Коронавирусийн халдвар цаашид хэр удаан үргэлжлэх, оргил үе нь хэзээ дуусахыг өнөөхөндөө хэлэхэд эрт байна
Энэ вирусийн халдварын тархалтыг хүн төрөлхтөн Хятадаас гадна ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээс уншиж, харж байгаа. Мөн Америк, Европын халдварт өвчин судлалын төвүүд илүү тодорхой бодитой мэдээллийг өгч буй.
Эдийн засагч Н.Энхбаяр “Хятад улс мэдээллээ бүрэн дүүрэн өгөхгүй, хугацаа удаашруулах тал ажиглагдаж байгаа. Ийм шалтгаанаар ДЭМБ эрсдэлийн түвшин дунд зэрэг гээд зарлачихаад дараа нь шуурхай хуралдаж онцгой байдал зарласан. ДЭМБ-ын удирдлага Бээжинд ирж байж л асуудлыг ойлгож, ийм шийдвэр гаргасан.
ДЭМБ олон улсын байгууллага, вирус судлаачидтай, гэхдээ тэд бол анагаахын л мэргэжилтнүүд. Онцгой байдлын чигт ажиллах, мэдээллээ нягтлах суваг тал дээр учир дутагдалтай. Тэрийг нь АНУ, Европын холбоо нөхөөд ажиллаж байна. Өнгөрсөн даваа гаригт их долоогийн эрүүл мэндийн сайд нар теле конференс хийлээ. Мэдээж олон нийтэд бүх мэдээллээ цацаагүй.
Албан ёсны ил хурал биш учраас тэр л дээ. Гэхдээ Английн гадаад хэргийн сайд гарч ирээд Британи улсын иргэд эрүүл мэндийн эрсдэлээ бодоод аль болох бололцоотой сувгаараа гарч Хятадыг орхи гэлээ. Германы эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийлээ.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх судалгааны ажлуудад хамтран ажиллахаар тохирлоо гэж байна. Их долоогийн Эрүүл мэндийн сайд нар хуралдсаны дараа яг авч байгаа арга хэмжээ нь энэ. Цаанаа юу яригдсан нь тодорхойгүй. Илүү болгоомжилсон, тархах эрсдэл өндөр байгааг сануулсан мессежнүүд анзаарагдлаа” хэмээн онцоллоо.
Олон улсын янз бүрийн түвшинд гарч байгаа судлаачдын мэдээллээс анзаарахад халдвар тархах магадлал өндөр байна.
Өнгөрсөн сарын 23-ны өдөр Уханьд хөл хорио тогтоож, агаарын тээвэр, төмөр замаа хаасан ч бүрэн хаагаагүйн улмаас таван сая хүн гараад явсан гэх мэдээлэл дэлхийн анхааралд байгаа юм. 23, 24-н хавьцаа сүүлийн хүмүүс гарсан гэхээр вирусийн халдвар илрэх хугацаа болоогүй гэсэн болгоомжлол дуулдаж байна.
Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар авсан хүмүүсийн хувьд нууц үе нь 14 хоног орчим гэж эрдэмтэд тоггоосон. Ухань хотоос гарсан таван сая орчим хүнээс хэд нь вирусийн халдвар авсан нь хэд хоногийн дараагаас илүү тодорхой болно гэсэн үг.
Ухань хотын хувьд хоёр дахь том эрсдэл нь уг хотын байршил. Ухань төмөр замын зангилаа огтлолцол дээр байршдаг хот аж.Бүх төмөр зам Уханиар дайрдаг учраас халдвар тархах магадлал маш өндөр гэсэн болгоомжлолыг олон хүн хэлж байгаа гэнэ.
Тэгэхээр дахиад гурав, дөрөв хоног байдлыг харзнах шаардлагатай байгаа юм байна. Үүнээс хойш нэг бол халдвар буурна, үгүй бол дэгдэлт үргэлжилнэ гэсэн таамгийг дэлхийн улс орны эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.
