Categories
мэдээ нийгэм

“Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ

“Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг хүлээн авч уулзах үеэр санал солилцлоо.

Тодруулбал, уулзалтаар Энэтхэг улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Малын эмнэлэг, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загасны аж ахуйн яам хоорондын ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар хөндсөн юм.

БНЭУ нь өнөөдөр сүү үйлдвэрлэгч хамгийн том улс болон хөгжиж жилд 175 сая тонн сүүг үйлдвэрлэснээр энэ салбарт дэлхийн зах зээлийн 21 хувийг эзэлж байна. “Үер операци” /Operation Flood/ дэлхийн сүүний хөгжлийн томоохон хөтөлбөрийг 1970 оноос эхлэн хэрэгжүүлж, орон нутгийн жижиг фермерээс хотын хэрэглэгч хүртэлх бүхий л шат дамжлагыг уялдаатай хөгжүүлж, ханган нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгосон юм. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллаж “Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг энэ оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд Энэтхэгийн Сүүний Хөгжлийн Зөвлөл /National Dairy Development Board – NDDB/, Мужхкува сүүний хоршооллын нийгэмлэг, АМУЛ хоршоолол зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, институцийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, маркетинг, менежмент мониторинг гэсэн 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

2 replies on ““Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *