Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 34,722, нас баралт 722 боллоо. Нас баралтын түвшин хоёр хувьтай байна. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан хүний тоо бага зэрэг буурсан ч цаашид нэмэгдэх магадлалтай. БНХАУ-аас гадна 24 улсад халдвар гарсан байгаа бөгөөд халдвар гарсан орны тоо нэмэгдээгүй байгаа.
24 улсаас гадна нэг усан онгоцон дээр халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд 3,700 зорчигчтой тус онгоцон дээр халдварын 61 тохиолдол бүртгэгдээд байна.
ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийн 7-10 хувийг эмнэлгийн байгууллагад ашиглах шаардлагатай талаар судалгааг хийсэн. Судалгаагаа үндэслээд халдвар бүртгэгдээгүй болон цөөн тохиолдол бүртгэгдсэн улсуудад хувийн хамгаалах хэрэгсэл нөөцлөхгүй байхыг уриалж байгаа” гэдгийг хэллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Тодруулбал, 6-ны өдөр ХӨСҮТ-д зургаан хүн, Дархан-Уул аймагт нэг, Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлаад байсан бөгөөд нийт есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Хоёрдугаар сарын 7-нд сэжигтэй тохиолдол ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдаагүй. Энэ бол сайн мэдээ” гэв.