“Эдний ангийнхан суугаад сурчихсан байдаг юм. Ийм л хүүхдүүд юм сурна даа” гэх цагаахан атаархлыг бусад багш нартаа төрүүлж явсан Цэмээдэй, Рагчаадорж багш нартай Ховд аймгийн нэгдүгээр арван жилийг 1991 онд төгссөн 10 “А” бүлэг өнөөдрийн “Нэг ангийнхан” буланд оролцож байна.
Бага ангийн багш Цэмээдэй нь тэдэнд хичээлдээ маш анхааралтайгаар сууж сурахыг заадаг байв. Тэд багшаасаа номыг нь ч, номхоныг нь ч сурч чаджээ. Харин Рагчаадорж багшийнхаа “Та нар минь дөлгөөхөн, мөн ямар ч зүйлд буурь суурьтай хандаж, сайтар нягталж, ард нь заавал гарч байгаарай” гэсэн үгсийг ч өдгөө санан биелүүлсээр явдаг байна. Тиймдээ ч энэ ангиас 11 эрдэмтэн доктор төрөн гарсан биз ээ. Тухайлбал, Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Бадамноров, Газарзүйн шинжлэх ухааны доктор Б.Баярхүү, Хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Соёлмаа, Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Ичинхорлоо, Эдийн засгийн ухааны доктор Б.Батбямба, Химийн шинжлэх ухаан доктор Д.Ганчимэг, Физикийн шинжлэх ухааны доктор Ц.Цэрэнгомбо, Ж.Лхагвасүрэн. Ш.Жаргалсүрэн, Э.Оргилмаа, Математикийн шинжлэх ухааны доктор Д.Отгонтуяа нар юм. Эдийн засаг, математик, хэл шинжлэл, хими, физикийн салбарт докторуудтай болохын сацуу Хөнгөн атлетикийн спортын мастер С.Цэрэнжамц, аймгийн заан, волейболын спортын мастер Р.Цогтдалай, волейболын спортын мастер Д. Бадамноров, Д.Отгонбаяр, Т.Хандмаа, Д.Наранцэцэг гэсэн зургаан спортын мастертай байна.
Аймгийн заан, волейболын спортын мастер Р.Цогтдалай “Манай анги бол спортлог хамт олон байлаа. Тухайн үед заал одоогийнх шиг элбэг байгаагүй ч хашаа, гудамжаараа нийлээд, хоёр шонгийн хооронд олс татаж байгаад л тоглодог байлаа. Өөрсдөө шийд босгож сагс тоглох нь ч энүүхэнд” гэсэн тэдний дурсамжаас энэ хамт олны спортлог байсныг ч бэлхэнээ харж болохоор байгаа юм.
Мөн тэрээр “Бид өвөл нь гол дээр гулгадаг байлаа. Машин яваад дагтаршсан гудамжны мөс бидэндээ хоккейн талбай байв шүү. Тэр мөснийхөө хоёр талд цүнхнүүдээ тавьж байгаад л гутлын савны дугуй хайрцагт шороо хийн хоккей тоглодог байлаа. Дулаан орохоор резин бөмбөгөөр маатаг тоглоно доо. 13-ын жижиг бөмбөг олж аваад л тоглоно. Өнөөх бөмбөг хэр барагтай олдож өгөхгүй ээ. Хэн, хаашаа явна тэр болгонд “Ээ дээ нэг бөмбөг л аваад ирээрэй” гэж аминчлан захина. Ховор нандин байсан болоод ч тэр үү бөмбөгтэй хүүхэд од байлаа. Бидний үед РС, цахим тоглоом гэж байсангүй. Энэ ч бидэнд хүүхэд насны дурсамж бүрээ хамтдаа бичилцэх, хамт олон ч чанарыг бий болгох боломжийг олгосон гэж боддог доо” хэмээв. Тэд одоо ч спортлог хэвээрээ юм билээ. Энэ талаараа ч “Лүүк Монголиа” ХХК захирал, Бразил улсын өргөмжит консул Т.Баттулга “Бид долоо хоногтоо заавал нэг удаа заал авдаг. Энэ уламжлал улам өргөжин 2007 оноос эхлэн үе үеийнхний дунд тэмцээн зохиодог болсон. Одоо бүр гурван насны ангиллаар явагдаж байгаа” гэж байлаа.
“Konplott” ХХК-ийн захирал Ч. Алтантуяа дурсахдаа “Монголын пионерийн байгууллага гэж байдаг байлаа. Бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гэж ч байв. Заавал сурах арван бүжгээ сурцгааж, таван онцын эзэн болохын төлөө мэрийдэг байж дээ. Энэ мэтчилэн сурагчдын дунд маш олон үйл ажиллагаа зохиогддог байсан даа” хэмээн дурссан юм. Хүүхдүүдэд хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлж, ажлын дөртэй болгоход ногоо хураах, хөрзөн ховхлох ажлууд чухал нөлөөтэй.
10 “А” ангийнхан ч ногоо хураалтад явж, сурагч ахуй насны гэгээн дурсамжаа зузаалжээ. Энэ үеийнхээ хөгтэй, хөөртэй явдлын талаар “Konplott” ХХК-ийн захирал Ч.Алтантуяа “Галаа, Бадрах, Буд бид дөрөв нэг групп болсон юм. Галаа, Бадрах хоёр хаанаас ч юм нэг консерив олчихож билээ. Тэд “Та хоёр ажил дуусахад наадахаа задалчихсан байгаарай” гэчихээд яваад өгөв өө. Бид хоёрт тэр консервыг задлах төмс хураахаас ч хэцүү байж билээ. Үзүүртэй чулуунд үрээд л байлаа онгойх шинж ч алга. Сүүлдээ гар, хуруу улаан эрээн болчихсон байж билээ” хэмээн инээд алдах нь тэр. Зуны чилийсэн гурван сар дуусч, хичээл сургууль эхлэхийг хүүхэд бүхэн л мөрөөснө. Ангийнхан минь өндөр болоо болов уу, зуны амралтаараа юу хийж амжуулаа бол гэх гэнэн цагаан бодол тэднийг эзэмддэг нь нууц биш. Дунд ангид ороход ангийн хөвгүүд ёстой сөөм, сөөмөөр өсдөг сөн. Тэд ч ангийн хөвгүүн, өдгөө Улсын заан Хилчин спорт хорооны дарга Ц.Мягмарсүрэнгээ ийн өссөн болохыг гайхан ярьцгаах аж. Арга ч үгүй биз, нэгээс гуравдугаар ангидаа бие жижиг байсан хөвгүүн тавдугаар ангид ордог жилээ дэнхийсэн том эр болчих нь гэж хэн санах билээ.
Ховдод хар мод тэр бүр байдаггүй учир Увс аймгийн Цагаанхайрханаас мод бэлтгэдэг байж. Тэд завсарлагаан болов уу үгүй юү сургуулийн дотуур байрны бэлдсэн модон дээр болжмор шиг л сууцгаадаг байсан аж. Давирхай авч бохь болгон зажлах гэж байгаа нь тэр гэнэ. Энэ тухайгаа “Давирхайгаа зуугийн хадаасаар цохиж байж авдаг байж билээ. Авсан давирхайгаа бүтэн өдөржингөө зажилна. Гадны орныг зорьсон ах, эгч нар бохь авчирна. Тэр нь бидэндээ нүдний гэм. Хэдэн өдөр л зажилдагсан” хэмээн дурсацгааж байлаа.