ОХУ зөвхөн урьдчилан сэргийлэхээс гадна олон мянган ор бэлдэх арга хэмжээ авч эхэлжээ. Ер нь хөгжингүй улсууд хэрвээ нөхцөл байдал муудвал гэсэн горимд ажиллаж байгаа аж. Орост одоогоор хоёр тохиолдол илэрсэн нь хоёулаа Хятадын иргэн гэсэн мэдээлэл цацагдаж буй ч Японд аялж явсан Оросын хоёр иргэн халдвар авчихаад байгаа юм. Австралид өчнөөн хоногийн өмнө Уханиас очсон найман настай хүүхдээс одоо л халдвар илэрч байна гэх мэт коронавирусийн халдвар тойрсон мэдээлэл цацагдсаар байна.
Коронавирусийн тархалт ямар байгаа, эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэр байх талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.
-Вакцин, эм гаргах тал дээр сүүлийн үеийн мэдээлэл өгөөч. Энэ тал дээр ахицтай үйл явдал өрнөж байна уу?
-Арай найдвартай улс гэвэл АНУ, Япон л байна. Вакциныг яг найдвартай хийж чадах олон улсын өндөр түвшний сайн лабораторитой гэдэг утгаараа. 2003 оны SARS дээр ч маш тод харагдсан. Тэрний дараа Америкийн лабораториудын хийсэн судалгаа маш сайн байсан.
Вирус судлалаараа АНУ, Япон хоёр л номер нэг. Вирусийн биологийн чиглэлийн бүх топ эрдэмтэд энэ хоёр улсад байна. Вирусийг генийн бүтцээр нь харуулсан зураг байдаг. Овог аймгийн бүтэц гэж ярьдаг даа. Тэр зурагт коронавирусийн бүх төрөл бий. Тээгчид нь сармагчин, харх гээд янз бүрийн амьтад бий.
-Одоо илрээд байгаа шинэ коронавирусийн тээгч нь сарьсан багваахай гээд байгаа билүү?
-Тэгж үзэж байгаа. Одоо энэ вирусийг хүн тээсэн учраас хүний гаралтай гээд шинэ омог болчихож байгаа юм. Коронавирусийн арваад төрлийн омог бий. Гахай, сарьсан багваахай, могойноос гадна өмхий хүрэн орж байна.
Ухань хотын зах дээр сарьсан багваахай зарсан байж ч магадгүй, эсвэл сарьсан багваахай идсэн өмхий хүрнээр дамжсан байж ч магадгүй гэж үзэж байна. Завсрын тээгч гэдэг утгаараа. Илэрсэн амьтнаас нь хамаараад короновирусийг өөр өөрөөр кодлоод дугаарлачихаж байгаа юм. Вакцины ажил нэлээд удаашралтай яваа.
Яг илэрсэн вирус нь байх ёстой. Түүнийг нь нарийн судалж уургийн хүчлийн дарааллыг тогтоодог юм байна л даа. Тэр дараалал нь байж вакцин үр дүнтэй эсэх нь тодорхой болно.
-Цэвэр вирусийг Япон гаргаад авчихсан байх аа?
-Тэгсэн. Одоогоор Хятад, АНУ, Хонг Конгт гаргаж авсан. Тэгэхээр эдгээр улсад вакцин хийх боломж бий. Хятадад технологи нь хэр сайн хөгжсөнийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Япон, Америк хоёрт өндөр найдвар байна. Гэхдээ тэд халтуурны улс биш учраас яг процессоор нь хийнэ. 90 хоног туршдаг бол тэр дагуугаа туршина.
Ер нь вакцин хийхэд зургаан сарын хугацаа зарна гэж байгаа. Энэ бол бодитой таамаг. Тэгэхээр вакцин зургаа, долоон сард л гаргах болов уу. Одоо бол эмэн дээр ажиллаж байна.
