Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр зорчигчдоос сар бүр азтан шалгаруулна

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Easypay” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт нар мэдээлэл хийлээ.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.