Хүүхдүүд л болсон хойно сахилгагүйтэх, хэрэг тарих явдал олонтаа тохиох нь дамжиггүй. Энэ ангийнхан ч түүнээс хол зөрсөн нь үгүй. Энэ тухай Р.Цогтдалай “Сум бүрт мал аж ахуй дээр суурилсан нэгдэл гэж байлаа. Манайд бол газар тариалан дээр суурилсан Минжбулган хоршоолол, жимсний аж ахуй байсан юм. Монголд жимс үйлдвэрлэл миний мэдэхийн хоёроос гурав л байсан санагдана. Тухайн жимсний аж ахуйн дарга нь аав минь байсан юм. Тэнд би ажилтай юм шиг өдөр бүр л очдог байж билээ. Хаана нь ямар жимс ургадгаас эхлээд бүгдийг л гарын арван хуруу шигээ мэддэг байв. Нэг удаа ангийнхныгаа дагуулаад л тийш зүглэлээ дээ. Алимны нэлээн хэдэн мод байдаг байсан. Алимны хэд хэдэн сорт байсныг ч мэдэх юм. Тэр дотроос бидний усан болор гэж нэрлэсэн маш зөөлөн, базах юм бол шууд л шүүс нь асгардаг жимс байдаг байлаа. Барагтай л бол худалдаанд гарахгүй. Гарлаа ч ёстой л өдрийн од шиг л үзэгдэнэ. Ангиараа нийлсэн нөхдүүд өнөөхийгөө л олж идэхийг зорьж байгаа юм.
Ном, дэвтрээ элсэн дотор булчихаад л хоосон цүнхээ үүрээд гол гатлан жимсний талбай дээр очлоо. Алимныхаа модны яг доод талд нь очиж явтал, хүүхдүүдийн зүрхэнд орсон Шар Баатарсүрэн гэх манаач ахтай тааралдчихдаг байгаа. Бид ч тал тал тийш зугтацгаалаа. Эргээд хартал Баатараа ах морьтойгоо яг миний араас явж байна шүү. Би ч баригддагийн даваан дээр “Би байна аа” гэж хэлж аврагдсан ч орой нь ааваасаа анх удаа таван салаа боов хүртэж билээ” гэж дэггүйтэж явсан дурсамжаа сөхлөө.
Тэр үеийн хүүхдүүдийн хайр сэтгэлээ нуулгүй илчлэх талбар нь захидал. Энэ л жишгээр ангийн хөөрхөн охин Бадамноровт хайрын захиа илгээж байсан бол өдгөө тоонот гэрт толгой холбож, нэгэн гэр бүл болсон талаараа Р.Цогтдалай мөн дурссан юм. Түүнчлэн энэ ангиас Пүрэвжамц, Туяа, Амарсайхан, Батчимэг, Дашзэвэг, Батцэцэг, Баярхүү, Нямдорж нар гэр бүл болцгоожээ.
10 “А” ангийнхан 2016 онд нутагтаа 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн байна. Тэд цаг товлон Ховд аймгийнхаа төв талбай болох Ард Аюушийн талбайд уулзацгааж, “Магсаржав” кино театртаа кино үзэж хүүхэд ахуй насаа дурсжээ. Сурагч үедээ тэд энэхүү театртаа кино үзэж, киноны хальс солих хооронд шүгэлдэх нь шүгэлдэж, алга таших нь ташиж, цаас толгой дээгүүрээ шидэлцэж багагүй шуугиан дэгдээдэг байж. Энэ л дэггүй гэгээн үеэ нэхэн санахын тулд тус театрыг онцгойлон зорьсон нь тэр аж.
Тэд 1991 онд хамт сургуульд орсон нэг үеийнхэнтэйгээ анги хамт олон мэт тун ойр өссөн аж. Тиймдээ ч нэгнийхээ зовлон, жаргалтай үед хамтдаа байж, түшиг тулгуур болцгоодог гэсэн. Улаанбаатар хотод цуглавал 100 шүргэж, Ховд аймагтаа бол 300-лаа цуглацгаадаг байна. Нэг үеийнхнээрээ нийлж “Бүрэн хайрхан” гэх сан байгуулжээ. Сангийнхаа хуримтлалаар жил бүр 6-12 дугаар ангийнхны дунд англи хэл, физик гэсэн хичээлээр олимпиад зохион байгуулдаг байна. Энэ арга хэмжээ нь хүүхдүүдэд хичээлдээ дурлах, тэмцэх зан чанар суулгах зорилготой гэдгийг тэд онцолж байсан юм.
Х.БАТМӨНХ