2003 оны SARS-ын үеэр хэрэглэж байсан эмнүүд бий. Вирусийг дарангуйлдаг эмнүүд. Шинэ вирусийн дараалал, бүтэц нь SARS-тай 97 хувь адилхан. Маш бага зөрүүтэй гэсэн үг. Тэгэхээр SARS-т хэрэглэсэн эмийг одоо өвчилсөн хүнд хэрэглэхэд тодорхой үр дүн үзүүлж байгаа юм. Дархлаа сайн нь эдгэрч байна.
Дархлаа сул, настай хүмүүсийн хувьд нас барж байгаа. Одоогийн байдлаар түүнээс сайн эм бүтээхийн төлөө ажиллаж байна. Нэг, хоёр cap л шаардагдах болов уу.
-Короновирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллүүдийг сонирхуулаач?
-SARS-ын үеийн болон өнөөгийн вирусийн тархалтын үеийн ялгаа нь юу байна, ямар өөрчлөлт гарав гээд харъя.
Хятад том экспортлогч, 2.5 триллион ам.долларын экспорт хийдэг. Импорт нь 2.3 триллион ам.доллар. Энэ хэмжээ багасахаар Хятадтай худалдааны сүлжээтэй бүх улсад нөлөөлнө.
Хятадын аялал жуулчлалд зардаг мөнгө багасна. Зөвхөн аялал жуулчлалаар гэхэд Америк, Европт өчнөөн тэрбум ам.доллар зарцуулдаг. Тэр мөнгө хумигдана. Хятадын ДНБ-д үзүүлж буй бүтцэд үйлчилгээний салбарын эзлэх хувь 2003 онд 43 орчим хувь байсан. Одоо бол 52 хувь.
Шинэ вирусийн дараалал, бүтэц нь SARS-тай 97 хувь адилхан.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийнх нь тал хувь үйлчилгээний салбарт ногдож байна. Гэтэл өнөөдөр хамгийн их хөл хорионд орж буй нь үйлчилгээний салбар. Аялал жуулчлал, тээвэр гэх мэтээр үргэлжилнэ. Тэгэхээр эдийн засагт үзүүлэх нөлөө нь их байна л даа.
Анагаахын үүднээс өвчлөл хэр удаан үргэлжлэхийг анагаахын салбарынхан эхлээд хэлж таарна. Одоогийн байдлаар судлаачид нэгдүгээр улирлын байдлаар дүгнэлт гаргаж эхэлсэн.
Хятадын эдийн засагт нэгдүгээр улиралд ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг судалж хараад дүгнэлтээ хэлж байна. Нэгдүгээр улиралд гэхэд л урд хөршийн эдийн засаг зургаан хувь болж буурах нь гэсэн таамаг голлож байгаа. Өмнө нь зургаан хувь байсан юм.
-Хятад шиг аварга эдийн засагт нэг хувийн бууралт маш том нөлөө. Манай улсын хувьд эрдэс түүхий эдийн экспортоороо урд хөршөөс бүрэн хараат. Энэ талын эрсдэл манайд шууд нөлөөлөх нь ээ?
-Хятадын тухайд эрдэс, түүхий эдийн маш том хэрэглэгч. Тэр утгаараа дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш огцом унаж байна. Ойролцоох орнуудын хөрөнгийн зах зээлийн индекс ташраараа уналттай байгаа. Зарим нэгнийх нь индекс дөнгөж өчигдөр (уржигдар)-өөс л тогтворжиж эхлэх гэж байх шиг.
-Та манай сонинд өгсөн өмнөх ярилцлагадаа Азийн биржүүдийн индекс уналттай байгаа тухай онцолж байсан. Тэр байдал хэвээрээ юу?
-Даваа гаригт Хятадын хоёр бирж 7, 8 хувийн уналттай эхэлсэн. Өнөө өглөө (өчигдөр) дөнгөж уналтаасаа сэргэж байна. Гэхдээ ингээд тогтворжчихлоо гэсэн үг биш. Байдал дахиад эвгүйдвэл унах эрсдэл нь өндөр. Тэгэхээр өсөх тухай ярих эрт байна л даа. Уналт нь саарах тухай л ярьж байна. Хонг Конг, Макао, Солонгос, Японы биржүүдийн хувьд байдал иймэрхүү байгаа.
