Categories
мэдээ нийгэм

​БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ

БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37 мянга 251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн.

Эрээн хот руу гаднаас ирэх хүмүүсийг оруулахгүй ба иргэдийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах гэнэ. БНХАУ-ын Эрээн хот нь манай улсын Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомттой хиллэдэг. Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй ч халдвар тархах эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй юм.

Иймд эмнэлгийн байгууллагын зөвлөснөөр шинэ коронавирусийн халдвараас дараах гурван аргаар сэргийлэх боломжтойг сануулъя. Гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхааруулъя. Мөн шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, олон нийтийн газруудаар явахгүй байхыг анхааруулж байна.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод онц байдал зарлаж, цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд гаргажээ. Хятадын төмөр зам зорчигчдынхоо тасалбарыг буцаан авах тал дээр бүхий л арга хэмжээг авч байна. Үүнтэй холбоотойгоор Бээжин хот цагаан сарын баяраар уламжлан болгон тэмдэглэдэг олон томоохон баяруудаа хориглож байгаагийн дотор сүмийн хөгжөөнт яармаг буюу улаан дэнлүүний баяр, үзэсгэлэн худалдаа зэрэг багтаж байна. Дэлхийн томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч Huawei компани ирэх сарын 11-12-ны хооронд Үхань хотоос 600 миллийн зайд байрлах Шиньжинь хотод зохион байгуулагдах арга хэмжээгээ хойшлуулж байгаагаа зарлалаа. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг ухаалаг утас хөгжүүлэгчдийн чуулга уулзалт гуравдугаар сар хүртэл хойшилжээ. Мөн Бээжин, Шиньжин, Гуаньжоу зэрэг их газрын Хятадын томоохон хотуудад амьд амьтан худалдан авч, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Үүнээс гадна Хэбэй мужийн Чиби хотыг тусгаарлах шийдвэр гаргажээ. Үхань хотоос 120 км зайтай байдаг тус хот ойролцоогоор 500 мянган хүн амтай ажээ. Ингэснээр Хэбэй мужийн дөрөв дэх хот ийнхүү тусгаарлагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *