Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна. Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж.
Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа гаргаж байгаа бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ. Тэрбээр “Уг цахилгаан автобусуудыг ирэх сар хүртэл туршина. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникчид эдгээр цахилгаан автобусыг туршилтанд тэнцэж байгаа талаар мэдэгдсэн. 100 хувь цахилгаанаар хангадаг учраас олон давуу талууд ажиглагдаж байна” хэмээлээ.
Туршилтаар явж байгаа энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 12 м урттай 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай аж. Түүнчлэн автобусны цонхнууд нь хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулж зорчигчийн тав тухыг бүрэн хангажээ.
Уг цахилгаан автобусуудыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулахаар болжээ.