-Европ, Америкийн биржүүдийн хувьд ямархуу байна?
–Олон улсын биржүүдээс өсөлттэй яваа нь АНУ-ын NASDAQ. Технологийн бирж шүү дээ. Тэрэн дундаа хэд хэдэн компанийн хувьцааны ханш өсөлттэй яваа. Эмийн компаниудын ханш өсөж байна. Анагаахын салбарын компани, технологийн компанийн хувьцааны ханш өндөр байгаа.
-Коронавирусээс үүдэж манай улсад нөлөөлөх сөрөг нөлөө гэвэл та юуг онцлох вэ?
-Гурван сөрөг үр дагавар ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт, хилээр гарах нүүрс, зэсийн баяжмалын экспортын тоо хэмжээ, үнэ ханшид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Сая хэлсэн сөрөг нөлөө нэгдүгээр улиралд ажиглагдана.
Өнгөрсөн оны жилийн эцсээр манай гадаад худалдааны экспорт 540 орчим сая ам.доллар байгаа. Импорт 400 орчим сая ам.доллар. нэг, хоёр, гуравдугаар сард жаахан сааралттай байдаг. Саарлаа гэхэд 2016 оны нэгдүгээр улиралд экспорт 329 сая ам.доллар байсан. Одоо өсөөд 360 сая орчим байгаа байх. Үүнээс багагүй байж манай гадаад худалдаа ашигтай байна.
Гэтэл өнөөгийн байдлаас харахад алдагдалтай гарахаар байгаа. Хөл хорио удаан үргэлжилбэл Хятадын бизнесийн үйл ажиллагааны эрч саарна. Энэ сааралтын үр дагавар манайд мэдрэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, манайхаас авах түүхий эдийн тоо хэмжээ буурна. Зэсийн баяжмал биш юм аа гэхэд төмрийн хүдэр, нүүрсний экспортод нөлөөлнө. Хятад дотоодын эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлээд эхэлчихлээ. Дотоодын уурхайнуудаа дэмжиж таарна.
Дотоодын уурхайнууд нь ажиллаад эхлэхээр манайхаас авах нүүрс, төмрийн хүдрийн хэмжээгээ бууруулах эрсдэлтэй. Манай дотоодын эдийн засгийн эрсдэл тодорхой. Уул уурхайн компаниудын орлого буурна. Төсөвт төлдөг татвар эрс багасна. Уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийдэг аж ахуйн нэгжүүдийн орлого татарна.
-Энэ эрсдэлүүдээс хохирол багатай гарахын тулд хийх ёстой ямар шийдэл байна?
-УИХ сонгуулиас өмнө тавдугаар сард төсөвтөө тодотгол хийх ёстой. Төсвийн орлогоо дор хаяж хоёр их наяд, зарлагаа мөн хоёр их наядаар танаж чадвал арай эрүүл төсөвтэйгөөр оноо үднэ. Энэ жил төсвийн зарлага талдаа маш олон барилга барихаар төлөвлөсөн.
Тэдгээр барилгын тендер зарлагдаад ажил нь эхэлнэ. Тендерт ялсан компани ажлаа хийхийн тулд банкнаас зээл авна. Барилгынхаа шавыг тавина.
Гэтэл оны сүүлээр төсвийн орлого дутаад өнөө барилгыг санхүүжүүлэхээ зогсооно. Тэгэхээр нэгдүгээрт, тэр ажил явахгүй гацна. Хоёрдугаарт, тэр барилгын төслийг тендер ялж хэрэгжүүлж эхэлсэн компани банкны зээлийн өрөө төлж чадахгүй.
Зээлийн хүүндээ шатаж эхэлнэ. Тэгээд банкны чанаргүй зээлийн хувь өснө. 2015, 2016 онд ийм л юм болсон. Ийм процесс давтагдана. Тийм учраас төсөвтөө яаралтай тодоттол хийж үр ашиггүй, шинээр эхлэх гэж байгаа барилгуудыг зогсоох хэрэгтэй.