэгж яривал үүн дээр Монголбанкны өмнөх ерөнхийлөгч Н.Баяртсайханыг шалгах ёстой. Төрөөс хариуцаж байгаа хүний хувьд төрийн байгууллагуудад анхааруулж ёстой байсан. Гэтэл яагаад гурван жил хагас дуугүй явав. Одоо сонгууль дөхөж байна, нөгөө намын даргыг муухай харагдуулъя. Тэгэхгүй бол бид нарын ийм байдал нийгэмд бүр элэг доог болж байна гэдэг үүднээс ийм юм хийж байгаа. Өөрсдийнх нь яарч сандарч гаргасан баримтуудыг эдийн засагч хүн харахад ямар ч үндэслэлгүй. Өөрсдийгөө барьж өгсөн явдал боллоо. Өөрсдөө ч ярьдаг гэж байгаа. Толгойг нь сайн цохь, тэгвэл нам нь муухай харагдана гэж.

-аас сонгуульд нэр дэвших эрх авахын тулд 100 сая төгрөг тушаах ёстой. Эхний ээлжинд 40 сая төгрөг тушаана гэж байгаа. Тэгвэл АТГ-аас нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн 40 сая төгрөгийн эх үүсвэрийг шалгаж эхэлсэн гэв үү?

-Шалгасан эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ талаар сонссон. Хэрэв үнэн бол байж боломжгүй явдал. Бид эрх баригчид байгаад энэ мөнгийг босгосон бол шалгаж болно. Харин бид өнөөдөр гудамжинд байгаа хүмүүс. Энэ мөнгийг цуглуулж байгааг ганц жишээ хэлье. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгшийн дарга байсан Р.Эрдэнэбүрэн гээд залуу бий. Түүнийг баахан авлига авсан гэж мөрдсөн. Гурван шатны шүүхээр гэмт хэрэг хийгээгүй гэдгийг тогтоосон юм билээ. Тэр залуу бол нэр дэвшихээр мөнгөө цуглуулж байгаа. Дундговийн Гурвансайхан сумын уугуул залуу. Тэрээр өнгөрсөн хугацаанд төсвөс нэг ч татаас авахгүйгээр сумаа маш сайхан болгосон байдаг. Халуун хүйтэн усанд холбож, зам тавьж, сумынхаа өнгө төрхийг маш сайхан засч бусад 330 суманд жишиг болж чадсан. Үүнд сумынхан нь маш их ам сайтай. Тийм учраас сумын 300 орчим мянгат малчид хурал хийгээд Р.Эрдэнэбүрэнг нэр дэвшүүлье, мөнгийг бид гаргаж өгье гэж сонгосон байгаа юм. Энэ бол маш эрүүл сонгуулийн бодит жишээ. Харамсалтай нь үүнийг ч мөн шалгаж байвал манайхыг эрх баригчид байгаа чиглүүлсний бас нэг жишээ.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *