Эрүүл мэндийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар тушаалаар “Шинэ коронавируст (2019-nCoV) халдвараас сэргийлэх мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах чиг үүрэг бүхий тархварзүйн зөвлөх баг”-ийг байгуулж, хурлыг 2 дугаар сарын 05-ны өдөр хийлээ.
Тархвар зүйн зөвлөх багт манай улсад тархвар зүйн чиглэлээр мэргэшсэн, олон халдварт өвчний дэгдэлтэд ажилласан туршлагатай эрдэмтэн, докторууд орж байна. Багийг ЭМЯ-ны дэргэдэх Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор М.Алтанхүү ахлах бөгөөд багийн гишүүдэд Академич П.Нямдаваа, Монгол улсын Ерөнхий эрүүл ахуйч, Анагаах ухааны доктор Б.Дармаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор С.Цогтсайхан нарын 13 хүний бүрэлдэхүүнтэй юм.
ЭМЯ-наас шинэ коронавируст (2019-nCoV) халдварын дэлхий дахины нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцож, цаашид зөвлөх багийн гишүүд судалгаа, сургалт, сурталчилгааны болон хариу арга хэмжээний чиглэлээр 2 багт хуваагдаж ажиллахаар шийдвэрлэн, дараагийн хурлаа 2 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо.