Дэлхий даяар тархаад байгаа шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ГЕГ-аас мэдээлэл хийлээ.
Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “2020 оны эхний нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ буурсан. Нийт 459 мянган сая ам.долларын экспорт хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буурсан үзүүлэлт. Экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг бол импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг.
Титэм вирус тархаж буйтай холбоотойгор амны хаалт, ариутгалын бодисын импорт өссөн. Тодруулбал 2019 оны нэгдүгээр сард нийт 500 мянган амны хаалт импортоор орж ирсэн бол энэ оны нэгдүгээр сард 68 мянга 700 ширхэг, хоёрдугаар сарын байдлаар 1 сая 944 мянган амны хаалт орж иржээ. Амны хаалтыг нийт 15 аж ахуй нэгж 10 гаруй хувь хүн БНСУ, БНХАУ, Турк зэрэг улсаас импортоор оруулж ирсэн байна. Мөн ариутгал, цэвэрлэгээний бодис өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн” гэлээ.
ГЕГ-ын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар “Энэ оны нэгдүгээр сард гаалийн байгууллага 79 удаагийн зөрчлийг илрүүлсэн байна. Дээрх зөрчлийн ихэнх нь татвар төлөхөөс зайлсхийх, бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн хууль тогтоомж зөрчсөн бусад зөрчил эзэлсэн. Илэрсэн зөрчлүүдэд нийт 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж 75.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна” гэв.
ГЕГ-ын эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван “БНХАУ-тай хиллэдэг 13 хилийн боомт байдаг. Засгийн газрын хуралдаанаар Монгол Хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлалт хийх тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа Монгол Улсад байхгүй. 2020 оны нэгдүгээр сард Монгол Улс 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы махыг зөвхөн БНХАУ-аас импортолсон бол хоёрдугаар сар гарснаас тахианы мах импортлоогүй. Өндөгний хувьд зөвхөн ОХУ-аас импортолсон байна.
Гаалийн байгууллагаас эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай, зөвшөөрөл лицензгүйгээр Засгийн газрын 2009 оны тогтоолын дагуу татвараас чөлөөлж шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” гэлээ.